Буцаан татагдсан “алдартай” таван хуулийн нэгийг ч болов батлуулна

147626579657fe0744b3495Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль батлагдаж чадалгүй “төрхөмдөө” буцсан байдалтай байгаа.

Ялангуяа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг батлаж, улмаар хэрэгжүүлэхийг ард түмэн УИХ-аас хүссэн ч тодорхой шалтгааны улмаас буцаасан байдалтай байгаа юм. Учир нь эдгээр хуулиудыг батлуулахад учир дутагдалтай, хуулийн зүйл заалт дутуу хэмээн тайлбарласан удаатай. Уг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дагалдах таван хуулийг батлуулж хэрэгжүүлсэн бол одоо цаг үед хэрэгтэй хууль байсан гэх хүмүүс ч олон бий.

Тэгвэл “алдартай” таван хуулийн УИХ-аас буцаан татсан талаар Ерөнхийлөгч өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Шүүхийн шинэтгэлийн агуулга болсон гол хуулиуд батлагдахгүй болохоор гэрээ барьчихаад бурхнаа бүтээчихсэн, шүншигээ хийж чадаагүйтэй адил болчихоод байгаа юм.

Шүүхийн шинэтгэлийн шүншиг нь тэрхүү таван хууль. Эрүүгийн хэрэг гэж юуг хэлэх юм, зөрчлийн хэрэг гэж аль нь байх юм, энэ асуудлыг яаж шийдэх юм гэх мэтчилэн бүх үйл явцыг тодорхой хуульчилж өгч байгаа. Бүх хэрэг гэж үздэг байсныг 340 төрлийн зөрчлийг зааж өгсөн. Хүнийг заавал гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг байдлыг засах гэж Зөрчлийн тухай хуулийг гаргасан. Яг Эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх 240 зүйл ангийг Эрүүгийн хуульд тусгасан. Ингэж ялгаад өгчихөөр ямар буруу зүйл хийвэл зөрчил эсвэл гэмт хэрэг болох вэ гэдэг ойлголтыг иргэд авна. Үндэслэлгүй хорилоо, цагдлаа гэдэг асуудал хуулийн байгууллагад байнга яригддаг. Иргэдийг хорьж, цагдахийг би хувьдаа эсэргүүцдэг. Хуулийн байгууллагынханд зовлон бий. Гэхдээ ямар тохиолдолд хорьж цагдах вэ гэх зэрэг асуудлыг Процессын хуульдаа тусгасан байсан. Нэг иргэний эрх зөрчигдлөө гэхэд таван хуулиа баталж өгөөч гэж шаардаж баймаар байна. УИХ-ын дарга таван хуулийн нэрийг жагсаагаад энэ намрын чуулганаар нэгийг ч болов батална гэсэн зорилт тавьсан байна лээ. Би хувьдаа түүнийг дэмжиж байгаа. Энэ хуулиудаа баталчихвал шүүхийн шинэтгэл агуулгын хувьд 70 хувь руугаа явна. Агуулга нь шинэчлэгдэж чадаагүй байгаа шүү. Олон нийт тэр таван хуулийг батлуулахын тулд хамтарч чадвал нийтийн амжилт болно гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих