76 менежер сонгуульд ажиллахаар мордлоо

3983

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг түр завсарлуулсан. Захирамжаар чуулганы хуралдаан сонгууль өнгөртөл хуралдахгүй. Учир нь сонгууль дөхсөнтэй холбогдуулж гишүүд менежерийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Чуулганыг завсарлуулж өгөхийг УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд даргаасаа хүссэн байна. Угаас зарим гишүүд орон нутгийн сонгуульд орчихоод ирц бүрдэхгүй байсан тул УИХ-ын дарга тэдний хүсэлтийг хүлээн авч өчигдөр мутраа хайрласнаар Засгийн газрын ордонд олны хөл хөдөлгөөн татрав.

Аяаганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг нь монгол хүний зан болсон хойно энэ асуудалд хэнийг ч буруутгах аргагүй юм. Хүн чанарын хувьд ч заавал үзүүлэх хариу үйлдэл байх. Төрийн эрхийг атгалцахад нь тус дэм болсон багаа дэмжих нь тэдний жилдээ барих хариу. Энэ жилийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн дийлэнх нь залуучууд байгаа. Өөрсдийг нь сонгуульд өрсөлдөж байхад нь өргөж гаргасан дүү нараа орон нутгийн сонгуульд татаж авах нь тэдний бас нэгэн үүрэг гэж хэлж болмоор.

Ямартай ч хурлаа тасалсан гишүүд хэдийнэ орон нутаг, тойргууддаа менежерээ хийгээд эхэлчихсэн бол бусад нь өөрийн төлөөллийн хүмүүсээ урьдчилан томилж амжсан байна. Харин төрийн өндөрлөгүүдээс Ерөнхий сайд анхны айлчлалаа Японоос эхлүүлж байгаа бол УИХ-ын дарга өчигдөр мөн орон нутгийг зориод амжжээ. Тэрээр чуулганыг завсарлуулангуутаа Төв аймгийн иргэдтэй уулзалт хийсэн. УИХ-ын намын бүлгүүд чуулган завсарлах хугацаанд ирэх оны төсвийн төслийн талаар иргэдэд танилцуулж, санал хүсэлтийг нь сонсоно гэж байгаа. Харин энэ тайлбарын ард сонгуульт ажил явагдах нь хэнд ч тодорхой. Нэгэнт цаг зав гарсан болохоортэд ажил давхцах асуудалгүй болж, тойргуудад өөрийн хүнээ гаргах үйл хэрэгт өөрсдийн биеэр оролцох боломжтой боллоо.

Гэхдээ энд нэг асуудал хөндөгдөх магадлалтай. Юу гэвэл, тухайн нэр дэвшигч хэний цүнх баригч вэ гэдгээс шалтгаалан сонгуульд шударга бус байдал бий болохыг үгүйсгэхгүй. Үүнээс болж залуучууд нь тэрний энэний хүн гэж ялгагдан, шударга өрсөлдөх боломж нь алдагдах вий. Иргэд сонгогчдод ч сонголтоо шударгаар хийх боломжийг олгож, түшээд хөндлөнгийн аливаа нөлөөлөл бүү гаргаасай гэж л хүсэх байна.

Ийнхүү УИХ-ын намрын ээлжит чуулганыг энэ сарын 11-18-ны өдрүүдэд түр завсарлуулснаар эрхэм түшээд сонгуулийн менежерийн албандаа эргэлзэх зүйлгүйгээр шилжин орлоо.

Д.Билгүүн

Эх сурвалж: http://www.bataar.mn/10049741


URL:

Сэтгэгдэл бичих