Саудын Арабын онгоцны нисгэгч өөрөө дур мэдэн цохилт хийсэн байж магадгүй

1201610121476245749Саудын Арабын толгойлдог цэргийн эвслийн онгоц өнгөрсөн бямба гарагт Йемений нийслэл Сана хотод агаарын цохилт өгсөн билээ. Энэ ажиллагаагаар 150 хүн амиа алдсан юм. Саудын Араб улс Йеменд цэргийн ажиллагаа явуулсан талаараа албан ёсоор мэдэгдээгүй ч тус улсын тэргүүлдэг эвсэл Санад агаарын цохилт өгсөн гэдгийг хүлээжээ. Саудын Арабын тэргүүлдэг Персийн булангийн 10 орны цэргийн эвсэл Йеменд оршуулгын ёслол болж байсан барилга руу цохилт өгсөн байна.

 

Тус улс Йеменд болсон явдлыг мөрдөх ажилд оролцох Их Британийн саналыг хүлээж авчээ. Мөрдлөгөөр агаарын цохилт өгөх шийдвэрийг онгоцны нисгэгч өөрөө дур мэдэн гаргасан эсэхийг шалгах юм. Нисгэгч эсвэл дээд тушаалтнаасаа тушаал авсан байж болох аж.

Йемений нийслэлд өгсөн агаарын цохилтоор 150 биш 700 гаруй хүн амиа алдсан гэсэн мэдээлэл мөн байгаа билээ. Амь үрэгдсэн хүмүүс дотор Сана хотын дарга байжээ. Сана хот шиитийн “Ансар Аллах” хөдөлгөөний хяналтад орсон билээ. Тэдэнд мөн Ерөнхийлөгч асан Али Абдалла Салехад үнэнч цэргийнхэн тусалж байгаа юм. Йемений одоогийн Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадийн талынхан болон Саудын Арабын толгойлсон цэргийн эвсэл босогчидтой тулалдаж байгаа билээ. Персийн булангийн орнуудын цэргийн эвсэл 2015 оны гуравдугаар сараас эхлэн Йемений босогчидтой тэмцэж байна. Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади засгийн эрхийг гартаа авах гэсэн босогчдод шахагдан хөрш орон Саудын Арабаас тусламж хүссэнээр цэргийн эвсэл Сана хотод цохилт өгч эхэлсэн. Гэвч уг цэргийн ажиллагаа олон энгийн иргэний аминд хүрээд байна.

О.САША


URL:

Сэтгэгдэл бичих