Хувьцаа эзэмшигчид Оюу-Толгойн төсөл ашиггүй хэмээн шүүмжлэх болжээ

b6ab416360cc5f529109ed94c382607a“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал ноён Жак Себастиан Жак хэдхэн хоногийн өмнө Оюу Толгой төслийн тухай хэвлэлд ярилцлага өгч, дэлхийн хамгийн том уул уурхайн төсөл төдийгүй тэр хэрээр талууд ноогдол ашиг авах хугацаа сунжирч магадгүй тухай ам нээсэн.

Одоогийн байдлаар Оюу Толгойн хувьцаа эзэмшигчид нийт 15.8 тэрбум ам.долларыг ил болон далд уурхайн санхүүжилтэд оруулаад байгаа юм. Тиймдээ ч дийлэнх том хувьцаа эзэмшигчид “Оюу Толгойн төсөл ирээдүйд санхүүгийн гамшиг дагуулах вий” гэсэн айдастай байгаагаа илэрхийлжээ. Мөн Оюу толгойн ордыг урт хугацааны, эрсдэлтэй олон ажлууд хийх шаардлагатай хэрнээ баталгаа тааруу, эрсдэлтэй хэмээн шүүмжилцгээсэн байна.

Хөрөнгө оруулагчид Оюу Толгойн төслийн зөв менежмент, санхүүгийн ил тод байдал болон техник, байгууламжийн эрсдэлгүй хуваарьт ажлууд саадгүй явах тал дээр “Рио Тинто”, “Туркойз Хиллс Ресурс” болон Монголын Засгийн газраас баталгаа хүсээд байгаа аж.

“Жив жув” гэх болсон хувьцаа эзэмшигчдийн сэтгэл санааг намжаах үүднээс “Рио Тинто”-гийн удирдлагууд ойр, ойрхон ярилцлага өгөх болсон гэв. Мөн Оюу Толгой төслийн далд уурхайн санхүүжилтийн ажлын дэлгэрэнгүй зураглалыг хувьцаа эзэмшигчдэд илгээсэн байна. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчдад зориулсан бага хэмжээний аялал зохион байгуулж, Оюу Толгойн ордтой танилцуулжээ.

Гоо сайхны бараа үйлдвэрлэгч “L’Oreal” компанийн гүйцэтгэх захирал байсан Жак Себастиан Жакийн хувьд яг одоо Оюу Толгойн төсөл дээр тулгараад байгаа асуудлууд түүний хувьд томоохон сорилт байх болно гэж уул уурхайн шинжээчид дүгнэжээ.

“Рио Тинто” компани одоогийн байдлаар 6.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг Оюу Толгойн ил уурхайн эхний олборлолтын зардалд оруулаад байгаа. Үүнээс гадна газар доорх далд уурхайн олборлолтод 5.3 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээ мэдэгдсэн юм. Энэ мэт урт хугацааны, улстөрийн тогтворгүй хийгээд харилцан ашиг хүртэх магадлал нэлээд хэцүү Оюу Толгойн төсөлд хөрөнгө оруулагчид янз бүрийн байдлаар шүүмжилж, асуудалд илүү нухацтай хандаж эхэлжээ.

Үүний нэг жишээ бол “Рио Тинто” өнгөрсөн онд 726 сая ам.долларын алдагдал хүлээсэн нь хувьцаа эзэмшигчдэд нэлээд хүнд цохилт болсон юм.

Т.Бат

time.mn


URL:

Сэтгэгдэл бичих