Улстөрчийн хүүхдэд ч сонголтоороо амьдрах эрх бий
Удамт хүний үр, угшилт гүүний унага гэж Монгол ардын цэцэн үг бий. Удам яривал улсыг донсолгомоор ч гэж цэцэлнэ.
Ерөөс удам угсаагаа дээдлэх ёс, соёл уламжлагдсаар ирснийг түүхийн эх сурвалжууд, өргөн талаар таран нутагласан өнөөгийн бидний жаяг бэлхнээ харуулдаг билээ.
Үүнтэй холбоотой биз, бид чинь удам дамжсан мэдлэг, чадвар, авьяасыг тун чиг бахархан хүлээж авдаг улс. Даян аварга, “буур” хэмээх Н.Жамъян аварга, түүний зээ хүү, дархан аварга Г.Өсөхбаяр, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбат, түүний хүү Хөдөлмөрийн баатар, сүмогийн 69 дэх их аварга М.Даваажаргал, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, түүний хүү Улсын гарьд Б.Гантогтох, Дархан аварга Д.Дамдин, түүний хүү Улсын гарьд Д.Баяраа, Улсын харцага Ч.Даваадорж, түүний хүү жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг гээд л удам дамжсан, олны хайр талархлыг хүлээсэн бөхчүүдийн цуваа хөвөрнө.
Алдарт уяач М.Данзанням, түүний хүү, Гавьяат малчин, Тод манлай уяач Д.Даваахүү, ММСУХ-ны анхны ерөнхийлөгч Г.Пунцагбалжир, түүний хүү уяач П.Энхмөнх, Манлай уяач Д.Гарамжав, түүний хүү Тод манлай уяач Г.Сандуйжав, Алдарт уяач Г.Ганхүү, Тод манлай уяач Д.Онон, түүний хүү Манлай уяач О.Батбилэг, О.Батболд гээд удам дамжсан уяачдын цуваа тасрахгүй.
Монгол үндэснийхээ бүжгийг дэлхийн тавцанд гаргасан Төрийн шагналт, Ардын жүжигчин, XX зууны манлай бүжигчин Ц.Сэвжид, түүний хүү С.Сүхбаатар, түүний хүү “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, С.Амарбаясгалант, Алдарт жүжигчин Цагааны Цэгмид, түүний хүү Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг нар байна. Өдгөө Ц.Төмөрбаатарын хүү мөн л жүжигчний замналд эргэлт буцалтгүй ороод байгаа. Монголын циркийн алтан үеийн нэг төлөөлөгч Латиф агсны хүү Байзада, Нурбулан хоёр аавынхаа үргэлжлэл болж яваа авъяаслаг залуус. Түүнчлэн Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол, охин Цоодолын Хулан нар Монголын яруу найргийн оргилд хамтдаа амьдарч буй. За тэгээд, зүрхний н.Бундан эмч Монголд анх зүрхний мэс заслыг хийсэн хүн. Хүү нь мөн л зүрхний Б.Болдсайхан эмч байна. Мөн нийтлэлч Б.Болдсайхан ч гэнэ.
Тэд бүгд бахархал. Хүүхдүүд нь ааваараа ээжээрээ, аав ээж нь хүүхдүүдээрээ бахархдаг. Харин ард түмэн тэднээр бахархана. Хийснээрээ, сурснаараа, мэдснээрээ, авьяасаараа олны хайрыг татсан хүмүүс, түүнийгээ удам дамжуулан авч явааг нь хэн боловч бахархан магтаж таарна.
Саяхан даа, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг томиллоо гэсэн мэдээлэл хэвлэлд гарав. Мэдээнд “…Ж.Эрдэнэболд нь Улсын ерөнхий прокурор, Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Жамьянсэнгээ агсны хүүхэд” гээд удам дамжсан цагдаа хэмээн бахархлын өнгөөр дурдсан байх жишээтэй.
2012 онд уул уурхайн салбарын 90 жилийнхээ ойгоор “Удам дамжсан уурхайчин” уулзалт болж байв. Тэр хуралд ахмад уурхайчин П.Балчин гуай, түүний хүү Б.Энхбаяр, ач хүү Э.Улаанхүү нарын гурван үе залгамжилсан уурхайчин ирсэн байлаа. Тэр үед П.Балчин гуай “…Анх би 1962 онд Цагаан Овоогийн уурхайд цахилгаанчин, жолоочоор ажиллаж байсан. Тэр үед манай таван толгойн уурхай Цагаан овоогийн харъяа байсан юм. Тэгээд 1966 онд Тавантолгойн уурхай бие даасан уурхай болсон. Хожим нь би тэнд очиж ажиллах завшаан олдсон. Одоо миний хоёр хүүхэд, хоёр ач минь Тавантолгойд ажиллаж байгаа” гэсэн бол хүү Б.Энхбаяр нь “…Энэ уулзалтад би аавтайгаа, хүүтэйгээ үе дамжсан гурван уурхайчин болж ирсэндээ сэтгэл их өндөр байна. Би 1979 оны долдугаар сарын 20-нд анх ажил, амьдралын гарааг эхлүүлсэн. Одоо 33 дахь жилдээ уурхайд ажиллаж байна. Аавынхаа мэргэжлийг эзэмшээд явж байгаадаа бахархдаг. Бас том хүү маань уурхайчин болох зорилго тавьж 2008 оноос Тавантолгойн уурхайд уулын мастераар ажиллаж байна” гэсэн. Харин ач хүү Э.Улаанхүү нь “…Хүүхэд байхаасаа л аав, ээжтэйгээ хамт уурхайчны голомтод уурхайн хоол идэж өсч, торнисон болохоор уурхайчин мэргэжил их дотно байдаг юм.
Гэр бүлийнхээ гурав дахь үеийн уурхайчин болж байгаа болохоор өвөө, аав хоёр маань байнга зааж сургадаг. Тэдний заавар зөвлөгөөг дагаж л ажиллаж байна даа” гэж ярьсан байдаг.
Ардын жүжигчин Л.Жамсранжав агсны охин Гавьяат жүжигчин Ж.Оюундарь хоёр жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “…Би удам дамжсан урлагийн хүн. Миний аав ээж хоёр хоёулаа урлагийн хүмүүс. Би байнга жүжиг үзэж, миний эргэн тойронд дандаа л урлагийн хүмүүс байсан. Урлагийн гэр бүлд өссөн минь энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн. Хүүхэд байхдаа театрт тавигдсан жүжгүүдийг их үздэг байлаа. Урлагийн ажил хэцүү гэдгийг аав минь өөрийн биеэр туулсан болохоор тийм ч таатай хүлээж аваагүй л дээ. Намайг эмч болгох сонирхолтой байсан. Анагаахын сургуульд өрсөлдөж, хуваарь авчихаад суралцалгүй орхиж байлаа. Би хүсэл мөрөөдлийнхөө төлөө их тэмцсэн. Аав маань надад “Эмэгтэй хүнд жүжигчний мэргэжил амаргүй. Авьяас, ур дүй, тэсвэр, тэвчээр их шаардана. Ямарваа жүжигт тоглолоо гэхэд ихэнх нь эрэгтэй хүний дүр байдаг юм шүү дээ” гэж хэлж байсан. Дараа нь аав ээжид “Би охиноо жүжигчин болно гээд зүтгэхэд баярласан шүү” гэж ярьсан байсан. Магадгүй аав минь намайг өөрийнхөө зорьсон зорилгод хэр үнэнч вэ гэдгийг хатуу үгээрээ шалгасан ч байж болох юм. Аавынхаа мэргэжлийг өвлөж, өөдрөг яваадаа баярладаг. Би чинь нэртэй хүний зүстэй охин шүү дээ. Муу явах эрх байхгүй. Нэр хүндийг нь өндөрт өргөж явах үүрэг, хариуцлага надад оногдсон” гэж ярьсан нь байна.
Сэтгүүлч Дуламын Цэрэннадмид гуай энэ намар Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг Тээлийн хөндийн хойтод орших “Хишлэг” ХХК-ийн Хар чулуут дахь үр тарианы талбайд сурвалжлах ажлаар очжээ. Тэрээр тэндээс хийсэн тэмдэглэлдээ “…Эдний аж ахуй удам дамжсан тариаланч олон гэх. Түүний нэг нь комбанич Б.Батмөнх. “Нива” комбайныхаа бүхээгээс түүнийг буугаад ирэх агшин буюу хүдэр бадриун гарыг атгахад намрын ая дуу санагдах шиг болов.
-Би удам дамжсан комбайнч шүү дээ. Миний аав О.Батсуурь гэж улсын таван удаагийн аварга тариаланч хүн байлаа гэсэн үг сэтгэл сүлж байсан юм. Басхүү нэгэн дурсамж бодогдох нь тээр жил Угтаалын сангийн аж ахуйн тариа бригадын дарга Амаажавын Таяатай уулзаж атрын тухай, аймаг нутгийнхаа тухай хөөрөлдөж, түүнтэй мөр зэрэгцэн яваа алдартай тариаланчдыг сурвалжилж явснаа би санав. Тийм ээ! өнөөгөөс улбаалаад урьдын түүх санагддагийм” хэмээн бичсэн байна. Бас л бахархлын өнгө аяс…
Ийн удам дамжсан үйл ямар нэг байдлаар нийгмийн, нийтийн талархал дунд явдаг монгол жишиг өнөө хэр нь үргэлжилсээр. Харин энэ дундаас нэг л залгамжлалыг олон түмэн эсрэгээр нь хүлээж авах ажээ.
Ийм явдал сүүлийн өдрүүдэд улам бүр ихэсч байна.
2016 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН олонх болсон. Олонх болоод мэдээж хэрэг төрийн албанд халаа сэлгээ хийж таарна. АН ч 2012 онд засаг аваад халаа сэлгээ хийж л байсан. Одоо болж байгаа олон томилгооны нэгэнд УИХ-ын дарга М.Энхболдын хүү Анар, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Анхбаяр, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Баттүшиг нар багтжээ. Энхболдын Анар Монголбанкны төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирал болсон бол Нямдоржийн Анхбаяр ГХЯ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилогджээ. Бас Батболдын Баттүшиг Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн болсон байна.
Ингэж байтал Сум, дүүргийн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо. Түүн дотор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн том хүү Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболдын охин Хулан нар нэр дэвшээд гараад ирэв. Элбэгдоржийн Эрдэнэ Баянзүрх дүүрэгт, Энхболдын Хулан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байгаа ажээ.
Өнөөдөр сонгуулийн сурталчилгаа ид явж байна. АН-ын сурталчилгааны гол сэдвүүдийнх нь нэг дээр нэр дурдсан улстөрчдийн хүүхдүүдийн томилгооны тухай байна. Дээрээс нь хоёр нам дүүргийн ИТХ-д нэр дэвшиж буй Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрын хүүхдүүдийг “овоо, хараа”-ндаа авчихаж. Ялангуяа УИХ-ын даргын охин Э.Хуланг сошиал ертөнцөд янз бүрээр доромжлох явдал арай хэтэрхий л байна. Энэ бүхнээс нэг л зүйл харагдаж байна. Ц.Элбэгдорж, М.Энхболд, Ц.Нямдорж, Сү.Батболд нарын хүүхдүүдэд ирж буй олон нийтийн хандлага ямар “хүйтэн” байна вэ? Хүмүүс тэднийг зүхэж, загнаж, хамгийн өөдгүй үгээрээ л хэлэх ажээ. Гэхдээ яг “,,,Э.Эрдэнэ, Э.Хулан, Н.Анхбаяр, Б.Баттүшиг ээ чи муу…” гэж өөрт нь биш, аавд нь зориулсан, дамжуулсан үг, үзэл бодлууд л дүүрэн байна.
Уг нь бол энэ залуус та бидний л адил Монгол Улсын иргэн. Тийм учраас бусадтай л адил ажил алба хаших, сонгож сонгогдох эрхтэй. Ардчиллын алтан зарчим нь тэгш эрх гэдэг. Хэн гуай ч бусдын эрхээр хязгаарлуулсан өөрийн эрх чөлөөг эдлэн амьдарна гэсэн үг юм. Монголд 20 гаруй жил “хөгжиж” буй ардчилсан нийгмийн үнэ цэнэ чухам үүнд л бий. Дээрээс нь бид Үндсэн хуулийнхаа Хоёрдугаар бүлгийн 14.2-т “…Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гээд заачихсан.
УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Баттүшигийг харъя. Америкт 11 настайгаасаа амьдарсан. Харвардын Их сургуульд бизнесийн чиглэлээр мастер хамгаалж чадсан анхны монгол хүн гэж байгаа. Тавантолгойн хэлэлцээрийн үеэр түүнийг “Голдман сакс” банкинд ажиллан хэлэлцээний багт орох гэж буй талаар шуугиан гарч байв. Б.Баттүшиг тэр үед тус банкинд дадлагажигч хийж байсан гэдэг. Тэрээр энэ оны эхээр МАН-ын дэргэдэх НАМОХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Эх орондоо ирснээс хойш “Алтай холдинг” компанийнхаа ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа. Тэр бас Emart-ынхаа албан ёсны нээлтийг хийчихсэн. Түүний үүсгэн байгуулсан “Монголд Та хэрэгтэй” төрийн бус байгууллага АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны санаачилсан “Clinton Global Initiative” байгууллагад Монгол Улсаас анх удаа гишүүнээр элссэн. Тус байгууллагын үйл ажиллагаанд Барак Обама, Бан Ги Мүн зэрэг дэлхийн лидерүүд оролцдог. Ингэсээр Б.Баттүшиг төрийн бус байгууллагаараа дамжуулан дэлхийн гишүүн компаниудаас дэмжлэг авч Монголд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн хамтран ажиллах боломжтой болсон. Энэ мэтчилэн Б.Баттүшигийн намтар сайн сайхан зүйлээр дүүрэн. Бусад залуус ч ялгаагүй. Тэднийг аавууд нь хамгийн сайн боловсрол эзэмшүүлсэн байдаг юм билээ. Гэлээ гээд дэлхийгээр нэг баар сав хэсч хэрүүл зодоон тарилгүй, үнэтэй машин унаж ийш тийш давхиж хэрэг төвөг тарьсангүй. Эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо ажиллая л гэжээ. Саяхан нэгэн сэтгүүлч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос сонгуульд нэр дэвшиж буй хүүгийнх нь талаар асуухад “…Миний хүү Эрдэнэ энэ сонгуульд Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байгаа. Энэ бол цэвэр өөрийнх нь сонголт. Олон түмний төлөө явъя гэсэн ийм сонголт байгаа бол, зорилго нь зөв байгаа бол бид залуусыг дэмжих хэрэгтэй” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, дээрх залуус өөрсдөө л энэ сонголтыг хийж. Бусадтай л адил. Гэвч ажилд томилогдож, эсвэл сонгуульд нэр дэвшихээр нэр нь тодронгуут үгийн муугаар булуулж суух тэдэнд ямар санагдаж байгаа бол. Дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын том хүү Батшугар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдож байлаа. Бас л улс төрийн гэмээр иймэрхүү дайралтыг мөн ч их амссан даа. Тэр залуу АНУ-д суралцан бүрэн дунд боловсрол эзэмшиж, улмаар АНУ-ын Вентлигийн их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр дүүргэсэн. “Же Пи Морган” банкинд санхүүгийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Бас л боловсрол, мэдлэг сайтай боловсон хүчин.
Яг үнэндээ энэ зэргийн боловсролтой залуус Монголд хэр олон билээ. Бас эзэмшээд ирснээс хэд нь ийн зориглож байгаа билээ. Үүнийг бид бодох хэрэгтэй. Улстөрчийн хүүхэд улстөрч болж яагаад болохгүй гэж. Тэд бас л жүжигчний хүүхэд тайзны ард өсдөг шиг улс төрийн эрээн бараан, энхэл донхолтой амьдралын зах зухыг гадарласаар өссөн байж таарна. Дээрээс нь сайн боловсрол тэдэнд байна. Түүнийг нь ашиглая л даа. Монгол Улсынхаа төлөө.
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ гэж эмэгтэй байх. Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж 2012 онд сонгогдсон. Дэлхийн төмөр хатагтай нарын нэг болтлоо явж буй Пак Гын Хэ Ерөнхийлөгч бол 1963-1979 онд БНСУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Пак Жөн Хи-гийн охин юм. Пак Жөн Хи 1961 онд цэргийн эргэлт хийж төрийн эрхийг авч 1963 онд болсон Ерөнхийлөгчийн албан ёсны сонгуульд ялалт байгуулж 1979 онд амиа алдах хүртлээ төрийн тэргүүнээр ажиллажээ. Тэрээр БНСУ-ыг удирдаж байх хугацаандаа Хойд Солонгосын нууц ажилтнуудын зүгээс амь насыг нь хөнөөх гэсэн хоёр ч халдлагаас эсэн мэнд гарч байжээ. Гэвч 1979 оны аравдугаар сарын 26-нд өөрийн Аюулгүй албаны даргын гарт “Америкчуудтай хэтэрхий дотно харилцаа үүсгэж, тэднийг дагаж байна” гэсэн үндэслэлээр амиа алдсан юм.
Тэр үед өнөөгийн Ерөнхийлөгч Пак Гын Хэ хүүхэд байжээ. Өөрөөр хэлбэл тэрээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн охиноос улсынхаа Төрийн тэргүүний суудалд суух хүртэл эцэс төгсгөлгүй зөрчилдөөнөөр дүүрэн амьдралыг туулсан юм. Хөх ордонд амьдарсан 16 жилийнхээ хугацаанд аав, ээж хоёроо цаг бусаар алдсан Пак Гын Хе тухайн үед хамтдаа амьдарч байсан эрэгтэй дүүгийнхээ хамт Хөх ордныг орхин гарч байсан бол 34 жилийн дараа энэхүү ордонд эргэн ирсэн юм. Өдгөө Пак Гын Хэ Ерөнхийлөгч Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч нарын түүхэнд олон талаар түүчээ болсон төдийгүй дэлхийн эмэгтэй улстөрч, тэргүүн хатагтай нарын дунд шинэ хэм хэмжээг тогтоож, үлгэр дуурайлал болоод байна. Тиймдээ ч сүүлийн есөн жилийн турш гадаадын Төрийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзаагүй Английн хатан хаан II Элизабет 2013 оны арваннэгдүгээр сард Пак Гын Хег ордондоо хүлээн авч оройн зоог хамт барьсан байдаг.
Ийн Ерөнхийлөгчийн охин Ерөнхийлөгч БНСУ-ыг тав дахь жилдээ удирдаж байна. Энэ жишээг авахдаа Ерөнхийлөгчийн хүүхэд Ерөнхийлөгч, УИХ-ын даргын охин УИХ-ын дарга болох ёстой гэж хэлэх гэсэнгүй. Зүгээр л хийх гэсэн ажлаа хийг. Сонгуульд өрсөлдөг. Учир нь тэд зөвхөн Эрдэнэ, Батшугар, Анар, Хулан, Баттүшиг, Анхбаяр гэдэг бие хүмүүс шүү дээ. Тэд залуу хүмүүс, тэдэнд ирээдүй, сайн сайхан хүсэл мөрөөдөл бий. Харин зай завсаргүй гоочлох шалтгаан болоод байгаа аавуудын нь амьдрал өөр өө. Тэд бас л Монголын улс төрд өөрийн гэсэн орон зай, цаг хугацааг эзлэн, хийж бүтээж, зөвдөж буруудаж яваа эрчүүд, Монгол Төрийн алба хаагчид юм. Харин тэдний хүү, охин болж төрснөөрөө сонголт хийх эрхээ хязгаарлуулах албагүй. Улстөрчийн хүүхэд улстөр сонирхож болохгүй гэсэн хууль алга. Улс төрийн ажил сонирхож, сонгогдвол төрд хүчээ өгье гэсэн зүтгэл нь яагаад буруу гэж.
Та бидний хэн ч бусдын эрхээр хязгаарлуулсан өөрийн эрх чөлөөг эдлэн, хүссэнээрээ сонголт хийж, чөлөөтэй амьдрах эрхтэй билээ. Тэд ч бас…
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.ДАМДИН-ОЧИР
URL: