ҮНЭРТЭЙ УС БЭЛЭГЛЭХ ГЭЖ ОРОЛДООД ХОРИХ ЯЛ АВЧЭЭ
Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахины авлигын талаарх мэдээллийн ертөнцөд банкны ажилтанд үнэртэй ус өгөхийг оролдсон хятад бизнесмений тухай мэдээлэл нэлээд сонирхолтой нь байв. “Өмнөд Хятадын өглөөний сонин”-д мэдээлснээр данс нээлгэхээр өргөдөл материалаа бүрдүүлж байхдаа Гонконг дахь банкны ажилтанд “Шанел №5” үнэртэй ус өгөхийг оролдсон Хятадын бизнесменд зургаан сарын хорих ял оноожээ. Гонконг бол авлигад өршөөлгүй ханддаг газар. Хэрвээ Хятадад ийм явдал болсон бол энэ нь бараг хэвийн үзэгдэл юм. Төрийн албан тушаалтнаар өөртөө ашигтай шийдвэр гаргуулах, хүндрэлтэй асуудлаа хялбархан шийдвэрлүүлэхийн тулд гар хүндрүүлэх нь эх газрын Хятадад байж болох ч Хонконгийн хувьд байж боломгүй үйлдэл ажээ. Үнэ цэнтэй бэлэг сэлт, чамин тансаг хүлээн авалт, дайллага цайллага нь Хятадын бизнес эрхлэгчид болон төрийн албан тушаалтнуудын хоорондын харилцааны нэг хэсэг бөгөөд үүгээрээ харилцааны түвшингээ тодорхойлдог гэнэ. Тиймээс Хятадад төрийн албан хаагчид үнэртэй ус бэлэглэх зэрэг нь тийм ч гайхаад байхаар зүйл биш бололтой.
Эх газраас ирсэн 44 настай бизнесмен Чен Зенши “HSBC” банкны салбарт данс нээлгэхээр өргөдөл гаргасан бөгөөд банкны зүгээс нэмэлт бичиг баримт шаардсаны дараа тэрээр банкны туслах менежерт 1350 долларын үнэтэй үнэртэй ус өгөхийг оролджээ. Банкны ажилтан Танг бичиг баримтыг хуулбарлахаар явсан хойно Чен боодолтой Шанелийн үнэртэй ус ширээн дээр нь тавьсан байв. “Энэ бэлэг бол ердөө л сайн санааны илэрхийлэл бөгөөд данс нээлгэх тухай түүний хүсэлтийг банк хүлээн авна гэдэгт найдаж байна” гэж бизнесмен эр хэлсэн байна. Банкны ажилтан бэлэг хүлээн авахгүй гэдгээ хэлээд данс нээлгэхээр гаргасан хүсэлт бүрийг тогтоосон журмын дагуу шийдвэрлэх ёстой байдаг гэжээ. Дараа нь банкны ажилтан удирдлагууддаа өөрт нь бэлэг өгөхөөр оролдсон тухай мэдээлснээр хэрэг үүсгэсэн аж. Хатуу чанга хуультай Хонконгийн банкны ажилтан яалаа гэж бэлэг нэртэй хахуулийг авах билээ. Ингээд бизнесмен эр шүүхээс ял авах нь тэр. Түүнийг Хонконгийн Авлигаас урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн хэрэгт буруутгасан байна.
Хонконгийн Авлигаас урьдчилан сэргийлэх хууль нь нийтийн алба болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг хамардаг. Нэлээд хатуу чанга заалттай. Бизнесмен Ченийг буруутгах үндэслэл болсон 9 дүгээр зүйл нь гэхэд л 7 жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм байна. Хэргийг Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан комисс мөрдөн шалгаж, Коулон дүүргийн анхан шатны шүүх хэлэлцжээ. Шүүх хурлын үеэр Чен өөрийнхөө үйлдлийг ийнхүү бэлэг өгөх нь эх газрын Хятадад хэвийн үзэгдэл болсон найрсаг зангийн илэрхийлэл гэж тайлбарласан байна. Соёлын ялгаа болон Хонконгийн хуулийн талаар мэдлэггүй байдлаасаа болж ийм тэнэг алдаа гаргасныг харгалзан үзэхийг өмгөөлөгч нь шүүхээс хүссэн ч шүүгч “Шударга, ёс зүйтэй байдал бол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэ цэнэт зүйл юм. Эх газарт хэвийн болсон хэм хэмжээг бусад газарт хүлээн зөвшөөрөх албагүй. Соёлын ялгаагаар далимдуулан манай тогтолцоог бохирдуулахыг уучлах аргагүй” гэж хатуухан мэдэгджээ.
Энэ мэдээллээс бидэнд сургамж болохоор хэд хэдэн зүйл харагдаж байна. Нэн түрүүнд Гонконг дахь авлигатай тэмцэх хүчин чармайлт ямар түвшинд байгааг илтгэн харуулж байна. Гонконгийн банкны жирийн нэгэн албан хаагч ямар хэмжээний ёс зүйтэй болохыг ч бид харж болохоор байна. Өөрт нь санал болгосон бэлэг, үйлчилгээнээс шууд татгалзаж, улмаар энэ үйлдлийн талаар мэдээлнэ гэдэг бол аль ч шатны төрийн албан хаагчийн хувьд хэвшил болох ёстой юм. Банкны ажилтнаас төрийн албан хаагчид маань суралцах шаардлагатай. Түүнчлэн манай бизнес эрхлэгчид төрийн байгууллагын үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор элдэв бэлэг, шан харамж өгөхийг найрсаг зангийн илэрхийлэл хэмээн үзэх нь хэчнээн өрөөсгөл болохыг мэдүүштэй. Гонконгийн авлигатай тэмцэх хууль тогтоомж нь хатуу чанга болохын зэрэгцээ хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ягштал хэрэгжүүлэх нь ихээхэн үнэ цэнэтэй ажээ. “Нэгэнт хууль үйлчилж байгаа учир Хонконгийн нутаг дэвсгэрт ийм гэмт хэргийг хүлцэн тэвчихгүй. Манай хуулийг мэддэггүй байх, соёлын ялгааг ойлгоогүй нь шийтгэлээс мултрах үндэслэл болохгүй. Бид тогтолцоогоо бохирдуулахыг уучлахгүй” гэх шүүгчийн хатуу үг үүний тод жишээ болж байна. Тиймээс аль нэг гадаад улсад зорчихдоо, бизнесийн яриа хэлцэлд болон алив төрлийн харилцаанд оролцохдоо тухайн улс орны хууль тогтоомжийг нарийн судалж байхгүй бол бизнесмен Чен шиг асуудалд орохыг үгүйсгэх аргагүй ажээ.
Т.ТУНАМАЛ
URL: