Оюутнууд гурван төрлийн зээлд хамрагдах боломжтой
Оюутны сургалтын төлбөрийн зээл олгох журмыг энэ сарын 5-нд Засгийн газрын хуралдаанаар баталсан билээ. Тиймээс энэ удаа бид зээлийг ямар хэлбэрээр олгох, мөн зээл авах оюутан ямар шаардлага хангасан байх талаарх багц мэдээллийг хүргэж байна.
ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛИЙГ ЭНЭ САРААС ОЛГОНО
Санхүүгийн боломжгүй ч их, дээд сургуульд суралцаж, мэргэжил, мэдлэгтэй болохыг хүссэн оюутнуудад зээлээр сурах боломж нээлттэй болжээ. Сургалтын төлбөрийн зээлийг богино болон урт хугацаатай, хүү бууруулах гэсэн гурван хэлбэрээр олгоно гэдгийг албаныхан хэлж байна.
Энэ нь мөн жилийн 5 хувийн хүүтэй байх аж. Харин хүүг нь тухай бүрд нь төлнө. Жишээ нь, 10 сая төгрөгийн зээл авсан оюутан сард 8,000 мянган төгрөгийн хүү төлөх бөгөөд энэ нь суралцагч болон түүний ар гэрийнхэнд эдийн засгийн дарамт болохгүй хэмээн Засгийн газар үзжээ.
ЗЭЭЛ ОЛГОХОД БАРЬЦАА ХӨРӨНГӨ ШААРДАХГҮЙ
Зарим оюутан сургалтын төлбөрөө төлөхийн тулд арилжааны банкнаас зээл авч төлбөрөө төлсөн байдаг. Тэгвэл хүү бууруулах зээл гэдэг нь суралцагч сургалтын төлбөрөө төлөхийн тулд банкнаас жилийн 25 хувийн хүүтэй зээл авсан бол “Боловсролын зээлийн сан”-д үүнийгээ уламжилж, таван хувийн хүүтэй болгох боломжтой юм байна.
Тухайн оюутан хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд “БЗС”-нь арилжааны банктай тохирч, хүүг бууруулах гэрээ хийнэ гэдгийг салбарынхан онцолж байна. Мөн оюутнуудын авах зээлийн хэмжээ нь тухайн сургуулийн тогтоосон сургалтын төлбөртэй ижил хэмжээнд байна.
Зээл олгоход барьцаа хөрөнгө шаардахгүй. Түүнчлэн гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгох юм байна. Одоогоор энэ шаардлагыг хангаж, буцалтгүй тусламж авах 1,500 өрх байгаа аж.
ОЮУТНУУДАД ЯМАР ШААРДЛАГА ТАВИХ ВЭ?
Сургалтын төлбөрийн зээлийг эхний ээлжид зөвхөн бакалаврын зэргээр суралцаж буй оюутнуудад олгох юм байна. Тиймээс тухайн оюутан магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 2.3-аас дээш голч дүнтэй суралцдаг байх ёстой гэсэн ерөнхий шаардлага тавигдах ажээ.
Сургалтын төлбөрийн зээлд жилд хэдэн төгрөг төвлөрүүлэх, мөн энэ элийг хэзээнээс олгож эхлэх талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Засгийн газраас энэ онд 70 мянган оюутанд 90 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн зээл олгохоор болсон. Одоогоор 90 тэрбум төгрөг бэлэн байгаа тул зээл олгох ажлыг энэ сараас эхлүүлнэ.
Ирэх жил 100 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Энэ мөнгийг ирэх оны төсөвт тусгасан байгаа” гэв. Зээлийн эрсдэлийг хэрхэн тооцсон тухайд, “Боловсролын зээлийн сан”-д эхний гурван жил мөнгө төвлөрүүлнэ. Одоо зээл авч байгаа оюутан гурван жилийн дараа гэхэд зээлээ төлөөд эхлэх учраас Боловсролын зээлийн сан өөрөө зээл олгох боломж бүрдэнэ. Зээл жилийн 5 хувийн хүүтэй тул эрсдэл харьцангуй бага байна” гэв.
URL: