Хөгжлийн банкны дарга нарын тансаглал ил болж бондуудын мөнгийг үр ашиггүй зарцуулсан “НО” нь илэрч эхэллээ
Хөгжлийн банк бондуудын мөнгийг хэрхэн зарцуулсан бэ гэдэг асуултын хариулт ойрын өдрүүдэд иргэдэд захаасаа ил болж эхэлж байна. Анх бий болсон цагаасаа хойш л бондын мөнгийг захиран зарцуулахдаа алдаатай бодлого явуулсан хэмээн шүүмжлүүлж ирсэн.
Тэгвэл энэ өдрүүдэд тус банкны удирдлагууд болон тухайн үед Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан Н.Батбаяр нарыг бондын захиран зарцуулалттай холбоотойгоор саатуулан шалгаад байгаа юм. Тодруулбал, Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн АТГ-т шалгагдаж эхэлсэн юм. Гэвч хамгийн сүүлд түүний биеийн байдлыг нь харгалзан үзээд гадуур шалгаж байгаа гасан мэдээлэл гарсан. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм.
Н.Мөнхбатыг өнгөрсөн сарын дундуур АТГ-аас саатуулсан. Харин АТГ-аас Н.Мөнхбатыг барьж хориогүй, сэжигтнээр тооцон шалгаж байгааг мэдэгдсэн. АТГ -аас Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор түүнийг 2014 оос эхлэн шалгаж байгаа юм. Түүнийг Н.Батбаярын хэрэгтэй адил зүйл ангиар шалгаж буй гэнэ. Мөн “Фортуна” Н.Батбаяр болон Хөгжлийн банкны захирлаар ажиллаж ирсэн Н.Мөнхбат нарын хэргийг АТГ-аас нэгтгэн шалгаж эхэлсэн талаар өнгөрсөн долоо хоногт эх сурвалжууд мэдээлсэн.
Тэгвэл үүнтэй зэрэгцэн Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулаад байгаа бөгөөд ажлын хэсгийг ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ажилласан. Уг ажлын хэсэг шалгалтаа дуусгаад үр дүнгээ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Хөгжлийн банкны зээлийн гол эх үүсвэр нь “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, дунд хугацааны Евро бондын 600 сая ам.доллар, Самурай бондын 24.3 тэрбум иен. Мөн банк өөрөө эх үүсвэр татах ажил ч чамгүй хийсэн байгаа. Хаанаас ямар бонд авсаныг нь олон нийт мэддэг мөртлөө харин хэрхэн зарцуулав гэдэг тоймтой мэдээлэл үнэндээ байгаагүй. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээлийн хэмжээ 2016 оны наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 5 их наяд 561.6 тэрбум төгрөг байна. Уг шалгалтын явцад Хөгжлийн банктай холбоотой ноцтой зөрчил цөөнгүй илэрсэн гэнэ.
Тодруулбал, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа, төсөв төсөөлөлгүй санасан зоргоороо салхинд хийсгэсэн. Мөн зээлээ эргэн төлөгдөхөд тавих ёстой хяналт байхгүй. Эдгээрээс хамгийн анхаарал татахуйц зардлууд нь “Гудамж” төслийн санхүүжилтүүд юм. Анхнаасаа хэл ам дагуулж ирсэн уг төсөлд зориулж бондын мөнгийг ямар ч хяналтгүй гарын сарвуугаараа урсгасан байх юм. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Хууль, зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Атар өргөөгийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх 1 км авто замын барилгын ажлыг хийнэ гээд анх 440.0 сая төгрөгийн гэрээ байгуулсан байгаа юм. Тэгснээ зураг төслийг нь хийсний дараа 1 тэрбум 895 сая төгрөг буюу анх тооцоолсон дүнгээсээ 4.3 дахин өсгөсөн байх жишээний. Мөн 3, 4 дүгээр хорооллын эцсийн уулзварын өргөтгөл шинэчлэлийг “Пабликроуд” ХХК гүйцэтгэсэн. Энэ уулзварыг тухайн компани 300 сая төгрөгөөр зураг төсөл гараагүй байхад гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр гэрээ байгуулаад явсан. Нийт дүнгээрээ 1.3 тэрбум буюу эхний дүнгээсээ 4.3 дахин өндөр зарлага гаргасан нь ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн. Нэг ёсондоо хямд өртгөөр их ажил хийх дүр үзүүлж төсөл урьтаж авчихаад дараа нь түүнийхээ өртгийг хэд дахин өсгөж Хөгжлийн банкнаас ашиг хүүлдэг байдал нийтлэг болсон нь тодорхой байна” гэсэн юм.
Мөн уг шалгалтын явцад Хөгжлийн банкны удирдлагуудын тансаглал хэрээс хэтэрсэн болохыг илчилж орхив. Тодруулбал, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын 2014 онд Санкт-Петербург хотод хийсэн албан томилолтын 3 хоногийн зочид буудлын төлбөрт гэхэд 11 сая 925,000, нислэгийн тийзэнд 8 сая 985,000 төгрөг төсөвлөн баталсан. Мөн уг айлчлалаар Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр болон Bloomberg телевизийн хөтлөгч, зураглаач нарын буудлын төлбөр болох 1 хүний хоногийн 1 сая 224,300 төгрөг болон замын зардлыг Хөгжлийн банкнаас гаргасан. Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын Хонгконгд чуулга уулзалтад оролцох 3 хоногийн нийт зардал 8 сая 691,703 төгрөг, нэг хоногийн буудлын төлбөр гэхэд л 786 ам доллараар төсөвлөгддөг. Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 2013 онд БНХАУ-д Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон дагалдан явах орчуулагчийн 1 хүний хоногийн зочид буудлын төлбөрт 2 сая 908,350 төгрөг, бусад зардалд 5000 ам доллар төсөвлөсөн гээд тансаг хэрэглээний үрэлгэн зардлын жагсаалт хөвөрнө. 2012-2015 оны хооронд олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад 4 тэрбум орчим төгрөг зарцуулсан байх ба “Блүүмберг ТВ”-тэй гэхэд 2013 онд 816 мянган ам доллараар зар сурталчилгааны гэрээ байгуулсан байх жишээтэй. 2016 оны эхний хагас жилд гэхэд 1.2 тэрбум төгрөг суртачилгаандаа зарцуулжээ.
Ийнхүү Хөгжлийн банкинд хийсэн хамтарсан шалгалтаар нийтдээ 1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлж байгаа юм. Энэ мэтээр улсын мөнгөнд хайр гамгүй хандаж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан нөхдүүдэд хариуцлага тооцох нь зөв биз ээ. Ирэх жилээс бид бондын мөнгөний эргэн төлөлтийг эхлүүлнэ. Шинээр байгуулагдсан Засгийн газрыг цалин хасах гэж байна, тэтгэвэр бууруулж, татвар нэмэх нь гэх зэргээр АН-ынхан бүгд л шүүмжилж байсан. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд өөрсдөө ийм хэмжээний алдаа гаргачихаад, улсыг байж боломгүй их өрөнд оруулчихаад өнөөдөр ариун цагаан хүмүүс мэт загнах хэрэггүй байх. Засгийн газрыг 100 хоногт юу хийсэн бэ гэх зэргээр элдвээр шантаажилж байхын оронд өөрсдийн хийсэн балагтаа дүгнэлт хийж суух хэрэгтэй бус уу. Хууль зөрчсөн бол хуулийн дагуу хариуцлагаа хүлээх л байх. Харин АН-ынханы үүсгэн бий болгосон энэ их өр зээлийг даван туулах гэж зүтгэж буй Засгийн газрыг элдвээр гоочилж орон нутгийн сонгуулиар өөрсдийн талд нэмэх оноо авах гэж оролдохгүй байгаасай.
Ч.Ган
zaluu.com
URL: