Германд герман хүн нэгдүгээрт байдаг
Өнөөдөр нэг хүний пост уншлаа. “Германд герман хүн нэгдүгээрт байдаг” гэж бичсэн хэсэг нь ихэд анхаарал татав. Ер нь бүх газар тийм л байдаг.
Японд бол гадны хүмүүст найрсаг хандана уу гэхээс биш Япон хүнээс дээгүүрт тавьж долигнож сүйд болно гэж хэзээ ч байхгүй.
Тайландад бас тэгэж сайхан хандах ч үгүй, аргалж зальдаад л загнаад л, бүүр 20 доллар гарах газарт хүргэх гэж тойрч явсаар тоолуур дээрээ 150 доллар (ядаж байхад түгжрэлд зогсож байхад мөнгө нь яваад байна) гаргачихаад өнөөхөө нэхээд, 5 одтой буудлынх хүлээн авагчаас нь, зам дээр зогсож байсан цагдаагаас нь “энэ хүн надаас илүү мөнгө нэхээд байна, болох юм уу” гэж туслалцаа хүсэхэд нөгөө тайландынхаа талд орж 3-уулаа нэхсээр байгаад 150 доллар авчихаж байж билээ.
Бас Солонгост ганц очиход минь нэг ёоёо-той эмгэн над руу заагаад муухай хашгирч орилоод л эхлэхэд гудамжинд явсан солонгосчууд эмгэний талд оров бололтой, над руу хандаад л юм хэлээд байв. Юутай ч тэр эмгэнд хандаж лав юм хэлсэн хүн байгаагүй юм даг. Хэрэв тэгсэн бол би “гадаад хүнийг гомдоох гэлээ” гэж эмгэнийг загнав гэж таах байв… Гэтэл тийм юм болоогүй юм.
Чикагогийн олон улсын нисэх буудал дээр 7 цагийн дараа нисэх хуваарьтай транзит нислэгтээ амжих гээд онгоцноос буугаад 7 цаг хүлээж оочерлож байж бүртгүүлж гарч ирчихээд унаж тусан гүйж байсан удаатай. Би ч гайгүй, амжсан. Нэг хятад бүүр оочерлож байхад нь дараагийн суух онгоц нь нисээд явчихсан. Түүнийг уйлж дуулж гуйгаад байхад нь нохойтой гаалийн ажилтнууд оочер дарааллаараа орохыг шаардсаар байгаад л хоцорчихсон. Тэгэхэд хамт явсан америк маань онгоцноосоо буунгуутаа 30 минутын дараа л бүртгүүлээд гарчихсан, хоол унд идэж уугаад амарчихсан байж билээ.
Би Монголоосоо гараад л, хүний нутагт очихоороо тэргүүн зэрэгт үнэлэгдэхээ, үзэгдэхээ больдогоо үргэлж мэдэрдэг. Мэдээж ажил албаар холбоотой хүлээж авч байгаа хүмүүс бол ондоо. Харин гудамжинд нь гараад л явахад энэ улсад би яг хэн бэ гэдгээ бодитоор мэдэрнэ. Мужийн амбан захирагчтай уулзахад хүлээж авсан хандлага, тэндээс гараад дэлгүүрт ороход дэлгүүрийн худалдагчийн хандаж байгаа хандлага тэнгэр газар шиг зөрөөтэй. Дэлгүүрт бол миний мэддэг чаддаг огт падлийгүй, байдаг л нэг ази болж хувирна.
Гэтэл бид Монгол эх нутагтаа, элэг нэгт Монголчууддаа тэргүүн зэрэгт хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгддэг бил үү??? Мэдлэг чадвараараа, мөнгөтэй төгрөгтэй, гоё ганган, хэлтэй устай гэдгээрээ биш, харин МОНГОЛ ХҮН гэдгээрээ шүү дээ. Германд герман хүн нэгдүгээрт гэдэг шиг Монголд Монгол хүн нэгдүгээрт байдаг бил үү?
Монголд ажиллаж байгаа гадаад хүн, тэрэнтэй хамт ажилладаг яг ижил түвшний ажил хийдэг Монгол хүн хоёрын цалин 50 дахин ялгаатай, Монгол хүн нь хамаагүй багыг авдаг нь. Монгол, гадаад 2 хүн яваад ороход түрүүлж гадаадыг нь ширээнд суулгадаг нь. Монгол, гадаад 2-ын хооронд асуудал гарахад Монголыг нь буруутгадаг нь. Гадаад хүнийг торговол, хуулийн хариуцлага хүлээлгэвэл Монгол улс муухай харагдана гэж Монгол хүн хэлж байгаа нь. Монголчууд хийж чадахгүй учраас гадны хөрөнгө оруулагчдад л боломж өг (Монголчуудад бол өгөхгүй) гэж байгаа нь…энэ асуултын хариулт болно.
Бид яагаад өөрийн эх орондоо дорд үзэгдэнэ вэ??? Хамгийн их муулж доромжилж байгаа нь элэг нэгт, нэр нэгт Монголчууд маань өөрсдөө байдаг нь бүүр харамсалтай. Нэг Монгол нь бусдыгаа арчаагүй алхай, залхуу заваан, бүдүүлэг балиар, хоцрогдсон хогийн, тэнэг мангараар нь дуудна. Монголчууд угаасаа л тийм ш дээ гэж удам угсаагаа оруулж доромжилно, Монголчууд бүгдээрээ л тийм ш дээ гэж ирээд л өөрийгөө ч оруулж байгаагаа мэдэхгүй муулна.
Хог байна гэнээ…. аан муусайн Монголчууд ийм ш дээ л гэнэ. Гадны компани гол бохирдуулжээ гэнээ….Аан чи муу битгий попдоод бай, эдийн засаг өсдөг юм, тэд болно, Монголчууд ийм тэнэг ш дээ л гэнэ. Монгол хүн гадаадыг зодсон байвал хамгийн адгийн бүдүүлэг мунхаг Монголын өмнөөс дээр дооргүй уучлал гуйгаад л, гадаад хүн Монгол хүнийг зодсон байвал дээрэлхүүлж байхдаа таарсан арчаагүй Монгол, зодуулах юм хийсэн болоод л зодуулсан байж таараа гэцгээнэ. Яаж ийж байгаад л, хүний өөрийн бүхий л муу муухайд зөвхөн Монголчуудыгаа муучлах үндэслэл олж чаддаг нь Монгол хүн өөрөө байгаа нь харамсалтай, үнэхээр харамсалтай.
Би л хувьдаа энэ бүхэнтэй санал нийлэхгүй. Учир нь, миний эргэн тойронд байдаг Монголчууд дунд ийм хүний адаг болсон хүн байхгүй. Магадгүй мэдэхгүй хүн нь хараад арчаагүй, тэнэг мэт санагдах хүмүүс миний хувьд, мэддэгийн хувьд тийм биш, харин ч амьдралын төлөө, үр хүүхдийнхээ төлөө, бусдын төлөө хичээж зүтгэж байдаг хүмүүс байдаг. Гэр хороололд амьдардаг багш эгч маань олон хүүхдийг амжилттай сургаж, бас нэг эгч маань олон ч өвчтэй хүүхдийг асарч эдгээж, нэг танил маань өрх толгойлсон олон ээжүүдийг орлоготой болгож, олон ч хүмүүс албан ёсны ажилгүй ч гэрээрээ үйлдвэрлэл эрхэлж…. дурьдаад байвал дуусахааргүй их жишээ байна.
Би л лав өөрийнхөө эргэн тойронд дэлхийн бүх хүний адаг болсон Монгол хүнийг мэдэхгүй. Тэр битгий хэл, манай байрны хогноос хуванцар сав түүдэг хүнийг мэдэхийн хувьд хэлэхэд тэр хүн ч бас Монголчууд бол …. гэж ирээд л муулдаг шиг муухай хүн огтоос биш. Ууттай хогноос сав лаазыг нь авчихаад л буцаагаад амыг нь уяад орхидог тэр хүнд нэг удаа “та дараа хэзээ ирэх вэ, хураасан хуванцар саваа танд өгмөөр байна” гэхэд минь, “би цаг хэлж мэдэхгүй, надад цаг байхгүй. Савнуудаа гаргаад тавьчих. Би таарвал авъя, өөр хүн таарвал авна биз. Ялгаа юу байх вэ” гэж хэлж намайг ичээж байсан юм.
Нуршиж нуршсаны эцэст Монголчуудаасаа хүсэх нэг юм байна. МОНГОЛД МОНГОЛ ХҮН НЭГДҮГЭЭРТ байгаасай. ҮҮНИЙГ ХЭН ХИЙХ ВЭ ГЭВЭЛ МОНГОЛЧУУД Л ХИЙЖ ЧАДНА, хэн нэгэн гадаадууд үүнийг хийхгүй, зөвхөн МОНГОЛ ХҮН Л ХИЙНЭ. Тиймээс ядаж МОНГОЛ ХҮН МУУХАЙ гэж муулахаа болиосой гэж хүсэж байна. Үнэнийг нь хэлж байна гэх гэж байгаа бол тэр “муухай үнэнээ” сайтар бодоорой. Эргэн тойронд чинь байх МОНГОЛ ХҮМҮҮС, ээж аав, ах эгч, эхнэр нөхөр, эмээ өвөө, үр хүүхдүүд чинь бүгд муухай байна гэж үү? Үгүй л бол танд Монгол хүнээ муулах ямар шалтгаан байх билээ. Монгол хүн Монголоо муулахгүй, муучлахгүй байх нь, Монгол хүн Монголынхоо талд ордог байх нь, Монгол хүн Монголоо өмөөрдөг хамгаалдаг байх нь л Монгол хүн Монголдоо нэгдүгээрт байхын үндэс юм шүү.
Эх сурвалж: DMNN
https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1778467685765867/?type=3&theater
URL: