Шонхрын экспортыг үнэлнэ, үнэлэхгүй

527-147614888910-11-6й_700x700

Монгол Улс 2013 онд шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарлаж, Арабын улс орнууд руу ашиг олох зорилгоор гаргахыг хориглож соёлын болон бэлэглэлийн журмаар экпсортлох тогтоолыг баталсан билээ.

Ингэхдээ Засгийн газар жил бүр хэчнээн шонхор шувуу экспортлох тогтоолыг нууцын зэрэглэлд хамааруулсан нь  байгаль орчны төрийн бус байгууллага, мэргэжлийн хүмүүсийн дунд хардлага, маргааныг бий болгож орхисон.
Тухайлбал, ашиг олох зорилгоор барихыг хориглосон ч энэ бизнес нууц байдалд шилжсэн, Засгийн газар шонхортой холбоотой нууц тогтоол баталдаг болсон нь жил бүр хэчнээн шонхор шувуу барьж байгааг хянах боломжгүй, бэлэглэлийн журмаар барихдаа төлбөр хураамж нь хуулийн дагуу Монгол Улсад ордоггүй зэрэг асуудлыг иргэний нийгмийн байгууллагууд хөндөн ярьж буй. Түүнчлэн шонхор шувуугаар ашиг олохыг хориглосон Засгийн газрын тогтоолыг цуцлахыг шаардаж байгаа.
Шонхор шувуутай холбоотой асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл нар ийнхүү тайлбарлаж байна.
Д.Даваасамба: ШОНХРЫГ ХИЛЭЭР ГАРГАХ ТОГТООЛЫГ ЯАГААД НУУЦАЛСНЫГ ЗАСГИЙН ГАЗАР МЭДНЭ
-Шонхрыг өндөр дээд хэмжээний айлчлалаар ирж байгаа булангийн орнуудын зочид төлөөлөгчдөд барих зөвшөөрөл олгох тогтоол гарсан. Тэд Засгийн газрын тогтоолын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээ байгуулж холбогдох дүрэм журмын дагуу төлбөрөө төлж барьдаг. Булангийн орнууд шонхрын талаар манайтай харилцах сонирхолтой.
Засгийн газраас нууц тогтоол гаргадаг учраас 2013 оноос хойш хэчнээн шонхор барьсан талаар мэдээлэх боломжгүй. Энэ асуудлыг яагаад нууцлах болсныг  Засгийн газрын хэрэг эрхлэх газраас асуух хэрэгтэй. 2013 онд хориглосноос хойш жил бүр нууцын журмаар ороод Тагнуулын ерөнхий газар руу тогтоол нь шилждэг болсон. Байгаль орчны мэдээлэл нууцын тухай хуульд хамаарах ёсгүй гэж Засгийн газарт хандсан. Одоогоор хариу ирээгүй байна.
Өмнө нь Монгол Улс шонхрыг ашиг олох зорилгоор гаргаж байсан. Өндөр дээд хэмжээний уулзалт хийж байгаа хүмүүсийн ярьж буйгаар шонхрыг ашиг олох зориулалтаар барьдаг болгочихвол шонхор шувуу гадаад зах зээл дээр үнэ, нэр хүндээ алдана гэдэг. Тиймээс ойрын үед ашиг олох талаар тогтоол гарахгүй байх.
Шонхрыг нүүдлийн шувуу гэж ярьж байгаа ч манай улсад хэчнээн шувуу ирдэг тухай мэдээлэл тодорхойгүй.
Ерөнхий байдлаар 17000 байгаа гэсэн судалгаа бий. Яамны зүгээс 2017 онд тооллого хийхээр Дэлхийн байгаль хамгаалах сантай ярьж байгаа. Ер нь шонхрыг хууль бусаар барьж байна, ашиг олж байна, шонхрын асуудлыг хариуцдаг байгууллагуудын мэдээлэл өөр өөр байгаа нь байгаль орчны хяналтын тогтолцоо бодлогоосоо салсантай холбоотой. Салбарын яам хяналтаа тавих ёстой. Ингэж байж энэ асуудал цэгцэрнэ.
Шонхрыг бэлэглэлийн журмаар гаргаж байгаа тохиолдолд үнэгүй байх ёстой. Гэхдээ гадаадын зочид төлөөлөгчид энд ирээд гэрээ хийхэд нь бид орон нутгийн төсөвт 6.4 сая, улсын тэмдэгтийн хураамж 3.2 сая төгрөг авч байгаа. Энэ нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.2-т зааснаар байгаль эдийн засгийн экологийн үнэлгээний 20-40 хувиар бодож авна гэсний дагуу явж байгаа зохицуулалт. Тус хуульд агнасан тохиолдолд дээрх төлбөрийг авах ёстой гэж заасан. Гэвч амьдаар нь хилээр гаргаж буй шонхрын төлбөр, хураамжийг энэ хуулиар зохицуулж байгаа нь хуулийн цоорхой.
Д.Хурцгэрэл: БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭЛЭЛ ИЛ ТОД БАЙХ ХУУЛЬТАЙ
-Шонхрын асуудлыг нууцлах шаардлагагүй. Амьтны тухай хууль болон Нөөц ашиглах тухай хууль, бусад хуульд ч энэ тухай нууцад хамаарна гэсэн ямар ч зүйлт заалт байхгүй. Харин ч байгаль орчны мэдээлэл ил тод нээлттэй байх ёстой. Засгийн газар шонхрыг 2013 оноос шууд нууцад хамааруулаагүй. 2013 онд 30 шонхор, 2014 онд 40 шонхрыг барих тогтоол ил байгаа. 2015 оноос эхлээд нууцлаад эхэлсэн. Эхлээд 100 шонхор гаргах гэж байгааг сонсоод бид хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдэгдэж байсан. Түүний хүчээр Засгийн газраар ороод дэмжигдээгүй.
Дэлхийн зах зээл дээр шонхрын үнэ маш өндөр байгаа. Казахстанд гэхэд 250 мянган ам.доллар хүрч байна гэсэн. Ядахдаа манайд 30, 40 мянган ам.доллараар авдаг бай л даа. Ядаж 20 мянган ам.доллараар зараач гэж л би яриад байгаа юм. Манайхан тэр битгий хэл хуулийн дагуу 11760 ам.долларын төлбөр, хураамжаа ч авахгүй өөрсдөө халааслаж байгаа. Арабын орнууд манай улсад зам талбай тавьж, хөрөнгө оруулалт хийсэн гэж байна. Монгол Улсад оруулж байгаа гэх хөрөнгө оруулалтын хэмжээ бэлэглэж байгаа шонхрын гадаад дахь үнэ хоёрыг харьцуулаад үз. Тэнгэр газар шиг ялгаатай.
Тиймээс шонхрыг арилжааны зориулалтаар гаргах тогтоолыг Засгийн газар батлах ёстой. Ингэж чадвал шонхрыг тойрсон маргаан, нууц бизнес ил болно. Монгол Улсад нэг шонхор барих бүрт төлөх ёстой 11760 ам.доллараа ч гадаадынхнаас авна. Аж ахуйн нэгжүүд нь 20 юм уу 30 мянган ам.доллараар цаашаа арилжина. Шонхорыг бэлэглэх тухай  ямар ч хууль, журамд байхгүй.
Б.Заяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих