Төрийн хормойд шургалсан бизнес

Төрийн үйлчилгээний шинэ хэлбэрийг түмэн олон мэдтүгэй!
Дэндэнэ дэндэнэ гэхэд арай дэндэж байна! Ядарсан улс орныхоо ядуу төсөвт өөрийнхөө нэр дээр мөнгө төсөвлүүлээд сууж байдаг ийм даварчихсан амьтан гэж байх юм! Бид ч гэж бид. Аймхай, хүлцэнгүй хоёр маань хэтэрчээ.

Нэг рекетчинд сонин, телевиз хоёроор гүтгүүлж, элдвээр хэлүүлэхээс айхдаа төр засаг нь бүх улс төрчидтэйгөө атганд нь орчихдог байна шүү. Ардчилсан нэр зүүсэн улс орон бүхлээрээ нэг диктаторын гарт орчихсон сонин нөхцөл байдал Монголд үүсээд байна. Энэ талаар ярихгүй л бол болохгүй нь!

УИХ-ын гишүүд улсын төсөв хэлэлцэж суухдаа нэг нөхрөөс хэлсэн үнээр нь 200.000.000 төгрөгт багтаагаад нэг төрлийн бараа авчихъя гээд бүгд уриалгахан гараа өргөж буйг телевизийн нэвтрүүлгээс би олж хараад ёстой мэл гайхаж, цэл хөхөрнө биз дээ. Яасан ч ханаж цаддаггүй, янз бүрийн юм шахдаг эр вэ гэж уур ч хүрэх шиг!
Төрийн биднээс авсан мөнгийг ил, далд аргаар халааслах нь явдал чирэгдэлтэй, төвөг удсан, яршигтай ажил болсон гэж үзэгсэд төсөв хэлэлцэхээс бүр өмнө захиалгаа өгчихөөд, харин хэн нь өөрийг нь дэмжиж гараа өргөхгүй байгааг телевизээр бүртгэж суухад ёстой амар болсон юм байна. Манай төр ийм ногоон гэрлийн үйлчилгээ үзүүлэх болсныг миний бие мэдэж амжаагүй тул барьцах аястай тийм бодол толгойд эргэлдсэн хэрэг. Эсвэл яах аргагүй аминд тулсан чухал барааг Баабар гуайгаас тэд нэхэж аваад төсөвтөө суулгачихав уу, яав. Чухам ямар бараа шахагдсан тухай мэдээллийг учир явдлыг мэдэх хүний хувьд би өгөх нь зүйд нийцнэ хэмээн бодогдлоо.
Хуучин юм ул болж, шинэ юм зул болдог
“Моод Монголоор дуусдаг” гэсэн шог яриа хуучрахгүй бололтой. Британника компанийн агуулахын сүүлчийн үлдэгдэл номнуудыг хамж ирээд, хавь ойрынхондоо шахаж, Британника гэдэг моодыг дэлгэрүүлсэн хүн бол Баабар. Хэвлэхээ болиод бараг арваад жил болж байгаа англи хэл дээр бичигдсэн 32 боть нүсэр эдийг барууны ертөнцөд авах амьтан олдохоо байгаад удсан бол харин манайд Британника хаа сайгүй ид хүчээ авч албан тасалгаа, айл гэрийн чимэг болж, сайд дарга нарыг бас найз нөхдөө ч түүгээр “гангаруулж” овоо дуулиан тарьснаар тэднийгээ нэг ёсондоо „номын сайн нөхөр” болгосон байна. Үнэндээ тэр ботиор гангарагсдын заримынх нь хувьд үнэн байдал арай өөр, “тэрийг нь аваагүйнхээ төлөө Баабарт доромжлуулж байх нь төвөг” гэж ярьдаг юм билээ.
Уг нь тайлбар толь электрон хэлбэрт шилжснээс болоод цаасан хэлбэрээр гарах нь мэдээллийн энэ эрин зуунд ямар ч утга учиргүй зүйл болж, хүмүүс сонирхсон мэдээллээ өвөрт багтдаг электрон толиос, эсвэл арга ядахад интернет рүү ороод, үнэгүй харчихдаг болсон.
Тэр ч байтугай өнөөдөр дэлхий нийтээрээ хандаж буй Wikipedia.com-руу ороод та хүссэн мэдээллээ хайхад бараг хүссэн хэл дээр чинь гаргаад ирнэ гэхээр гайхалтай шүү.
Зарим нэвтэрхий толийг одоогийн байдлаар харьцуулбал

Аливаа толь бол мэдээллийн сан байдаг. Тиймээс ч интернетээс дуртай мэдээллээ түргэн шуурхай үзэх нь хэнд ч нээлттэй, интернет бол мэдээллийн агуу том сан-орон зай юм. Харин хүмүүсийн туурвисан ном зохиолыг бол ингэж дураараа ашиглах боломжгүй, та түүнийг худалдаж авна! Оюуны өмчийг хамгаас илүү хүндэлдэг учраас барууны ертөнцөд хүмүүсийн оюуны бүтээл туурвих хүсэл эрмэлзлийг хангахын тулд холбогдох хууль журам гаргаж, хатуу мөрдүүлдэг.
Британника орчуулагдаж байна гэсэн яриа дуулдсан. Гэхдээ саяын яриад байгаа 32 боть лав орчуулагдахгүй. Тиймээс хүмүүсийн хүлээж байгаа шиг бидний мэддэг Британника толь иж бүрнээрээ орчуулагдахгүй гэдгийг үнэн мөнөөр нь уншигчдад хэлэх нь зүйтэй байх. Чухам юугаа орчуулаад хүмүүст тийм сэтгэгдэл төрүүлээд байгааг үзэж хараагүй байж би ярих нь хаашаа юм, гарсан хойно нь саналаа хэлж болох юм. Эрхэм гишүүд харин үзэж хараагүй номоо худалдаад авчихдагийг нь бодохоор гайхалтай.
Дахиад хэлэхэд ном дор мөргөдөг ард түмэн номыг дээдлэн хүндэлдгийн нэг адил би ч бас хорвоо ертөнцийн бүхий л мэдээллийг нэгтгэхийг зорьж, нэгэн цагт хийж туурвисан хүмүүний ажил руу нулимж буй хэрэг огтхон ч бус. Харин өнөөдөр түүнээс хавьгүй их мэдээллийн багтаамж бүхий хэрэглээний үлэмж давуу талыг олгосон, сайхан боломж бололцоог л илүүд үзэж буйн илрэл юм шүү. Техник, технологийн дэвшлийн ийм үзэгдэл хаа сайгүй маш хүчтэй явагдаж байгааг өнөө цагт хэнбугай ч анзаарахгүй байх аргагүй. Жишээ нь, компьютер анх гарч ирэнгүүт л ямар ч сайхан бичгийн машиныг нүдэн дээр хог болгосон. Гэрэл зурагчин миний хувьд ч дижитал технологи анх гарсан цагаасаа бүх төрлийн хальс хэрэглэдэг аппарат хэрэгслийг нүд ирмэхийн зуур хайр найргүй хэрэгцээнээс гарган, хаялж байгааг харахдаа дуу алдаж, харамсмаар юм зөндөө л болж байсан! Зарим нь бараг цоо шинээрээ шүү!
Монголчууд хэр зузаан ном уншдаг вэ?
БСШУЯ тун саяхан хот хөдөөгийн номын санчдыг Улаанбаатарт цуглуулаад нэг аймгийн жилийн хэрэгцээний бүх төрлийн хэвлэл захиалга, ном авахад ердөө 2,5 сая төгрөгийг арай ядан гаргаж өгөхдөө “ирэх жил ном авах мөнгө байхгүй шүү” гээд буцаасан байна. Ийм бага мөнгөөр бүхэл аймгийг шинэ номоор хангана гэдэг хэчнээн амаргүй нь номын санчдын ярианаас шууд ойлгогдож байлаа. Номын баяжилт хийхэд нэг төрлийн номноос дор хаяж 3-5-ыг авах шаардлагатай тул тэд ердөө л хамгийн цөөхөн хуудастай нимгэн номыг эрж хайн, олон төрлийн тийм ном авбал тайлан бүртгэлд тусгахад ч амар, олон хүнтэй газар тарааж өгөхөд ч хүрэлцээтэй гэлцэнэ. Номын агуулга гол биш юм байна л даа! Ийм яриа сонсоод ёстой гутрах шиг. Номын агуулга, чанарыг чухалчлах нь манайх шиг хэвлэлийн газарт үнэхээр гол чиг шугам болдог учраас хүмүүс номонд ингэж хандаж буйг хараад би гутсан. Нэг хэсэг нь түмэн олны төлөө тав арван төгрөгөө хүргэж ядан хэдэн ном авах гэж ингэж аргаа барж явахад ноён Баабар юу гээчийг хийж сууна вэ гэж одоо надад бодогдоно! Энэ улс оронд чинь юу болоод байна вэ гэсэн ёрын бодол дахиад л толгойд эргэлдэнэ. Улс орноо ингэж уруудаж доройтож байгааг нь харах тусам бас л гутармаар.
“Шахааны бараа” гэх ойлголтын тухайд
Ер нь бараа шахна гэсэн ойлголт юунаас улбаатай вэ? Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг чинь зах зээлийн ойлголт биш гэж үү? Хэн юу чадаж байна, түүгээрээ амьдрах нийгмийг зах зээл гэдэггүй билүү?
Үгүй дээ хө, зах зээлийн тухай ойлголт манайд анхнаасаа л завхарсны нэг жишээ энэ. Социализмын үед улсаас, Улаанбаатараас ерөнхийдөө нэгдсэн журмаар барааг ард түмэнд тулгадаг байв шүү дээ. Сонголт байхгүй тул бараа таваарын хэрэглээ хэдхэн нэр төрөлд эргэлдэнэ. Тэгвэл 90 оноос хойш одоо ч бидний дунд тэр зангаа тавихгүй, эрх баригчдын туслалцаатайгаар социалист хэв маягийн ийм арга хэлбэрээс салаагүй хүмүүс байсаар байна. Үүний тод жишээ бол УИХ-д бараа шахсан тэр арга хэлбэр юм. Протекционизм бол социализм, зах зээл бол капитализм. Үүнийг Баабар мэдэхгүй байна гэж баймааргүй. Мэддэг атлаа шударга өрсөлдөөнөөс зугтаж, төрийн ивээлээр бизнесээ хөгжүүлэх гэж оролдвол зах зээл, капитализм хоёрын жинхэнэ дайсан мөн дөө.
Саяхан философич Б.Батчулууны бичсэн „Эрх чөлөөний дайсан” номын эхний хуудсыг сөхөнгүүт л „Төрийн хормой дор шургалсан бизнес хэзээ ч жинхэнэ бизнес байж чаддаггүй. Тэр бол төрийн тэжээвэр гөлөг“ гэсэн байна.
Аль нэг нам болон хэн нэг улс төрчийн дэмжлэггүй явна гэдэг өнөө цагт туйлын хүнд бэрх болсон. Тиймээс зах зээлийн зарчмаар амьдрахыг хүсэгчдэд ийм хэлбэрийн үзэгдэл үнэхээр тээртэй! Б.Батчулуун „Эрх чөлөөний дайсан“ номдоо цааш нь бас ингэж бичжээ: “Үр бүтээлтэй ажиллаж байгаа хүнээс мөнгийг нь авч амжилтгүй ажиллаж байгаад нь өгөөд байхаар нийгэм бүхэлдээ амжилтгүй болдог”. Нэг нь зах зээлийн хуулиар явах гээд мэрийгээд байдаг, гэтэл нөгөө нь ингэж дандаа юм шахах ажил хийгээд байж болохгүй биз дээ. Татварт төлдөг миний мөнгө улсын төсөв нэрээр бусдын халаасанд ингэж ороод байна гэхээр л „арай ч дэндэнэ”-ээ гэсэн бодол надад орж ирээд байгаа юм. Юм хэтэрхий ил цагаандаа гарч байгааг л бичиж байна. Түүнээс биш өөр учир шалтгаан юу л байв гэж.
“Ам нээвэл уушги нээ” гэдэг
Ном, хэвлэлийн газар уншигчдынхаа эрэлт хэрэгцээг байнга судалж цаг үеийн мэдрэмжтэйгээр хэвлэн нийтлэх бодлогоо гаргаж ирдэг. Манай “Монсудар”- аас гарч буй ном зохиолыг бид өөрсдийгөө магтахад зориулах, эсвэл хэн нэгэн рүү онилсон буу шийдэм болгох гэсэн өс хонзогнолтой огт холбодоггүй. Явцуу эрх ашгаас улбаатай хийж буй бүхэн нийтийн эрх ашгийг хөнддөггүй учраас бид хийж байгаа ажлаа хувийн эрх ашгаас байнга хол хөндий байлгаж, дээдлэхийг хичээдэг юм. Тиймээс ч бид нийгэмд гэгээ татуулсан, амьдралд гэрэл нэмсэн эрэлт хэрэгцээтэй олон ч төрлийн ном-бүтээгдэхүүн гаргасан. Өөрсдийнхөө юу хийж бүтээж байгааг бусадтай ингэж харьцуулах сайхан боломж надад дандаа олдоод байх биш, хийж байгаа зүйлийнхээ талаар харин ч нэг бардам бөгөөд бахархалтай хэлээд авъя.
Гэхдээ намайг уучлаарай, нэг зүйлийн учрыг энд маш тодорхой гаргаж тайлбарлахгүй л бол энэ бүхий л яриа маань тэр чигтээ үнэмшилгүй болж, сүүлдээ намайг бусад хүн юу ч гэж бодох юм билээ.
Чухам яагаад хэнээс ч айхааргүй томоохон компанийн захирлууд, УИХ-ын гишүүдийг хүртэл Баабар гэдэг хүн ингэтлээ айлгаж дөнгөөд, элдэв янзаар шахаж дарамтлах болов? Хамгийн гол нь тийм бололцоог хэн олгов?
Баабар өөрийнхөө тухай бишгүй олон номлож, ярьж, бичдэг. Харин яг ингэж ярьдаг, бичдэг шиг нь ямар нэг цэвэр ариун ёс суртахууныг түүний ажил амьдралаас би лав олж хараагүй. Харин ч хэлж ярьж байгаа нь хийж бүтээж байгаагаасаа хол зөрүүтэй, элдэв хов жив, хог шавхруугаар дүүрчихсэн юм бичсээр байгаад өнөөдөр мань эр “сонгодог загварын рекетлэгч” болчихож. Ийм рекетчний вебийн буланд шахуулчихсан олон сэтгүүлчийг хараад би бас өрөвддөг. Юугаа базуулчхаараа, юунд барьцаалагдахдаа ингэж хамт олноороо тэнд хоригддог байна аа.
Яах вэ, би бас хааяа боддог л доо, “манайд сүүлийн үед мухар сүсэг гээч юм мөн ч их газар авч байна” гэж. Тэгээд л Баабар шиг хар хэл амтай хүнээс хүмүүс их айж эмээдэг болсон байх. Ямар ч хэцүү юм бэ дээ.Ер нь тэгэхээр бид чинь дарангуйлагчийг өөрсдөө төрүүлээд байгаа юм биш биз. Энэ өгүүллээс санаа авч, зан аашаа засвал Баабарт өөрт нь ч гэсэн хэрэгтэй дээ. Тэгвэл хүмүүс чамд ёстой итгэх болно.
Сүүлийн үед би залхуураад уншихаа байсан болохоос биш уг нь их ойлгомжтой зүйл бол “Баабар ингэж өгүүлэв”-ээс түүний ээлжит рекетийн золиосоор хэн тодорч байгааг мэдэж болдог юм. Мөн Баабар өнөөдөр чухам хэнд тал засаж байгааг ч харж болно. Хүмүүс түүнийг зарим өндөр албан тушаалтанд илт тал засдагийг мэдэх болсон. “Баабар ингэж өгүүлэв” гэсэн өгүүлэл бичиж, нэг ёсондоо зарим “болохгүй” этгээдүүдийг тэндээ буланд шахаж гэсгээдэг бөгөөд булангийн яг голд ээлжит шахах барааныхаа зургийг донжийг нь олоод байрлуулдаг нь Баабар гуайн тухайн үед юуг, хэнд шахах гээд байгааг бараг хэлээд өгчихдөг. Хэрэгт дуртайчууд түүний бичсэн ялын тогтоол шиг өгүүллэгийг уншаад инээдээ барьж чадалгүй элгээ хөшөөж байхад зарим нь харин илт барайж харлана.
Энэ бүхнийг яах гэж бичээд байгаа юм бэ гэвэл хүнийг гаднаас нь өөлж муулах амархан, харин хүнийг ийм байдалд хүргэж байгаа хүмүүс л гол буруутан гэдгийг санах ёстой. Шахах бараа нь бэлэн болоогүй байтал авах мөнгө нь зуун саяараа УИХ дээр уже готов! гэхээр энэ төр, засгийнхан өөрсдөө ингээд болдоггүй байхгүй юу. Ёстой нөгөө яадаг ийдэг Нямдорж, Энхболдтойгоо бас Баабарт тэнэг мангуугаараа дуудуулдаг “Хэнтийн гурав” гээд бүгд түүний төлөө гараа өргөв шүү дээ. Юм гэж цагаа болохоор бас хачин юм аа.
“Монсудар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбат

URL:

Tags:

Нэр: Энхбат Огноо: 2 August 2015

Ёстой үнэн юм бичжээ, Энхбат гуай. Баабар бол Непкотойгоо төрд ном мэт шахаж амь зуудаг, угаадас долоосон гөлөг.
Харин та чинь юу билээ? Нөгөө Khan академийг орчуулна ч гэх шиг юм яриад 800 саяыг улсын төсвөөс гаргуулаад яваад байсан Энхбат гэдэг этгээд биш биз? Хэрээ хэрээнийхээ харыг гайхаад байгаа юм биш биз? Үгүй бол уучлаарай. Өөр Энхбат нь байх.

Сэтгэгдэл бичих