Б.Амарсайхан: Сайн аав байхыг хүсэж байна
Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Итгэл” уран сайхны кино нээлтээ хийлээ. Киноны зохиолыг бичсэн Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхантай цөөн хором ярилцлаа.
-Та анх удаа кино зохиол бичив үү?
-Зохиол бичсэн гэхэд ахдах болов уу. Ямартай ч санааг нь гаргалаа. Хүнд нэг өдрийн амьдрал хичнээн үнэтэй болохыг, маргааш үхэх болвол хүн юу хийж амжихыг хүсдэг, боддог, сэтгэдэг вэ гэдгийг энэхүү киногоор харуулахыг хүссэн. Хамгийн гол хэлэх гэсэн санаа нь хүн хорвоог орхихын цагт юутай байсныг дурсдаггүй. Харин хэн байсныг нь санадаг гэдгийг л харуулахыг зорьсон. Бид ирээдүйгээсээ маш их айдаг. Эсвэл хүн өнгөрснөөрөө амьдардаг. Гэтэл өнөөдөр гэдэг өдөр хичнээн үнэ цэнэтэй цаг хугацаа вэ гэдгийг харуулахыг зорьсон.
-Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн гэсэн?
-Аливаа уран бүтээл эмзэглэлээс бүтдэг гэдэг шүү дээ. Энэ бол миний дүүгийн амьдрал. Гэхдээ киноны үйл явдал бүхэлдээ дүүгийн маань туулж өнгөрүүлсэн амьдрал биш. Уран сайхны кино учраас дүр дүрслэлээр баяжуулж нийгэмд хүргэх гэсэн санаагаа нэмж ажиллалаа. Дүү минь өнөөдөр хорвоо дээр байхгүй ч гэсэн бид киногоо байгаагаар төгсгөсөн. Олон зүйлийг хэлэхийг хүссэн. Хамгийн чухал нь энэ хорвоогоос намайг буцахад юутай байсныг минь биш хэн байсныг минь дурсах учиртай гэдэг санааг гаргахыг хичээлээ.
-Дүүгийнхээ дүрийг та бүтээсэн. Юуг илүү чухалчлан харуулахыг хүсэв?
-Дүү маань энэ кинон дээр гардаг шиг ажил хийж байгаагүй. Кинон дээр гарч байгаа амьдралыг бодитоор нь туулаагүй. Миний хувьд тэр хүний амьдрах гэж байгаа тэмцэл, өнөөдрийн ганц өдрийн амьдрал хичнээн үнэ цэнэтэй юм бэ, хүмүүс яаж хандаж байсан бэ гэдгийг харуулахыг зорьсон. Тэр л намайг эмзэглүүлсэн. Хүн дараа нь л боддог юм билээ. Сонирхуулахад би энэкинонд тоглохын тулд 97 кг-аас 77 орчим жинтэй болтлоо 17 орчим кг хаслаа.
-Та энэ амьдралдаа хэн байхыг хүсэж байна вэ?
-Би сайн аав байхыг л хүсэж байна. Аав гэдэг сайн эр хүн, сайн найз нөхөр, сайн хань зэрэг маш олон сайн сайхны илэрхийлэл байх ёстой гэж би ойлгодог. Тийм болохоор энэ амьдралдаа сайн аав байхыг, энэ хорвоогоос явахдаа ч сайн аав байсан гэж дурсагдахыг хүсэж байна.
-Дуучин М.Мягмартай 18 жилийн дараа нэг кинонд хамтдаа тогложээ?
-Маш олон жүжигчинд санал тавьсан. Зөвшөөрсөн хүн нь М.Мягмар байсан. Тэр үнэхээр сайн уран бүтээлч. Түүнд зохиолоо ярьж өгсний дараа харанхуй шөнө хоёулаа дүрийнхээ талаар яриад сууж байлаа.
-Таны гэргий продюсороор ажилласан. Гэр бүлийн хүнтэйгээ хамтран ажиллах ямар байв?
-Таатай, их амар юм байна /инээв.сур/. Өнөөдөр эдийн засаг хүнд, хэцүү үед хөрөнгө оруулах, хамтран ажиллах компани маш ховордсон байна. Эхнэр маань санхүүгийн мэргэжилтэй. Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг учраас гэр бүлийнхээ хүнтэй хамтран ажиллалаа.
-Багаа хэрхэн бүрдүүлэв?
-Б.Гарамханд найруулагчийг сонгосон нь сайхан хэрэг байлаа. Энэ хүн өнөөдөр монголын кино урлагт шинээр гарч ирж
буй сайн уран бүтээлчийн нэг. Гол дүрд ч шинэ залуу уран бүтээлчдийг сонгосон. Ерөнхийдөө өмнө нь нэг ч кинонд хамтран ажлаагүй хүмүүстэй ажиллалаа. Хөгжмийн зохиолч Окигоос бусадтай нь анх удаа хамтарлаа.
-Солонгос улсад зураг авсан гэв үү?
-Тэгсэн. Солонгос улсад зураг авсан. Солонгос талын төлөөлөгчид өнөөдөр киноны нээлтэд оролцож байна. Мөн монголд Зүүнхараад зураг авалтаа хийсэн байгаа.
-Киногоо гадаадын зах зээлд гаргах уу?
-Бодол байна. Ямартай ч аравдугаар сарын 24-нд АНУ-ын Лос-Анжелес хотод болох Ashian world film фестивальд Монгол улсаа төлөөлөн оролцоно.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
shuud.mn
URL: