Клинтон, Трамп нар мэтгэлцээний эхлэл ба төгсгөлд гар барилцсангүй
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Ардчилсан Намын Хиллари Клинтон, Бүгд Найрамдах Намын Дональд Трамп нарын хоёр дахь халз мэтгэлцээн ширүүн уур амьсгалд өрнөж дууслаа.
Тэд мэтгэлцээний эхлэл ба төгсгөлд гар барилцаагүй нь зөрчил ямар хурц байсныг харуулж байна.
Мэтгэлцээний нэг гол сэдэв нь хоёр хоногийн өмнө ил болсон Дональд Трампын видео бичлэг байсан юм. Мөн Клинтоны нууц материал алдсан түүх, сонгуулийн дүнд нөлөөлөхийн тулд Оросын талаас зохион байгуулсан гэх цахим халдлагын асуудал мэтгэлцээний гол сэдэв байлаа.
Сэйнт Луиз дахь Вашингтоны Их сургуульд болсон мэтгэлцээнээс хоёр хоногийн өмнө олон нийтэд ил болсон Трампын 2005 оны видео бичлэгт тэрээр эмэгтэй хүний тухай зохисгүй үг хэрэглэн ярьж байгаа нь баримт болон үлдсэн юм. Үүнээс болоод Бүгд Найрамдах Нам дотор хямрал үүсч, уг намын лидерүүд Трампын төлөө санал өгөхөөс татгалзсан мэдэгдэл хийж эхэлжээ.
Харин Трамп уг бичлэгийг “хувцасны өрөөнд өрнөдөг яриа” төдий зүйл гээд үүнээс илүүтэйгээр Исламын улс бүлэглэлийн аюул, дэлхий дахиныг хамарсан хүчирхийлэлд анхаарлаа хандуулахыг уриалсан байна.
Тэрээр видеонд өгүүлсэн зүйлсийг огт биеэр үйлдээгүй, хоосон яриа гэж мэдэгджээ. Харин өрсөлдөгч рүүгээ эргүүлэн довтолж Хилларигийн нөхөр Билл Клинтон түүнээс ч муухай зүйлийг эмэгтэйчүүдийн эсрэг хийсэн гэж гомдоллосон байна. Трамп “Минийх бол хоосон үг, харин Клинтоных бол үйлдэл байсан” гэжээ.
Нөгөө талаас Хиллари Клинтон уг видео бичлэгийг Дональд Трамп Цагаан ордонд суухад тохирохгүй хүн гэдгийг харуулсан явдал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Клинтон “тэр энэ видеог өөрийг нь хэн болохыг харуулах баримт биш гэсэн, гэвч миний бодлоор уг видеог үзсэн хүн бүр түүнийг хэн гэдгийг ойлгосон байх” гэжээ.
Энэхүү видеог ил болохоос нэг өдрийн өмнө Reuters-Ipsos санал асуулгын дүнгээр Клинтон Трампаас таван хувийн саналаар илүү яваа нь харагдсан юм.
Мэтгэлцээний дараагийн халуун сэдэв нь Обамагийн эхний бүрэн эрхийн хугацаанд Клинтон хувийн мэйл серверийг ажилдаа ашиглаж байсантай холбоотой дуулиан байв.
Трамп хэрвээ сонгогдвол энэ хэргийг шалгах тусгай комисс байгуулна гэжээ. Харин Клинтон хариуд нь “Дональд Трамп шиг темпераменттай хүн манай улсын хуулийн салбарт ажилладаггүй нь ямар сайн хэрэг вэ” гэсэн байна.
Трамп үүний хариуд “Өөрөө яллагдах тул ингэж хэлэх нь аргагүй” гэсэн юм.
Клинтон цааш нь Оросууд цахим халдлага зохион байгуулж Трампыг сонгогдоход нөлөөлөхийг оролдож байна гэжээ.
Үүнийгээ Клинтон сонгуулийн дүнд гадны улс орноос нөлөөлөх гэсэн АНУ-ын түүхэнд байгаагүй явдал гэж нэрлэв. Клинтон “надад итгэ, тэд намайг сонгуулах гэж оролдоогүй нь мэдээж, тэд Дональд Трампыг сонгуулахын тулд үүнийг хийж байгаа” гэсэн юм.
Хоёр хоногийн өмнө Обамагийн засаг захиргаа анх удаа өөрийнхөө эсрэг цахим халдлагад Оросын засгийн газрыг буруутгасан мэдэгдэл хийгээд байв.
Харин Оросын ерөнхийлөгч Владимир Путинд талтайгаа нуудаггүй, Москватай харилцаагаа сайжруулахыг чухал гэж үздэг Дональд Трамп Клинтоны энэ мэдэгдлийг “утгагүй зүйл” гэж няцаасан байна.
Эх сурвалж: Reuters, AFP
URL: