Шоронгоос дөнгөж суллагдсан өдрөө…
37 настай Ермек Абдрахманов саяхан хорих газраас суллагдсан бөгөөд гарсан өдрөө л гэмт хэрэг үйлдэх рекорд тогтоосон байна.
Тэрээр суллагдсан өдрөө найзуудтайгаа нийлж “баяраа” тэмдэглэснээс хамаг зүйл эхэлсэн аж. Нэг найз нь түүний гаргаж буй зан авирт эгдүүцэж эхлэнгүүт түүнийг дуу намсгагчтай гар буугаар нам буудан, “гэрчүүд” үлдээхгүйн тулд тэнд байсан өөр гурван хүнийг устгахаар шийдсэн байна.
Унтаж байсан нэг нөхрөө толгой руу нь буудчихаад, тагтан дээр тамхилж байсан хоёр эрийг буудах гэтэл нөгөөдүүл нь бууг шүүрч аваад гудамж руу шидчихэж.
Цааших үйл явдлууд бүр ч аймшигтайгаар өрнөсөн байна.
Абдрахманов гар буугаа олж авахаар гадаа гүйж гарсан хэдий ч олоогүй тул дэргэдүүрээ өнгөрч явсан өсвөр насны хүүг зодон, гар утсыг нь булаан авчээ.
Үүний дараа тэрээр захын гадна талд зогсож байсан нэгэн машиныг авч зугтахыг оролдсон байна. Гэвч жолоодлогыг ажиллуулж чадаагүй учраас орхин, таксинд суугаад хотын нөгөө захад байдаг хамаатных руугаа явжээ. Тэнд очингуутаа хамаатныхаа хамтран амьдрагч бүсгүйг хүчиндэн, дээрэмдсэн байна.
Дээрэмдэж олсон мөнгөөрөө хар тамхи худалдаж аван хэрэглэсэн гэнэ. Ингээд мансуурлын байдалтайгаар Омскийн Октябрийн районд байрладаг хувийн байшингуудын хаалгыг тогшиж эхэлсэн аж. Ингээд нэг байшингийн эзэд хаалга нээж өгөнгүүт тэдэнд хутга тулган сүрдүүлж, гэрийн эзнийг зодож гарыг нь хүлчихээд, тэнд байсан эмэгтэйг хүчирхийлсэн байна.
Үүний дараа тэрээр хэргийн газраас зугтсан хэдий ч удалгүй баригдсан аж. Алуурчин-хүчирхийлэгч эрийн ганц өдрийн дотор үйлдсэн гэмт хэргүүд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 10 зүйл ангийг зөрчсөн бөгөөд түүнд 21 жилийн хорих ял өгсөн нь олны дургүйцлийг төрүүлж, цаазлахыг шаардаж байгаа аж.
Д.Мигаа
Эх сурвалж: ZONE.MN
URL: