С.Бямбацогт сайдаа, ШШГЕГ-ыг шинэчлэх үү?

3872

ШШГЕГ-т халаа сэлгээ орж, тус газрын шинэ даргаар Ц.Амгаланбаяр томилогдож урьд нь Цагдаагийн академийн захирал, ЗЦГ-ын дарга, ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан түүнийг энэ салбарыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах болов уу гэсэн горьдлого тавьж байна. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг бригадын генерал Б.Билэгт удирдаж байх үед ШШГЕГ-ын үйл ажиллагааны ил тод байдал бүрэн алдагдсан. Санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд мэдээлэл бүрэн хаалттай болсон. Шинэ дарга Ц.Амгаланбаярыг ажлаа хүлээн авч байх энэ өдрүүдэд Булган аймгийн онцгой дэглэмтэй хорих ангид нэг,  Багануур дүүрэг дэх чанга дэглэмтэй хорих ангид мөн нэг ялтан амиа хорлож тус тус нас барсан, Дархан-Уул аймаг дахь жирийн дэгдэмтэй хорих ангиас хэд хэдэн давтан хэрэг үйлдсэн ялтан оргон зайлсан хэргүүд гарчээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажин түжин, анхааруулга, сэрэмжлүүлэг ч үгүй сууж байгаагаас харвал дээрх найдлага талаар өнгөрөх нь үү гэмээр ажээ.

 

Түүнчлэн тус газарт нүүрлэсэн албан тушаал, цол хэргэмийг хавтгайруулан олгодог гажуудал, нөхөр нь эхнэртээ тус албаны албан тушаалаар бэлэг барьдаг галзуурлыг цэгцэлж чадах уу гэсэн асуултууд цааш хөвөрнө.

 

2015 оны долдугаар сарын 27-ны өдөр Авлигатай тэмцэх газраас, хууль зөрчин томилогдсон 21 албан тушаалтны нэрсийг олон нийтэд ил болгосон. Төрийн байгууллага, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн горилогчдоос “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг” авч АТГазраар хянуулах үүрэгтэй. Тэгвэл, ШШГЕГ-т энэ хууль зөрчигдсөн байдаг. Жишээ нь, Б.Билэгт генералын үед түүний б/458 тоот тушаалаар Хорих 407 дугаар ангийн даргаар дэд хурандаа Д.Уранчимэг хэмээх эмэгтэйг томилжээ. Харин Д.Уранчимэгийн нөхөр М.Алтан-Очир тэр үед ШШГЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга (одоо ч ажиллаж байгаа)-аар ажиллаж байсан, гэр бүлийн гишүүд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих, эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой байхыг хориглодог. Гэтэл энэхүү зөрчлийг зогсоож засахын оронд М.Алтан-Очир дарга Авилгатай тэмцэх газрыг шууд тойрохоор шийджээ. Ингээд Д.Уранчимэгийг АТГ-ын хяналтгүйгээр шууд томилсон байна. Энэ томилгоог буруутгаж анхааруулсан албан бичгийг АТГ-аас ШШГЕГазарт хүргүүлсэн боловч үл тоон Д.Уранчимэгийг ангийн даргаар томилоод зогсохгүй улсын баяр, наадмаар хурандаа цол олгожээ Тэрээр ийнхүү нөхрийнхөө дэмжлэгээр  жил хүрэхгүй хугацаанд  дэд хурандаагаас  хурандаа  болжээ.

 

М.Алтан-Очирын дэмжлэгээр нэг жил хүрэхгүй хугацаанд хошууч, дэд хурандаа, хурандаа цолыг зүүсэн “азтай” нэг эмэгтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байгаа нь Д.Алимаа. Хууль сахиулахын их сургуулийг эчнээгээр төгссөн энэ бүсгүй ШШГЕГ-ын сургалтын хэлтсийн  даргаар ажиллаж байна. М.Алтан-Очир тэргүүтний ийнхүү том толгойлж түүнийг нь харъяалах дарга, яамд нь нүд анин өнгөрөөж байгаагийн шалтгааныг эцэст нь Ховд нутгаас хайхаас аргагүйд хүрчээ. Б.Билэгт, М.Алтан-Очир, Сургалтын хэлтсийн  дарга   Д.Алимаа нар Ховдын Манхан сумынх.

 

Хууль зүй дотоод хэргийн сайд ховдынх учраас М.Алтан-Очир ШШГЕГ-ын  дарга болно гэсэн яриа Ц.Амгаланбаяр томилогдсоноор намжсан ч түүний дээрх мэт ноцтой зөрчлүүдэд ямар нэг арга хэмжээ авах болов уу гэсэн хүлээлт албан хаагчдын дунд байна.

 

Нутаг нугын нүүр, тал тохой татсан хэнээрхэл хэр зэрэг хүчтэй байгааг хууль зүйн сайд С.Бямбацогтын ойрын хугацаанд хийх хөдөлгөөнөөс харах л үлдлээ. Эрч хүчтэй залуу улс төрчийн хувьд шинэхэн албан тушаалаа нэр төртэй хашиж нэрээ үлдээх үү, жалга довны үзэл харж нэр нүүрээ барагсдын ивээгч байх уу гэдэг нь түүний сонголт. Уг нь хуулийн салбарт хийх ажил мөн ч их бий дээ.

 

Б.Болд

http://www.shuud.mn/content/read/474481.htm


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих