ШАЛГАН БҮРТГЭХ ТОВЧООДЫГ УХААЛАГ БОЛГОЁ
Кондукторт чичлүүлэн байж мөнгөө төлж, оронд нь хуруун чинээ цаас авдаг байсан манайхан нийтийн тээврийн үйлчилгээг ухаалаг болгох сургаар шоолон инээж байсан цаг саяхан. “Битгий сэрүүн зүүдлээд бай, манай монголчууд тэр ухаалаг автобусны буудлыг чинь хоногт нь хага цохиод, тэр картыг чинь авах ч үгүй, үнэ төлбөргүй зорчих болно” гэх мэтчилэн нийслэлчүүдийг басамжилсан ч гэх үү, доромжилсон ч гэх үү сөрөг зүйлийг ярьж, бичих хүн олон байлаа. Энэ нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нийтийн тээврийн смарт картын үйлчилгээ манай улсын хувьд мөрөөдөл байсан үеийн харанхуй шүүмжлэл юм.
Харин одоо “Өө энэ нийслэлчүүд чинь хэн нэгнээр чичлүүлэхгүйгээр соёлтой боловсон үйчлүүлж чаддаг юм байна. Ухаалаг автобусны буудал дээр бие засахгүй, эвдэж, хагалахгүй хайрлаж, харамлах ухамсартай юм байна” хэмээн магтах хүн олдохгүй байгаа ч “Ухаалаг үйлчилгээ”-г Мянгуужингийн үлгэр байжээ гэх хүн одоо л лав алга.
Тиймээс ухаалаг үйлчилгээнээс ухраагүй харин ч боломжтой бүгдийг ухаалаг болгож, дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхах хэрэгтэй байна. Монголчууд бид ухаалаг системтэй хөл нийлүүлэн алхаж чадна гэдгийг энэ мэт олон зүйлээр батлаад байгаа шүү дээ. Хамгийн ойрын хугацаанд шийдэж болох нэг зүйл бол хотоос гардаг, ордог товчоодын асуудал.
Уг нь аль 2013 онд нийслэлийн хөрөнгөөр хотоос баруун чиглэлийн аймгууд руу гардаг 22-ын шалган бүртгэх товчоог бүрэн автомат тоног төхөөрөмж бүхий хаалттай болгосон. Энэхүү хаалт нь тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх дугаар танилтын системтэй бөгөөд хоёр секундийн дотор нээгдэж хаагдана. Дугаар танилтын систем буюу хяналтын камерыг нийслэлийн Авто замын газрын төв сервер дээр шууд хянаж байхаар болсон. Гэтэл бөөн хөрөнгө мөнгө зарж хийсэн энэхүү ажил өнөөдөр хэнд ч хэрэггүй хог болоод удаж байна. Саяхан сэтгүүлч миний бие хөдөө явахаар тус шалган бүртгэх товчоогоор гарсан. Уг нь 22-ын товчоо гардаг, ордог 10 эгнээтэй. Гэтэл одоо гардаг нэг, ордог нэг эгнээ нь л ажилладаг юм билээ. Харин бусад эгнээг томоос том чулуугаар хаачихсан байна.
Мэдээж хотоосоо гарах олон эгнээ замаар очсон бүх машин шалган дээр очоод нэг эгнээнд ороод түгжирч орхих нь тэр. Ойролцоогоор 20-30 минут хүлээсний эцэст сая нэг миний нэвтрэх ээлж боллоо. Энэ үеэр “Энэ олон эгнээтэй шалган бүртгэх байхад яагаад ганцхан эгнээг нь ажиллуулдаг юм бэ, тэгээд мөнгө хураахдаа хурдан шуурхай үйлчилж болдоггүй юм уу” хэмээн тодруулсан юм. Харин мөнгө хураагч маань өөдөөс “Хуцаад бай, мөнгө өгөхгүй гээд олон юм яриад байгаа хүмүүсийг чинь яах юм” хэмээн бухимдан загнаж, мөнгө хавчиж авдаг урт иштэй төмрөө машины цонхоор сарвайсан юм.
Уг нь ухаалаг болгоод дугаар танилтын систем буюу хяналтын камертай болсон юм чинь энэ мэт бүдүүлэг нөхдүүдэд элдэв хоёроороо хэлүүлэхгүй 22-ын товчоогоор нэвтрэх бүрэн боломжтой баймаар. Өөрөөр хэлбэл, зөрчлийн торгуулийг гэрийн хаягаар явуулаад авдаг шиг замын төлбөрийг хамтад нь ирүүлчихэж яагаад болохгүй гэж. Замыг нь тавиад, шалган нэвтрүүлэхийг нь тохижуулчихсан байхад түүнийг ашиглаж чадахгүй бүдүүлэг байж болохгүй биз дээ. Энэ чинь бэлэн хоол байхад халбагадаад ам руугаа хийж өгөхийг нь хүлээгээд хэвтэж байгаагаас огт ялгаа алга. Тиймээс бүх зүйл нь бэлэн товчоогоо ухаалаг системд нэвтрүүлээд, дараа дараагийн шалган бүртгэх товчоодоо ч ухаалаг болгоод өгөөч, Хотын дарга аа.
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
URL: