ЧӨЛӨӨТ БӨХИЙН АХМАДЫН ДАШТ-ЭЭС ДОЛООН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Польш улсын Валбжих хотноо чөлөөт бөхийн Ахмадын ХVIII дахь ДАШТ тэмцээн эхэллээ. Эхний өдөр В, Е, F ангиллын барилдаан болж манай найман бөх зодогложээ.
“В” ангиллын 58 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Т.Батнасан нэгдүгээр тойрогт оросын бөх Семён Соркомовт 3:4 онооны харьцаагаар дийлдэж хоёрдугаар тойрогт туркийн бөх Эрсен Басартайг 10:0 онооны харьцаагаар хожиж гуравдугаар тойрогт гоц мөргөжээ. Улмаар өрөвдүгээр тойрогт японы бөх Макото Какияакийг цэвэр ялж , тавдугаар тойрогт АНУ-ын бөх Жасон Алан Голдманыг 4:2 онооны харьцаагаар хожиж мөнгөн медаль хүртсэн байна.
69 кг-ын жинд барилдсан Н.Баатар нэгдүгээр тойрогт ӨАБЭУ-ын бөх Андрей Жеймс Патрикийг 10:0, хоёрдугаар тойрогт полшийн бөх Уриж Артур Рафел Бурскийг 11:4 онооны харьцаагаар буулган авчээ. Ингээд мөнгөн медалийн төлөө ХБНГУ-ын бөх Уриж Макаровтай барилдаж 11:15 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд италийн бөх Антонино Каландратай өрсөлдөж 10:0 онооны харьцаагаар буулган авчээ.
85 кг-ын жинд зодоглосон Д.Ганбат нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт оросын бөх Сергей Погероловыг 10:0, гуравдугаар тойрогт азербайжаны бөх Ислам Гуляевыг 12:0 онооны харьцаагаар ялсан байна. Улмаар мөнгөн медалийн төлөө молдавын бөх Тудор Енитэй барилдаж 1:4 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд словакийн бөх Генрих Пиетрикийг 2:2 онооны харьцаагаар хожжээ.
Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ХБНГУ-ын бөх Тино Коеллманыг 12:6 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт туркийн бөх Кадир Гурдоглыд 3:4 онооны харьцаагаар дийлджээ. Ингээд дагах барилдаанд польшийн бөх Павел Роман Головиякийг 12:2 онооны харьцаагаар буулган авч хүрэл медалийн төлөө барилдаанд грекийн бөх Димитриос Чалкиясийг хожжээ.
130 кг-ын жинд зодоглосон Ш.Баянмөнх нэгдүгээр тойрогт польшийн бөх Крзостоф Домарусыг 2:0 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт болгарын бөх Андрей Земчанкад цэвэр ялагдсан байна. Гуравдугаар тойрогт туркийн бөх Ядин Халимоглытэй барилдах байсан ч бэртлийн улмаас дэвжээнд гараагүй учир хүрэл медаль дээр буужээ.
“Е” ангиллын 97 кг-ын жинд зодоглосон Ж.Лхагвасүрэн нэгдүгээр тойрогт туркийн бөх Зия Гесенйиг 2:1 онооын харьцаагаар хожиж хоёрдугаар тойрогт польшийн бөх Мирослав Вьечзоркейвичийг цэвэр ялж, гуравдугаар тойрогт италийн бөх Виктор Гараурт 10:0 онооны харьцаагаар ялагдаж мөнгөн медаль хүртжээ.
“F” ангиллын 85 кг-ын жинд зодоглосон Ө.Насанжаргал нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ӨАБНУ-ын бөх Жохан Годлейп Воинтийг 10:0, гуравдугаар тойрогт казахстаны бөх Антолий Векличийг цэвэр ялжээ. Ингээд алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын бөх Антонино Жозе Перазатай барилдаж 3:7 онооны харьцаагаар дийлджээ.
Ийнхүү манай тамирчдаас Т.Батнасан, Д.Ганбат нар ахмадын ДАШТ-ний хошой медальт бөх боллоо.
Эх сурвалж: МЧБХ
URL: