Сонгуулийн тухай зарим заалтыг хүчингүй болголоо
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09.30 цагт Төрийн ордонд хуралдлаа. Тус байнгын хороо Үндсэн хуулийн Цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн юм.
Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй заалт нь Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль болсон бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Иймд УИХ-ын чуулганаар цэцийн дүгнэлтийг хэлэлцээд, хүлээж авсан юм.
Орон нутгийн сонгууль эхлэхээс өмнө Сонгуулийн тухай хуулийн уг заалтыг хүчингүй болгох зорилгоор өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дээрх заалтыг хүчингүй болгожээ.
Б.Цэцэг
URL: