Маргааш бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохионо
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр маргааш буюу энэ сарын 8-нд тохиож байна. Эл өдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өөрийн сонгогдсон тойрог болох Баянзүрх дүүргийн II, XXI, XXVII зэрэг хорооны нутаг дэвсгэрт мод тарих бол салбарын яамны албан хаагчид Дамбадаржаа дахь Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнд мод тарина.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд жил бүрийн хавар, намар “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг гаргаснаас хойш энэ хүрээнд 9,7 сая мод тарьж, ургуулжээ. Мөн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол 2015 ны оны дөрөвдүгээр сард “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” зохион байгуулах тухай” тушаал гаргаж, уг тушаалын дагуу бүх нийтээр мод тарих өдрийг “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх хэлбэрээр зохион байгуулсан. Уг хөдөлгөөнд 227,4 мянган иргэд, 12,8 мянган аж ахуйн нэгж байгууллагууд оролцож нийт 30 гаруй төрлийн 1,78 сая мод тарьж ургуулжээ. Мөн улсын хэмжээнд 44,4 мянган өрх хашаандаа 296,9 ширхэг мод тарьж ургуулсан байна.
Энэ жил бүх нийтээр мод тарих арга хэмжээний хүрээнд тарьсан мод бут, сөөгийг эзэнтэй болгож тарьсны дараа цаашид арчилж хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх, мөн тарьсан модыг бүртгэлжүүлж мэдээллийн сан байгуулах юм. Энэ намрын мод тарих өдрийн хүрээнд гэр хорооллын иргэдийн хашаандаа мод тарьж, ургуулах идэвх санаачлагыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа бөгөөд үүний дагуу Баянзүрх дүүргийн 200 орчим иргэнд мод тарих сургалтыг зохион байгуулсан. 2016 оны хаврын “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд улсын хэмжээнд 86926 иргэд, 4162 аж ахуй нэгж байгууллага оролцож, нийт 583343 ширхэг мод, сөөгийн тарьжээ гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
URL: