Орхигдсон оюуны урвуу хамаарал
Монголчууд харь нутагт оюун ухаанаараа цойлсон гэх сайхан мэдээ гуравхан сая хүнд ахдахаар олон сонсогддог. Гэсэн атлаа, сав л хийвэл гадны зөвлөх залж, доноруудаас зээл, тусламж хүсдэг нь бидний чадвар ямар байгааг харуулж буйн илрэл юм. Мэдлэгт суурилсан эдийн засгийн гол араа болсон бүтээлч байдал нүүдэлчин ахуй цагаасаа монголчуудад өвлөгдөөгүйг Оюуны чадварын IQ төвийн тэргүүн Ц.Дэмбэрэл тайлбарлаж байлаа.
Оюуны булгийн ундарга дээр эзэн суусан нүүдэлчид хэзээд юмны сайныг сонгох чадвартай. Гэвч бусдын бүтээснийг булааж, бэлэнчлээд сурчихсан учраас бүтээлч сэтгэхүй нь орхигдчихсон. Өөрөөр хэлбэл, биеэ зовоож бус амар хялбар аргаар амьдрах дадалд суржээ. Энэ сул тал өнөөгийн бүтээлч хөгжлийн загварт тохирохгүй байгаа нь оюуны чадвар, эдийн засгийн хөгжлийн урвуу хамаарлыг бий болгоод буй юм.
Үндэстнүүдийн оюуны чадвар ба улс орны хөгжлийн түвшин шууд хамааралтайг Умард Ирландын эрдэмтэн Ричард Линн нар авч үзсэн нь бий.
Математикийн сууръ мэдлэг сайтай хүүхдүүд өөрсдийгөө улс төрийн оролцогч гэж үздэг
Тэд бүтээлдээ Зүүн Хойд Азид амьдардаг хүмүүс тархиныхаа багтаамжаар дэлхийд тэргүүлдгийг онцолсон. Мөн тархи судлаач бусад эрдэмтний нотолсноор монгол эрэгтэй хүний тархины жин ОХУ, Европын дунджаас харьцангуй их байдаг аж. Тиймдээ ч, бүтээсэн хөрөнгөгүй ч нүүдэлчдийн IQ буюу оюуны итгэлцүүр дэлхийд 5-6 дугаарт эрэмбэлэгддэг.
Монголчуудын өмнө Сингапур, Өмнөд Солонгос, Япон, Итали, БНХАУ гээд газар зүйн хувьд нэг өргөрөгт хамаардаг улс орнууд ордог байна. Энэ нь тархины хөгжилд дэлхийн бөмбөрцгийн хойд өргөргийн 40-50 градус хамгийн таатай нөлөө үзүүлдэгтэй холбоотой аж. Гэхдээ энэ бүсэд оршдоггүй нэг орон байгаа нь Сингапур. Ричард Линн, Тату Ванханен нарын “Оюуны итгэлцүүр ба үндэстнүүдийн баялаг” бүтээлд бичсэн шиг улс орны хөгжлийн түвшин иргэдийнх нь оюуны түвшинтэй шууд хамааралтай байдгийг үгүйсгэж буй хоёр орон бол Сингапур, Монгол.
ОУВС-гийн тооцоогоор нэг хүнд ногдох ДНБ-ий нэрлэсэн хэмжээгээр монголчууд 191 орны 128 дугаарт явж буй. Гэвч оюуны итгэлцүүрийн хэмжээгээрээ бидний өмне зогссон таван орон ДНБ-ээрээ дэлхийд эхний аравт эрэмбэлэгддэг. Харин Сингапур 38 дугаарт байгаа нь гайхах зүйл биш. Тодорхой хэлбэл, тус улс хүний оюуны чадамж өвлөгддөг гэсэн уламжлалт ойлголтыг амжилттай эвдэж буй. Бараг 100 гаруй жилийн тэртээ үүссэн тархи судлалд өдгөө дээрх ойлголт улам бүр багассаар.
Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар ядуурал оюуны хөгжилд саад учруулдгийг батлав. Принстоны их сургуулийн эрдэмтэд Энэтхэгийн чихрийн шижингийн 464 тариачны дунд хийсэн судалгаагаар санхүүд санаа зовох нь оюуны итгэлцүүрийг 13 нэгжээр буулгадгийг нотолсон байна. Тэдгээр тариачны жилийн орлогынх нь 60-аас дээш хувь ургацаас хараат байдаг аж. Тэднээс ургац хураалтын дараа авсан оюуны чадамжийн тестийн хариу ургац хураахын емнө авснаас илт илүү байжээ.
Улс оронд баян, ядуугийн ялгаа нэмэгдэх тусам IQ-ийн зөрүү ихэсдэг
Мөн аль оронд, ямар орчинд амьдарч байгаа нь IQ-гийн түвшинд нөлөөлдгийг баталсан өөр нэг судалгаа бий. Эдинбург болон Техасын их сургуулийн эрдэмтэд өндөр хөгжилтэй 14 орны 25 мянган ихэр хүүхдийн дунд хамтарсан судалгаа явуулсан байна. Судалгаагаар нийгэм, эдийн засгийн байдал нь хүүхдийн оюуны хөгжилд удамшилтай адил чухал үүрэг гүйцэтгэдгийг нотолсон байна. Тиймээс баян, ядуугийн ялгаа ихсэх тусам иргэдийн оюуны итгэлцүүрийн ялгаа ихэсдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
АНУ-ын эрүүл мэндийн үндэсний хүрээлэн ч энэхүү судалгааг дотооддоо явуулж, мөн ижил дүгнэлт гаргасан аж. Судалгаагаар эхийн хэвлийд байх үеэс долоон нас хүртэлх хүүхдийн оюуны хөгжил нь эцэг, эхийн орлогын түвшинтэй шууд хамааралтай гэсэн үр дүн гарчээ. Тааруухан орчинд амьдардаг дөрвөн настай хүүхдийн сэтгэцийн гажигт нэрвэгдэх эрсдэл нь хангамж сайтай айлын хүүхдийнхээс 13 хувиар их байсан байна. Энэ ялгаа хүүхдүүдийг долоон нас хүрэхэд 20 гаруй хувь болж нэмэгджээ.
Тиймээс оюуны чадварыг хөгжүүлж, баялгийн хуваарилалтыг тэгшитгэхэд эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын тогтолцоо хамгийн чухал орчин болж байна. Үүнийг нотлох өөр нэгэн далайцтай судалгааг дэлгэе.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-aac 2012 онд гишүүн болон түнш 65 орны сурагчдын дунд явуулсан судалгаагаар Хятадын Шанхай хот болон, Сингапур улсад дэлхийн хамгийн шилдэг сурагчид байдгийг тогтоожээ. Дэлхийн эдийн засгийн 80 хувийг бүрдүүлдэг хөгжиж буй болон хөгжингүй орны 15 настай 28 сая оюутан, сурагчдыг төлөөлөх 510 мянган хүүхдийг PISA буюу Олон улсын суралцагчдын үнэлгээний хөтөлбөрт хамруулж, үр дүнгээр нь ирээдүйн хандлагыг тооцдог байна.
Хөтөлбөрөөр 15 настай хүүхдүүдийн эзэмшсэн байх ёстой чадварууд буюу математик, уншиж ойлгох, шинжлэх ухааны мэдлэгийг ашиглан асуудлыг хэрхэн шийдэх чадварыг нь шалгаж, үнэлгээ тогтоожээ. Сурагчдын чадварыг 1-5 хүртэлх түвшинд ангилж, тус бүрт нь эдийн засгийн тооцоо хийдэг аж. Тухайлбал, таван сурагч тутмын хоёр нь хоёрдугаар түвшний чадварыг эзэмшээгүй байсан байна. Хэрэв энэ түвшинд хүргэчихвэл OECD-ийн 65 орон эдийн засгийн хувьд 200 их наяд ам.долларын үнэ цэнэтэй боловсон хүчинтэй болох тооцоо гаргажээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас дээрх гурван чадварын хамгийн чухлыг нь математикийнх гэж үздэг. Энэ чадварыг хөгжүүлэхэд жилд 230 тэрбум ам.доллар зарцуулдаг байна.
Математикийн суурь мэдлэг сайтай хүүхдүүд нийгмийн сайн дурын ажил эрхлэх магадлал өндөр, өөрсдийгөө аливаа улс төрийн үйл явцын обьект бус оролцогч гэж үздэг аж. Математикийн амьдралдаа ашиглах чадвар нь улс орон хэр зэрэг баян байхтай салшгүй холбоотой гэж үздэг. Энэ нь хөгжлийн үлгэр жишээ орнуудын загвар болдог байна. OECD-ийн судалгаагаар ядуурал, амьдралын тааруу байдал сурагчдын оюуны итгэлцүүрт хэрхэн нөлөөлдгийг ч мөн тодорхойлжээ. Нийгэм, эдийн засгийн байдал сайтай орчинд торнисон сурагчдын PISA-ийн үнэлгээ тааруу орчинд амьдардаг хүүхдүүдлйихззс дунджаар 39 оноогоор илүү байсан байна. Харин сурагчдын ердөө зургаан хувь нь л оюуны чадварыг нухчин дардаг нийгэм. эдийн засгийн таагүй нөхцел байдлыг сөрөх чадвартай байжээ.
Энэ бүхнийг дурдахын учир нь, бүтээлч хөгжлийн эрин үед улсын хөгжил ард түмний оюуны чадвартай эерэг хамааралтай байдаг зүй тогтлоос монголчууд ангид оршихгүйн илрэл юм.
З.ЦЭЛМЭГ [ЗГН]
URL: