“Орон сууцны зах зээлд оролцох төрийн оролцоог өөр хэлбэрт шилжүүлэх бодлого баримтална”
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Монголын Барилгын үндэсний Ассоциацын удирдлагуудтай уулзан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг хэрхэн сайжруулах боломж байгаа талаар нээлттэй ярилцлаа.
Тус ассоциацийн бүрэлдэхүүнд сүүлийн 10 жилийн турш Монголын бүтээн байгуулалтын түүхийг бичилцсэн шилдэг барилгын компаниудыг үүсгэн байгуулагч, захирал, гүйцэтгэх захирал, ерөнхий инженерүүд багтдаг юм байна.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд бүтээн байгуулагчид, баялаг бүтээгчдээ бүхий л талаар дэмжин ажиллахаа хэлээд, орон сууцны зах зээлд оролцох төрийн оролцоог өөр хэлбэрт шилжүүлэх бодлого баримтлан ажиллана гэсэн юм. Төр илүү хямд, илүү сайн барилга барих гэж бизнес эрхлэгч нартай өрсөлдөх биш харин тэднийг бодлогоор дэмжин төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг сайжруулах нь чухал гэж үзэж байгаагаа хотын дарга хэллээ.
Түүнчлэн Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах боломж нээлттэй байгааг дуулгав. Утааг бууруулж, гэр хорооллыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодлогын хүрээнд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатайг дурдаад, орон сууцны хөнгөлөлтийн талаар бодлогын шинэ төлөвлөлт хэрэгтэй байгааг хэлсэн юм.
Нийслэлийн Засаг даргын ирэх 4 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тооллого явуулж, газрын нэгдсэн сан байгуулахаар туссан. Энэ нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ менежмент нэвтрүүлэх, дэд бүтэц нь шийдэгдсэн сул газруудад ямар ч хөрөнгө оруулагч ирээд бүтээн байгуулалт хийх боломж бүрдүүлэхэд чухал алхам болохыг хотын дарга онцоллоо.
Нийслэлээс шийдвэр гаргаад иргэддээ, бизнес эрхлэгчиддээ шууд тулгадаг биш гаргах гэж байгаа шийдвэр бүхэн доороосоо эхээ авсан, тэдний хүсэн хүлээсэн шийдвэр байх ёстой гэсэн зарчим баримтлан ажиллана. Тиймээс нийслэлийн Засаг даргын дэргэд олон нийтийн зөвлөл байгуулж тэр зөвлөлд барилгын салбарын төлөөллийг оролцуулж бэрхшээл, боломжуудыг нь ч сонсож, нээлттэй ажиллах болно гэдгээ хотын дарга уулзалтын үеэр хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: