“Хар” машин үнэхээр “но”-той юу

22012 оны сонгуулийн саналын хуудсыг “хар” машин буюу санал тоолох машинаар тоолсон. Анх удаа гараар бус дэвшилтэт технологи ашигласан нь энэ. Харин сонгуулийн дараа өнөөх “хар” машиныг “но”-той гэж үзээд, тухайн үед цөөнх болсон намынхан ам хуурайгүй л ярьж байлаа.

Харин ялсан нь “Эд гараар тоолж луйвар хийдэг байсан. Машинаар тоолохоор үнэн зөв гарч, бид яллаа” гэх маягийн юм ярьж байсан нь санагдана. Тэгвэл 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан. Цагтаа “хар” машиныг шатааж хүртэл үзэж байсан намынхан өөрсдөө ч итгэмээргүй ялалт байгуулсныхаа дараа “но” энэ тэр гэж ярьсангүй.

Харин ялагдсан талынхан, жижиг намууд аанай л өнөөх машиныг ярьж, муу хэлсээр байгаа.Бүр янз бүрээр л хардаж байна. Өнөөх муу нэртэй “хар” машин чинь үнэхээр “но”-той гэнэ ээ.

Бүр программыг нь засчихдаг юм байх. Тэгж засч чаддаг хоёр, гурван хүн байгаа бөгөөд бүгд өндөр албан тушаалд очиж суугаад, жаргаж байгаа гэсэн цуурхал ч байна. Хамгийн гол нь программыг янзалж, өөртөө ашигтай байдлаар эргүүлэхийн тулд багагүй хэмжээний мөнгө хэн нэгэнд төлөх ёстой юм уу даа, янз нь.

Гэтэл энэ удаагийн сонгуулиар АН мөнгөө төлөөгүй, МАН өгчихсөн гэнэ. Тэгээд л МАН-ынхан ялчихгүй юу. Иймэрхүү явган яриа ч бас гарч л байна. Ямар ч байсан өнөөх хар машиныг яаж ийж байгаад л “но”-той болгох гэж оролдоод байгаа бололтой юм. Хөөрхий, үнэхээр “но”-той юм болов уу даа. Ингэж хардаж байхаар бүр халаад хаявал таарна.

Тэгээд гараараа тоолоод л явж байхгүй юу, хуучин шигээ. Гараар гэснээс, сая сонгуулиар ч гэсэн хяналтын тооллого хийсэн. Тэгээд яав, үр дүн өөрчлөгдсөн юм байхгүй. Хэвээрээ л гарсан. Тэгэхээр үнэхээр “хар” машин “но”-той байсан бол гараар тоолоход зөрмөөр санагдах юм.

Ингээд бодохоор тэр “но” энэ тэр нь худлаа ч байж магадгүй. Гэтэл бас энд тэнд ганц нэг доголдол гарсан байх магадлалтай гэсэн явган яриа гараад байна. Одоо орон нутгийн сонгуулийн өмнө хаа сайгүй л өнөөх муу нэртийг янз бүрээр шалгаж үзэх гээд байгаа бололтой юм.

Гэхдээ МАН үнэхээр УИХ-ын сонгуулийн үеэр өөрийн намын нэр дэвшигчийн төлөө тоолдог болгоод “хар” машиныг “найрчихсан” бол шалгаад ч нэмэргүй биз дээ. Ер нь МАН орон нутгийн сонгуулийн өмнө сурталчилгаа бараг хийхгүй байгаа. Онц ач холбогдол ч өгөхгүй, хэвлэлээр ч сурталчилгаа хийхгүй гэсэн гэнэ билээ.

Нэр дэвшигчид нь хэдэн самбар гаргаж тавиад л гүйцээ. Харин намын дарга нь өөрөө хөдөө, орон нутгаар жаахан явж, улсын ажил болоод сонгуулийг зэрэг ярьж, иргэдтэй уулзаж байна. Ийн хэвлэлийг хаяад байгаа нь тэд ялалтдаа итгэлтэй байгаагаас болж байж ч болох.

Тэртэй тэргүй хэний ч төлөө дугуйлсан машин МАН-ын төлөө тоолоод гаргачих юм чинь гээд.Өнөөх мөнгө төлж программ уншуулжээ гэх яриа ортой ч байж болох талтай гэж хардаад байгаа хэрэг. Эсвэл тэртэй тэргүй намын рейтинг уначихсан юм чинь буянаараа л болог гээд бас хаяж байж ч болох л доо.

Хэрвээ МАН орон нутагт ч цөм ялбал энэ яриа улам л газар авах байх. Тэд программ уншуулсан нь батлагдлаа гэж ирээд л ярьж гарна биз. Харин АН юм уу, бусад хүчин орон нутагт ялчихвал яах юм бол. “Хар” машин гэж, зовлонтой ч эд юм даа, хөөрхий.


URL:

Сэтгэгдэл бичих