Афганистан дахь халифат

6-1_700x700“Афганистан улс террористуудыг бут цохиж байна” хэмээн тус улсын Ерөнхий сайд Абдулла Абдулла баталж байна. Гэвч яг газар дээрээ Афганистан дахь жихадистуудын эсрэг дайн огт өөр дүр зурагтай байгаа юм. Кабулын Засгийн газрын цэрэг сүүлийн 24 цагийн дотор гэхэд л улс орны 34 мужийн 14-т нь “Исламын улс” бүлэг болон талибуудын эсрэг довтолгоо явуулах хэрэгтэй болжээ. Нангархар, Кунар, Пактиа, Вардак, Кандагар, Урузган, Забул, Гхор, Фарах, Кундуз, Шар-э-Пу, Фаряб, Хелманд муж Засгийн газрын эсрэг хүчний байнгын довтолгоонд өртөөд зогсохгүй Афганы хүчний байгууллагынхан хэдэн зуун лалын дайчдын эсрэг дуртай дургүй байлдах болов. Засаг захиргааны 397 нэгжийн 39-ийг нь босогчид хянаж байгаа Кундуз, Хелманд мужид энэ нь түлхүү ажиглагдаж байна. Босогчид дахиад хэдэн бүс нутгийг хяналтдаа авахаар улайрч байгаа аж.

Сири, Ирак дахь түшиц газраа алдсаар байгаа “Исламын улс” бүлэг болон талибууд Афганы зүүн хэсгээр давшсаар, эзэмшлийн газраа тэлсээр буйн өмнө Кабулын цэргүүд юу ч хийж чадахгүй байна гэдгийг Ерөнхийлөгч Ашраф Ганигийн засаг захиргаа аль дээр хүлээн зөвшөөрсөн юм. Пакистаны Балучистанд төвтэй талибуудын лалын эмират улсыг байгуулахын төлөө тэмцэж байгаа дайчид Кабулын цорын ганц дайсан байхаа больжээ. Энэтхэг, Пакистан, Иран, Афганистаныг эзлэхийг санаархаж байгаа “Хорасаны лалын улс” бүлгийнхэн (“Аль-Кайда”-гийн Сири дахь салбар) 2014 онд Афганистанд орж ирээд тэндхийн Кабулд дургүй талиб дайчдыг эгнээндээ элсүүлэн хүчирхэгжжээ. “Тэр цагаас хойш Афган дахь “Исламын улс” ч идэвхжиж 34 мужийн 12-т нь нэр нөлөөгөө тогтоогоод байна” хэмээн Вашингтонд төвтэй Ойрхи Дорнодын хүрээлэнгээс мэдэгдлээ. Гэвч тэд талибууд, Кабулын цэргийн дайралт, НАТО болон АНУ-ын цэргийн хүчинтэй тулгарсны дараа арга барилаа өөрчилж жижиг газар нутгийг эзлэх тактик дээр төвлөрөөд байна.

Абу Бакр Аль-Багдадигаар удирдуулсан террористууд эдүгээ зүүн хэсгийн Нангархар, Логар, Кунар мужид ихээхэн нэр нөлөөтэй болж, хэдэн мянган экс дайчдыг эгнээндээ элсүүлж буйн дотор Пакистаны Тэхрик-э-Талибан, Узбекистаны Лалын хөдөлгөөн байна. Афганистан дахь “Исламын улс” бүлэг эдүгээ талибуудаас илүү хуучинсаг бодлого баримталж, гэнэт их хүчээр дайрахыг эрмэлзэхээ больжээ. Тэд олон хүний аминд хүрч болох террорист халдлагыг түлхүү хэрэглэх болов. Өнгөрсөн долдугаар сард Кабул хотод хазара үндэстний жагсаал дээр бөмбөг дэлбэлж 80 хүний аминд хүрсэн нь үүний нэг нотолгоо юм. “Исламын улс” бүлгийн эгнээнд найман мянган дайчин алба хааж байна хэмээн Их Британийн Royal United Services хүрээлэн үзэж байна. Харин АНУ, НАТО-гийн цэргийн хүчний командлагч, генерал Жон Николсон “Тэд дөнгөж нэг мянга 300 цэрэгтэй” гэж мэдэгджээ. Лалын дайчдын тоо нь тодорхой бус байгаа ч “Исламын улс” бүлэг давшсаар, газар ахисаар, Кабулын Засгийн газар болон түүний олон улсын холбоотнуудад заналхийлсээр байна. Афганы эрх баригчдын ялалт НАТО болон АНУ-ын санхүүгийн, агаарын довтолгооны дэмжлэгээс ихээхэн хамаарах болов. Долдугаар сард Варшавт болсон хурлаар НАТО Афганы аюулгүй байдлын хүчинд 2020 он хүртэл таван тэрбум долларын тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ. Энэ өдрүүдэд Брюссельд болж буй хурал дээр Афганы Ерөнхийлөгч Ашраф Гани дахин гурван тэрбум доллар гуйхаар зэхэж байна.

Кабул зэр зэвсэг, цэргээ сайжруулахын тулд ийнхүү мөнгө хөрөнгө гуйж байгаа нь дайн ямар ноцтой байдалд хүрснийг харуулж байна. Лалын террористуудын байлдах чадварыг үл ойшоож байх хооронд тэд давшсаар явна. “Босогчид жирийн иргэдийг буудаж, дээрэмдэж, далбаагаа нэг мандуулчихаад дараа нь бут цохигдоод зугтдаг” хэмээн Пентагоны төлөөлөгч Жефф Дэвис саяхан мэдэгдэж байв. Гэтэл жихадист дайчид хавар, зуны довтолгооны дараа ихээхэн газар нутгийг эзэлж чаджээ. Хэдийгээр өнгөрсөн гуравдугаар сард талибуудын лидер Мансурыг нисгэгчгүй онгоцны довтолгооны явцад устгаж чадсан ч орыг нь залган гарч ирсэн Хибатула Аюунзада илүү харгис бодлого баримталж, стратегийн чухал Кундуз, Фаряб, Хелманд, Нангархар мужид довтолгоо явуулжээ. Талибууд мужийн нийслэл хотын ойролцоох жижиг хотуудыг эзэлж аваад нийслэлийг байнга заналхийлэх, үе үе довтлох, ар талын, хангамжийн замыг хаах, дээрэмдэх зэргээр энгийн мөртлөө үр дүнтэй тактик руу шилжээд байна. Яг энэ тактикаар хоёр хоногийн өмнө Кундуз хотыг дайран эзэлсэн ч Засгийн газрын цэргүүд хариу довтолгоо хийж талибуудыг хөөж гаргасан хэмээн Кундузын захирагч Асадулла Омар ярилаа. Ийнхүү Афганистан улс дотор лалын халифат улс байгуулах санаархал эргэн хүчээ авсаар байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Н.МӨНХЖИН


URL:

Сэтгэгдэл бичих