Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх арга замыг хэлэлцлээ

00Санхүүгийн зохицуулах хороо Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Азийн бичил даатгалын зах зээлийн зохицуулалтын тогтолцоог дэмжих хөтөлбөр болон Монре даатгал ХХК-тай хамтран “Монгол Улсад хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд чиглэсэн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан эрсдэлээс хамгаалах арга замууд” сэдэвт семинарыг Улаанбаатар хотноо өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэ Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Азийн бичил даатгалын зах зээлийн зохицуулалтын тогтолцоог дэмжих хөтөлбөрийн захирал Др. Антонис Малагардистай тусгайлан уулзаж цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх боломж нээлттэй гэдгийг уламжиллаа.

Чуулганы үеэр Монгол улсад хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан даатгалын бүтээгдэхүүн бий болгох боломж, тулгамдаж буй асуудал, нөхцөл байдал, хууль эрх зүйн зохицуулалтын талаар нэлээд өргөн хүрээнд хөндсөн юм.

Манай улсад үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн 90 гаруй гаруй аж, ахуйн нэгжийн гуравны хоёр нь жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг ба 80 орчим хувь нь 10-аас цөөн ажилтантай бичил бизнес байгаа юм. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан даатгалын бүтээгдэхүүн зах зээлд хараахан байхгүй байгаа нь даатгалын компаниудын энэ зах зээлд хүрч үйлчлэх туршлага бага байгаатай холбоотой гэдгийг илтгэгчид хөндөж байлаа. Иймд даатгалын зах зээлд цаашид үнийн зөөлөн бодлого, ашигт ажиллагааны зөв хуваарилалт чухал. Даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхийн тулд эрсдэлийн маш зөв зураг гаргах хэрэгтэйг мөн онцолж байлаа. Нөгөө талаар нэг хүн амд ногдох даатгалын хураамжаар хөгжилтэй орнуудтай харьцуулахад 10,000 дахин бага боловч хөгжих боломж байгааг харуулсан олон тоон үзүүлэлт буйг ч дурдсан юм.

Энэхүү арга хэмжээ нь бичил санхүүгийн байгууллагуудын оролцоотойгоор даатгалын зуучлагчдын төрлийг өргөжүүлэх талаар хэлэлцэж, туршлага солилцох боломжийг төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэнд олгож, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эрсдэлийг удирдах боломжуудыг нээн илрүүлснээрээ ач холбогдол өндөртэй байлаа хэмээн зохион байгуулагчид тэмдэглэлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих