ӨНГӨРСӨН ОНД ҮР ХӨНДӨЛТИЙН 18168 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

2Сүүлийн жилүүдэд үр хөндөлтийн асуудал хурцаар яригдах болсон. Тэр дундаа өсвөр насны охид анхны жирэмслэлтээ үр хөндөлтөөр  дуусгаж байгаа нь ирээдүйд хүүхэд төрүүлж чадахгүй болох эсрдэлийг нэмэгдүүлж байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Гэвч үр хөндөлт хийлгэх  охид, бүсгүйчүүдийн тоо буурахгүй  байгаа нь доорх судалгаанаас харагдана.

Нийслэлийн статистикийн газраас гаргасан судалгааг харвал Нийслэл хотын хэмжээнд үр хөндөлт сүүлийн 10 жилд тогтмол өсөлттэй байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн 2015 онд улсын хэмжээнд үр хөндөлтийн 18,168 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 13,164 тохиолдол нь нийслэлд тэмдэглэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 18,168 хүүхэд хорвоод мэндэлж чадалгүй эхийнхээ хэвлийгээс буцсан гэсэн үг. Гэхдээ энэ бол зөвхөн цаасан дээр бүртгэгдсэн албан тоо юм хараин үүний цаана бүртгэгдээгүй хэчнээн тоо байгааг бид мэдэхгүй.

Тэгвэл үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн насны бүлгийг авч үзвэл 20-иос доош насных 5.1 хувь, 20-34 насных 70.0 хувийг эзэлсэн байна. Өмнөх онтой харьцуулахад 20-иос доош насныханы үр хөндөлтийн түвшин 1.5 хувиар буурсан нь сайшаалтай боловч жирэмслэлтээс сэргийлэх эм хэрэгслийн талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

Судалгаанаас харахад нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйн 540 нь, 15-49 насны эмэгтэйчүүдийн 54.1 хувь нь ямар нэг жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийг хэрэглэдэг гэж байгаа ч үр хөндөлт өндөр үзүүлэлттэй гарсаар байна.

Б.Сансар
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих