ГЭР БҮЛИЙН ХУУЛИА ЧАНГАЛААЧ
Саяхан Дорнод аймгийн төв Хэрлэн суманд “захиалгат” гэх тодотголтой нэгэн хэрэг гарч, олны сэтгэлийг хирдхийлгэсэн. Тус сумын нэгдүгээр багт гарсан уг хэргийн улмаас долоон настай хүү амиа алдаж, иргэн Б гэгчийг дээрх хэрэгт холбогдолтой хэмээн үзэж, саатуулан шалгаж байгаа юм. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр хүүгийн эцэг гэр бүлээс гадуурхи харилцаа үүсгэн, залуу бүсгүйтэй амраглаж байгаад түүнтэйгээ хамтран амьдрахаас татгалзсанаас үүдэн бүсгүй “амраг”-ийнхаа хүүгийн амийг хөнөөлгөх захиалга өгсөн гэлцэж буй. Гэр бүлээс гадуурхи харилцаанаас болоод бага насны хүүхэд хохирсон иймэрхүү тохиолдол өмнө нь тус аймагт гарч байсныг уншигч та санаж байгаа биз ээ.
Тухайн үед гурван ч хүүхэдтэй эрийг эхнэрээс нь салгаж, хамт амьдрах болсон эмэгтэй хүүхдүүдийнх нь нэгийг зүсч, тамласан байсан. Тэгвэл дараагийнх нь саяын хэрэг. Угаасаа гэр бүлээс гадуурхи харилцаа замбараагаа алдаж, эцэстээ хүний аминд хүрч эхэллээ. Сүүлийн үед амьдралынхаа цаг мөч бүрийг тоочиж суудаг болсон сошиал ертөндөд “хүний нөхөртэй явалдсан, амрагласан хүнийг ичтэл нь шэйрлэ” гэх мэтээр хэн нь ч мэдэгдэхгүй охидын зургийг ихээр тараах болсон. Хотод бол энэ мэтчилэн цахим ертөндөөр л “гэмтэн”- ийг гэсгээн цээрлүүлэх болж.
Харин хөдөө, орон нутагт янаг амрагийн явдал замбараагаа алдсан гэвэл хэтрүүлсэн болохгүй. Бүр сумынхан нь бүгдээрээ мэддэг, хүлээн зөвшөөрчихсөн гэр бүл ч байдаг юм билээ. Заримынх нь хүүхэд төрж, түүнийх нь эцэг хэн болохыг тэр гээд л шууд хэлж байх жишээтэй. Гэр бүлээс гадуурхи харилцаа энэ мэтчилэн хүрээгээ тэлж, гэр бүлийн нандин харилцаа, нэг нэгэндээ итгэх итгэл, бат бөх холбоо улам бүр алсран одож эхэллээ.Тиймээс Гэр бүлийн тухай хуулиа цаг үетэйгээ нийлүүлэн, чангатгах хэрэгтэй байна.
Гэр бүлийн тухай хуульд гэр бүлээс гадуурхи харилцааны талаар А үсэг ч алга. Учир нь тухайн үед гэр бүлээс гадуурхи харилцаанд орсон этгээдийг намын хурлаар авч хэлэлцээд, хатуу донгодох, батлахыг нь хураах, ажлаас нь хөөх гэх мэтчилэн арга хэмжээ авч “гэмтэн”-ийг бүх насаар нь ичихэд хүргэдэг байсан гэдэг. Тэр хэрээр нэрээ сэвтүүлэх, цаашлаад үр хүүхдээ өнчрүүлэх асуудал цөөхөн гардаг байсан нь тодорхой. Харин энэ цаг үед бол гэр бүлээс гадуурхи харилцаа үүсгэх, бүр “нууц амраг” гээчийг хүлээн зөвшөөрөх шахам л замбараагүй, ил тод болж. Зарим нь ч бүр олон эхнэр, нөхөртэй болох хууль батлагдаасай гэж хүсдэг ч байж мэдэх юм.
Ямартай ч гэр бүлээс гадуурхи харилцаа, нууц амрагийн асуудал хэрээс хэтэрч, бэлгийн замын халдварт өвчин ч замаа алдаж, цаашлаад үр хүүхдийнхээ аминд хүртэл хүрч эхэллээ. Тиймээс л хуучин цагт дагаж мөрдөж байсан Гэр бүлийн хуулиа шинэчилж, чангаруулах шаардлага үүсээд байна. Хийх юм нь олдохгүй, хэлэх үгээ ч мэдэхгүй байгаа зарим гишүүд энэ мэт асуудалд анхаарлаа хандуулж, Гэр бүлийн хуулийг шинэчилчихээч.
Монголын мэдээ
Э.Туул
URL: