Хороон даргын хормой доогуур 18 хоног…
Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 1-нд эхэлсэн. Нэр дэвшигчид уламжлал ёсоор сурталчилгааны самбараа булан тохой, явган хүний зам гээд аль боломжтой газарт байршуулж байна. Ингэхдээ явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг зөрчсөн, сонгогчдоо үл тоомсорлосон, ёс зүйн хувьд байж боломжгүй алдааг МАН-ын зарим нэр дэвшигч гаргажээ. Тодруулбал Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 9-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Н.Оюунцэцэг, Ц.Бугасүрэн нар өөрсдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьсан жишээг хүргэж байна.
Жишээ 1
ЧД-ийн 9-р хороо цагаан байрны өмнөх төв зам дагуух байршилд явган хүний зам дээр, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний шар замыг эвдлэн шороог нь ухаж төмөр шон хатган сурталчилгааны самбар байршуулжээ. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг зөрчөөд зогсохгүй иргэдийн татварын мөнгөөр барьдаг явган хүний замыг эвдэж сүйтэсэн үйлдэл болжээ.
Жишээ 2
Нэр дэвшигч Н.Оюунцэцэг, Ц.Бугарсүрэн нар нарийн гудамж дамнуулан самбараа байрлуулжээ. Монголчууд ац модон доогуур гарахыг цээрлэдэг. Тэгвэл тэндэхийн оршин суугчид өдөр бүр тэдний зураг бүхий самбар доогуур гарахаас аргагүй болсон байна. 9-р хорооны иргэд “Н.Оюунцэцэг хороон даргын, Ц.Бугарсүрэн иргэдийн төлөөлөгчийн албан тушаалаараа далайлган дураараа аашилж байна” хэмээн бухимдаж байсан юм.
ЧД-ийн 9-р хорооны иргэн А.Баянбаатар: Хорооны засаг дарга иргэдээ доромжилж байна
Цагаан байрны төв замын баруун талын гэр хорооллын иргэд энэ нарийн гудамжаар дамжиж автобусны буудалдаа ирдэг. Гэтэл яг энэ нарийн гудамж дамнуулаад сурталчилгааны самбар байрлуулчихаж байгаа юм. Хорооны засаг даргаар 4 жил ажилласан хүн ийм сэтгэлгүй бүдүүлэг байж болохгүй. Монголчууд ац модон доогуур битгий хэл хэцэн доогуур гарахаас цээрлэдэг. Гэтэл сонгуулийн сурталчилгааны 18 хоногт хороон дарга, дүүргийн иргэдийн төлөөлөгч хоёрын хормой доогуур гарахаас өөр аргагүй болж байна. Ингэж иргэдээ дорд үзэж болохгүй. Олон хүн явдаг энэ гудамж цас бороо ороход шавар шалбааг халтиргаа гулгаа их. Ийм гудамжаа засч сэлбэхийн оронд гоё ганган хувцастай сурталчилгааны самбар хадахаа урьтал болгож байна. ганц би гэлтгүй үүгээр явж байгаа олон хүн бухимдаж байна. сая би энүүгээр гарч яваад самбарт нь толгойгоо цохичихлоо. Адис аваад байгаа юмуу хаашаа юм.
Хороон дарга Н.Оюунцэцэг, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Бугасүрэн нар явган хүний зам эвдэж, иргэдээ хормой доогуураа гарган байж сурталчилгаа хийж байна. Ганган хувцасласан зурагтай самбар хадаж биш гамшиг болсон нарийн гудамжаа засч өрсөлдсөн бол дээр байж дээ.
Г.Хулан
zuvsongolt.mn
URL: