Алуурчин гэр бүлийн аймшигт түүх

1201610051475635353Энэ бол Оросын Ростов мужид 10 жил үргэлжилсэн аймшигт хэрэг явдал. Тэднийг баривчлах үеэр буудалцааны улмаас өрхийн тэргүүлэгч амь алдаж том охин нь шархадсан бол цагдаагийн нэг ажилтан амь алдаж, нэг нь хүнд шархадсан юм. Гэтэл яасан гээч гэмт хэрэгтнүүд нэгэн гэр бүл, нөхөр, эхнэр, түрүүчийн нөхрийн нь нэг том охин байсан гэнэ.
Эд ямар гэмт хэрэг үйлдсэн бэ. Энэ гэр бүлийнхэн 30-аад хүний амь бүрэлгэж /бүрэн тоог нь хараахан тогтоож чадаагүй байгаа/ 50 орчим дээрэм хийж 10 жил шударга шүүхээс зугтаасан хүмүүс. Эдний гэмт хэргийн дэргэд Стивен Кингийн аймшгийн цуврал ч юу ч биш.

Хараал идсэн аав

Энэ айлд гэмт хэргээс ангид хэвийн амьдрал гэж эхнээсээ л байсангүй. Энэ хоёр хүний  хамтын  амьдрал эхнээсээ л цусаар эхэлж. 1977 онд төрсөн Роман Подкопаев гэгч анх дунд түшмэлийн ажилтай ээжийнхээ өрөөнд Инесса Тарвердиевтэй танилцаж. Инесса Романаас 10 эгч байлаа. Гэтэл Инессагийн нөхөр тэр хоёрын хайр сэтгэлд садаа болж байв. Багш мэргэжилттэй Инесса нөхрөө зайлуулах санал дэвшүүлэх нь тэр. Ингээд л 1998 оны хоёрдугаар сард Викториягийн эцэг, Иннессагийн нөхрийг ажил дээр нь гар буугаар  буудан хороож хамтын амьдралаа эхлэх нь тэр. Подкапаев ч хүн алах туршлагатай нэгэн байлаа. Үүнээс нэг жилийн өмнө Ростовын анагаах ухааны академийн оюутан байхдаа хижээл багш Любов Еременког боож алсан байж. 15 жилийн дараа Романыг үхсэний дараа хамтран амьдрагч Тарвердиевагийн гэрт нэгжлэг хийхэд энэ багшийн дээл, алмаазан шигтгээтэй бөгж нь гарч ирсэн юм. Тэр нь залуу оюутны гурав дах аллага нь байсан гээд л бод доо.

Алуурчин Роман Подкопаев, Инесса Тарвердиева,
дагавар охин Виктория нар

Ингэж байтал Роман, Инесса хоёр охинтой боллоо. Халамжит эцэг, хамтран амьдрагч Роман  дагавар охиноо бас мартсангүй, гадуурхсангүй. 1988 онд төрсөн өсвөр насны охин нэг удаа “шинэ” аавынхаа өвөрт өөрөө ороод ирэх нь тэр. Мэдээж үүнийгээ тэд охины өөрийнх нь хүслээр болсон гэдэг. Инесса ч үүнд нь нэг их дургүйцсэнгүй. Ингэж л тэд амьдарч байлаа. Виктория охин өсч, гэр бүлийн аймшигт “бизнесийнх” нь хамтрагч боллоо.
Роман Инесса хоёр 2002 оноос эхлэн хамтран аллага үйлддэг болов. Зургаан жилийн дараанаас Виктория охин хамтрах боллоо. Тэдний гол зарчим нь гэрч үлдээхгүй байх. Буудаад үхээгүй байвал хутгаар нэрмэж гүйцээнэ. 2003 оны гуравдугаар сард Сиаврополийн хязгаарын Дивное тосгонд хоёр охин алууллаа. 2009 оны долдугаар сард Аксайн районд тусгайгийн ажилтан Дмитрий Чудаковын гэр бүлийг хядсан байна. Офицер, түүний эхнэр, 7 настай хүүг буудаад 11 настай охиныг 37 удаа хутгалж амийг нь хөнөөсөн байв. Дараа нь тэд мэдүүлэхдээ Роман буудаж байтал гурван хүнийг нь буудаад ангийн Сайга буу нь гацаж орхиж. Ингээд л хөөрхий охиныг хутгаар сийчсэн нь тэр гэнэ.

Гэмт хэрэг хийсэн биш гавьяа байгуулсан юм шиг л ….

Ер нь гэмт үйлдлүүдээ хэрхэн хийсэн талаар Инесса баригдсаныхаа дараа огтхон ч нуулгүй бүгдийг ярьж, туршилтаар тун чадмаг харуулж байсан гэдэг. Тэр ч бүү хэл ямар аллагаар амь алдсан хүний ямар эд зүйл хаана байгааг хүртэл бахархалтайгаар олж харуулж байсан гэнэ. Тэдний золиос болсон цагдаа, замын зохицуулагч нарын автомат, буу зэргийг машиныхаа суудал дор хадгалдаг байснаа ч үзүүлжээ. Яагаад эднийхэн цагдаагийн ажилтнуудад ийм их өшөөтэйг тааж мэдэшгүй. Сэтгэл судлаачдын таамагласнаар Инесса нэгэн цагт цагдаагийн ахлагчтай амраг байсан нь нөлөөлсөн байж ч мэдэх. Хөөрхий тэр ахлагч, нэгэн танилынхаа хамт 2002 онд эдний гэр бүлийн золиос болж амь алдсан даа. Тэгэхэд эднийхэн аллагын ид оргил үедээ байсан хэрэг. Дэлгүүр, агуулах, эмийн сан гээд ямар ч объект руу эднийхэн дайрч ороод л гал нээнэ. Энэ бүхэнд Виктория охин оролцоно.


Олзоо мөнгөнөөс бусдыг нь нэг их үрэхгүй. Мөнгийг нь харин дураараа үрнэ. Бусад эд зүйлийг хаа нэгтэй хийгээд л хадгалж үхмэл хөрөнгө болгоно. Хожим нь нэгжлэг хийхэд ямар нэг дэлгүүр, агуулах шиг л байсан гэдэг. Хувцас, гутал, сав суулга, цаг, апарат тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоом, мебель тавилга гээд байхгүй юм үгүй. Хаядаггүй, хэрэглэдэггүй, магадгүй ямар нэгэн “сайн цаг”-ийг хүлээгээд л хадгалаад байдаг. Гоёл чимэгэлэлийн зүйл гэхэд л хувингийн талаар болж 5 кг хүрч байсан гэдэг.
Бүр 1998 онд хулгайд алдагдаж алга болсон авто машины хаалга хүртэл байсан гэнэ. Нэг удаа хэн нэгэн жолооч санамсаргүйгээр Романы машиныг шүргэж орхиж. Гэтэл тэр машин нь Романд таалагдсан болохоор тэр жолоочийг нь алаад машинтай нь шатаасан атлаа хаалгыг нь сувенир болгоод л авчихсан нь тэр гэнэ.
Ер нь эднийхэн жолооч нарыг агнасан нь нэг биш. Гэхдээ өөрсдөө машинаар нь гангарч, давхихыг огт хүсэхгүй. Гагцхүү тансаг, өндөр үнэтэй машин унасан хүн чинээлэг баян байдагтай л холбоотой.
Харин энэ гэр бүлийн хувьд зэвсэгт бол дуртай, хэд хэдээрээ байдаг. Нэгжлэг хийхэд эднийд 29 буу, галт зэвсэг, гар буу, хоёр гранат, утаат шашки, хэдэн арван хутга, олон арван сум байсан гэнэ.
Инесса ч энэ талаар бараг мэргэжилтэн болж бууны дуу намсгагч, ул мөр үлдээхгүйн тулд хонгио хадгалагч зэргийг өөрөө хийчихдэг болсон гэнэ. Тэдний хувьд байнга буудлагын дасгал сургуулилт хийнэ.
Тэд бас өөрсдийн золиос болсон хүмүүсийн халаас хармааг ухаж бичиг баримтыг цуглуулна.

Тэднийг яаж хайсан бэ

Тэднийг хууль сахиулахынхан 10 жил хайсан. Хамгийн шилдэг гэсэн мэргэжилтнүүдийг багтаасан ажлын хэсэг, эрэн сурвалжлах баг гаргаж байж. Тэнд нь хэдэн арван хувилбар дэвшүүлэн, шалгаж нягталж, мөрдөн шалгасан байна. Энэ хүрээндээ 1053 гэмт хэрэг, аллагын 8, хүчингийн 5, дээрмийн 18, хулгайн 66, орон байрны хулгайн 45, хууль бус зэвсэг хадгалсан 29, хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хадгалсан 92 тохиолдлыг илрүүлэн шалгаж нягталжээ. Гэхдээ л “амазоны” алуурчид баригдахгүй байлаа.
Яагаад…Шалтгаан нь сүүлд тодорхой болсон гэнэ. Нэгдүгээрт тэд маш сайн халхавчлагдсан байлаа. Нээрээ зүгээр л “Газель” машин унаад аялж яваа, хоёр охинтой гэр бүлийг хэн сэжиглэх юм бэ. Машинд нь унтлагын хэсэгтэй. Тэнд ч 13 настай охин, тэгээд л аав , ээж, бүсгүй хүүхэд байгаа шүү дээ. Цагдаагийнхан, авто замын зохицуулагчид ийм нэгэн гэр бүлийг сонирхдоггүй байсан хэрэг. Тэгээд ч тэд элдэв зөрчил гаргахгүй, мөрөөрөө явна.

    Алуурчин гэр бүлийн гэр сууц

Нөгөө нэг зүйл бол ийм аймшигтай аллагад эмэгтэй хүн оролцоно гэж бас л хэн санах билээ. 2012 онд л азаар амьд үлдсэн нэгэн гэрч аллагад оролцсон эмэгтэй гэж Викториягийн гадаад төрхийг хуулийнханд хэлж өгч.
Үүнээс гадна хуулийнхан ийм аймшигт гэмт хэрэг, аллага, дээрмийг эрүүгийн ноцтой элемент, рецедивүүд хийнэ л гэсэн ойлголттой байснаас урьд нь нэг ч дуулдаагүй Инесса, Роман нарыг сэжиглэх санаа огт төрөөгүй байна.
Тэд бас ямар ч ул мөр үлдээдэггүй, дүрс бичлэг, хяналтын камерт ер ордоггүй байсан гэнэ. Өнөө муу “Газель”-аа харанхуй буланд тавиад гэмт хэргийн газраа явган очно. Хувийн байшин хашаанд очих бол нохойноос эхлээд тэнд байсан бүгдийг хүйс тэмтэрнэ.

Цагдаагийн ажилтан хамтрагч нь

Хамгийн гол буюу гуравдугаар шалтгаан бол тэд маш сайн мэдээлэгчтэй, тэр нь цагдаад ажилладаг байж. Аксайн районы цагдаагийн ахлах дэслэгч Сергей Синельник  мөрдөн байцаалтын ажил, эрэн сурвалжлах ажлын явц, цагдаагийнхан одоо ямар ажил хийх гэж байгаа, хаагуур явах гэж байгааг Романд урьдчилан мэдээлдэг байсан байна. Ийм болохоор тэд хуулийнхнаас зөрөн аллага дээрмээ амар тайван амжуулдаг байсан гэнэ. Синельникийн мэдээлэл ямагт үнэн, найдвартай, тэгээд ч тэр заримдаа гэмт үйлдэлд нь оролцож хувиа хүртэнэ. Синельникийн эхнэр Анастасия ч Подкопаевын төрсөн эгч байсан болохоор хамтрахаас яахав.
Тэр бас алуурчин гэр бүлд бууны сум, холбооны хэрэгсэл олж өгнө. Ахлах дэслэгч маань жижүүрт гарч байхдаа үүрэн телефоны иж бүрэн хэрэгсэл хулгайлан Романд өгсөн байдаг. Дараа нь нэгжлэх хийхэд Анастасии Синельникээс эднийхэнд алуулсан тусгай тасгийн Чудаковын эхнэрийн алтан зүүлт гарч ирсэн.


Синельник  бас алуурчин гэр бүлийнхэнд чиглүүлэгч болж хэнийх чинээлэг, үнэт эдлэлтэй тоновол дээр вэ гэдгийг  хэлж өгнө. Мужийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Михаил Злыдневийнхийг чухам Синельник л зааж өгсөн гэнэ. Хөөрхийг эхнэртэй нь хамт ангийн “Сайга” буугаар буудаад, хутгаар гүйцээсэн байсан. Тэдний гэрээс алга болсон ангийн хутганы цуглуулга, эхнэрийн нь даашинз зэрэг нь Синельникийн гэрээс олдсон.
Новочеркасс тойрогт тэтгэврийн өвгөн Николай Кристя, тэдний бэр Полина Кулькова хоёрыг буудаад дараа нь бас хутгалж амийг нь хороосон хэрэг гарсан. Эднийхээс алга болсон гэрэл зургийн аппарат бас л Синельникийнд байжээ. Синельник тэр ч бүү хэл хамт ажилладаг замын цагдаагийн байцаагч Александр Юриныг алуурчдад зааж өгч хөнөөлгөж байсан хүн.
Алуурчин гэр бүлийн сүүлийн золиос нь Синелниктэй таагүй харьцаатай байдаг Аксайн районы ЗЦГ-ын дарга байсан. Энэ хэргээ гүйцэтгэхээр Роман дагавар охин 25-тай Виктория хоёр очсон байна. Гар буугаар зэвсэглэсэн тэр хоёр моторт дугуйгаар заасан газарт очжээ. Гэсэн ч ажиглалтаар тэднийх рүү халдах боломжгүй нь мэдэгдэхээр өөр золиос хайж ойролцоох Сергей гэдэг тэтгэврийн хоёр хөгшнийг сонгож хоёуланг нь алсан байна. Тэднийхээс авах ч юм олдсонгүй, нэг шил оргилуун дарс, тахианы хэдэн гуя л олжээ.

Аймшигт аллагын гэмт хэргийн төгсгөл
Ингээд л цагдаагийнхан сэжиглэж тэдний нуусан моторт дугуйг нь цагдаагийн ахлах түрүүч Иван Шаховой, Алексей Лагода нар илрүүллээ. Өмнө нь бол тэд үүнийг анхаардаггүй дэргэдүүр нь өнгөрдөг байсан хэрэг.
Тойрог даяар онц байдал зарлаж эргүүлийн цагдаа нарыг хүч нэмэгдүүлэн, тусгайгийнхныг оролцууллаа. Нийслэлээс ч  мэргэжлийн хүмүүс ирсэн байна. Ингээд моторт дугуйг хараандаа авч хэн ирэхийг нь хүлээж байтал Роман Виктория хоёр ирэх нь тэр. Бичиг баримтаа шалгуулахыг хүсэхэд шууд л эсэргүүцэж зугтахыг оролдлоо. Аксайн районы Цэцэрлэгт гудамжинд энэ явдал болж буудалцааны үеэр Роман алагдан, Виктория шархадсан байна. Харамсалтай нь цагдаа Иван Шаховой амь үрэгдэн Алексей Лагода хүнд шархаджээ.
Ийнхүү аймшигт алуурчин гэр бүлийн гэмт хэргийн түүх төгсөх нь тэр.


URL:

Сэтгэгдэл бичих