“Дипломат-95” цогцолборыг хувьчлал нэрээр хувьдаа завшсан юм биш биз

3769
Шийдлийн Засгийн газар одоогоос дөрвөн сарын өмнө буюу зургадугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар хэд, хэдэн асуудал шийдвэрлэж тогтоол баталсан билээ.
“Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай, “Сайн хашаа”, “Сайн оюутан” хөтөлбөрийн журамд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд хуралдааны үеэр шийдсэн өөр нэг асуудал Сангийн сайд Б.Болорын /тухайн үед/ танилцуулсан орон сууц хувьчлах тухай байв.
Тодруулбал, Гадаад харилцааны яамны харъяа “Дипломат-95” цогцолборыг хувьч­лах асуудлыг хуралдаа­наар хэлэл­цүүлж шийдвэр­лүүлсэн. Энэ талаар тухайн үед Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээ­лэхдээ “Засгийн газрын хурал­даанаар Гадаад харилцааны яамны балансад бүртгэлтэй “Дипломат-95” цогцолборын Төрийн өмчийн 80 айлын орон сууцыг одоо эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлахаар шийдвэрлэлээ” гэж байв. Тэгвэл Засгийн газрын шийд­вэр болон хувьчлах ажил маргаан дагуулж эхэлжээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ХУУЛЬ ЁСНЫХ УУ?
10-5-5a1_700x700
Саяхныг хүртэл компани, аж ахуйн нэгжүүд түрээсэлж байв.
Чингэлтэй дүүргийн IV хороонд байрлалтай “Дипломат-95” цогцолбо­рыг анх гадаадын Элчин сайд нар, тэдний гэр бүлд зориулан барьжээ. Тус байр нь зургаан орцтой. Орц бүртээ 10 хүртэл айл амьдрах зориулалттай. Гэвч зориулалтаар нь ашиглахаас илүү саяхныг хүртэл компани, аж ахуйн нэг­жүүд голдуу түрээсэлж байв. Харин цогцолборын захиргаанаас өнгөрсөн гуравдугаар сараас түрээслэгч нартаа байр чөлөөлөх мэдэгдэл хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, тус байр саяхныг хүртэл түрээслэгч “эзэн”-тэй байсан гэсэн үг. Харин Засгийн газар тогтоолдоо “…Одоо эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчилна” гэсэн нь анхаарал татав. Энэ тогтоолоор бол хувьчлагчид нь түрээслэгчид, эсвэл Элчин сайд нар болж таарна.
Цогцолборыг өчигдөр зорьж очиход орц бүрийн үүдэнд барилгын хог хаягдал овоолсон байв. Засварчид бололтой, хэсэг залуус III орцноос цонх, хаалга зэргийг дотроос нь зөөж портерт ачиж байхтай таарав. Хамгийн дээд давхрын тагтан дээрээс нэг эмэгтэй доош хөөсөнцөр чулуудангаа “Бид засварын ажилчид байна. Ажлаа л хийж байна. Өөр мэдэх зүйл алга” хэмээв. Орцноос холгүйхэн хүүхэд салхилуулж байсан эмээ, өвөө хоёр “Бид хамаатныдаа байгаа юм. Саяхнаас энэ байранд айлууд их л хурдан төвхнөж эхэлсэн. Үүнийг хариуцаж байгаа хүүхэн байдаг юм. Өнөөдөр харагдахгүй байна” гээд дотогш орцгоолоо. Байранд ямар хүмүүс амьдарч бай­гаа талаар орцны үүдэнд машинаа угааж байсан залуу “Энэ байр Гадаад харил­цааны яамны ажилтнуудынх болсон. Бүгд эзэнтэй болсон. Одоо эзэнгүй, хувьчлах байр байхгүй” хэмээн ярив.
Байрны бүх орцонд өрөмдлөг, алх дөш тачигнаж засварын ажил ид өрнөж байсан ч тэднийг хариуцаж буй хэн нэгэн албан тушаалтан байсангүй. Харин тус байрны зарим түрээслэгч “Засгийн газар хууль бус шийдвэр гаргасан. Өмнөх Засаг огцрохоосоо өмнө энэ байрыг өөрсдийн хүмүүстээ хувааж өгөхийн тулд хувьчилсан. Төрийн өмчийг хэдхэн хүн хувьчилсны оронд дуудлага худалдаанд оруулж, төсөвт мөнгө төвлөрүүлэх боломжтой байсан” гэж байв.
“МАРГААНТАЙ ӨМЧ УЧРААС ХУВЬЧЛАЛЫГ ХОЙШЛУУЛСАН”
10-5-5a2_700x700
Орц бүрийн үүдэнд барилгын хог овоолжээ.
“Дипломат-95” цогцолбор төрийн өмчит объект. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Орон сууц хувьчлах тухай хуулиар төрийн өмчийг хувьчлах эрх Засгийн газарт олгогдсон ч хувьчлал хуулийн хүрээнд, шударга явагдах ёстой. Энэ үүргийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрынхан хүлээж буй. Тус газрын мэргэжилтнээс “Дипломат-95” цогцолбо­рын хувьчлалын талаар тод­руулахад “Хувьчлах тухай Засгийн газрын тогтоол гарсан то­хиол­долд хариуцагч бай­гууллага хувьчлах хүмүү­сийн жагсаалт, хүсэлт, хувьчлалыг хамт олноороо хэлэлцүүлснийг баталсан шийдвэр зэргийг манайд ирүүлдэг.
Мэдээж байгууллага ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд олон жил ажилласан, байр хувьчилж байгаагүй, байрны гачигдалтай хүмүүстээ тухайн байрыг өгөх ёстой. Энэ шалгуурыг хангасан эсэхийг бид хянаад хангалттай гэж үзвэл Орон сууц хувьчлах товчоонд шилжүүлдэг. Тус товчоонд шилжсэнээр хувьчлал явагдана. “Дипломат-95” цогцолборын хувьчлалыг шударга бус байна гэсэн хүмүүс манайд хандах болсон. Маргаантай өмчийн асуудал үүссэн учраас Гадаад харилцааны яаманд хувьчлалын хуваарилалтыг дахин хянуулахаар буцаагаад байгаа. Өөрөөр хэлбэл, хувьчлал явагдаагүй байгаа” гэлээ.
Цогцолборын 80 айлын орон сууцны 60-ыг нь Гадаад харилцааны яамны ажилтнуудад, үлдсэн 20 орон сууцыг Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын ажилтнуудад хувьчлахаар тогтжээ. Гэхдээ хувьчлал хараахан эхлээгүй, маргаантай асуудал нь шийдэгдээгүй байхад эзэнтэй болчихсон нь ямар учиртай вэ. “Дипломат-95” цогцолборт айлууд аль хэдийнэ төвхнөж, эзэдтэй болсон тухай хүмүүс хэлж байсан юм.
Албан бус мэдээллээр тус байрыг зорилтот бүлэгт хуваарилаагүй, томоохон албан тушаалтнууд хувааж наймаалцсан, ойрын хүмүүстээ авч өгсөн мэдээлэл байна. Тухайлбал, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газарт оногдсон 20 орон сууцыг гэхэд ажилласан жил цөөн жолооч, дээгүүр албан тушаалтай алба, хэлтсийн дарга нарт хуваарилсан баримтыг зарим хэвлэл дэлгэжээ.
Хуваарилалтыг хэрхэн зохион байгуулсан, хувьчлал хууль ёсны дагуу болсон эсэхэд хариулт авахаар Гадаад харилцааны яамны мэргэжилтэнтэй холбогдоход “Дипломат-95 цогцолбор манайд хамаарал­гүй болсон. Тиймээс мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Б.Энхзаяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих