Төрийн банкийг дээрэмдэж байхад хамгаалагч нь гадаа салхилж байжээ
Бүхэл бүтэн банкийг дээрэмдэж байхад хамгаалагч нь гадаа салхилж байсан, ажилтнууд нь согтуу хүн гээд тоохгүй байсан явдал өнгөрсөн хавар Төрийн банкны Сансар дахь салбарт гарсан. Энэ салбар нь 3-р сард халдлагад өртөж 4 сая гаруй төгрөгөө дээрэмдүүлсэн. Дээрэмдсэн этгээдүүд болох Д.Ганзалгамж П.Доржсамбуу нар нь 30 орчим насны залуус байсан. Ганзалгамж нь Төрийн банкинд өртэй байсан тул энэ банкийг сонгосон гэнэ. Тэрээр өөрт байсан ТОЗ-8 маркийн калибр бууг дээрэм хийх зорилгоор жижиг хэмжээтэй болгож гол төмөр, мөрлөгчийг нь тайрч бэлджээ. Энэ хэргийн хачирхалтай тал нь Төрийн банк ямар нэгэн халдлагад бэлэн бус хамгаалагч болон ажилтнууд сонор сэрэмж туйлын хангалтгүй байжээ. Дээрэм болж байх үед гадаа салхилж байсан хамгаалагчийн хажуугаар гарсан өнөөх хоёрын нэг нь хаалгыг дотор талаас нь хаасан. Ингээд гадаа үлдсэн хамгаалагч дээрэмдэж байгааг ч мэдэлгүй орох санаатай хаалга цонх тогшиж зогсжээ. Дээрэмчид орж ирээд кинонд гардаг шиг “дээрэм, бүгд доошоо суу” гэхэд банкны ажилтнууд согтуу хүн солиорч байна гээд эхэндээ тоогоогүй гэнэ. Тус салбар нь халамжийн мөнгө тараадаг тул согтуу хүмүүс орж гарах нь хэвийн үзэгдэл байсан аж. Харин буу гаргаж ирэхэд л дээрэмдэх нь гэдгийг жинхнээсээ мэдэж сандралдацгаажээ. Хар өнгийн амны хаалт зүүсэн, ханцуйдаа юм хийсэн илт харагдахаар хоёр залуу орж ирэхэд банкныхан бүгд сэжиглэх учиртай баймаар…Гэтэл хэн ч анзаараагүй байх юм. Дээрэмчид гадаа салхилж зогссон хамгаалагчийн яг хажуугаар гарсан аж. Энэ тухай сэрэмжгүй хамгаалагч “…2016 оны 3-р сарын 7-ныөдөр 17 цаг 20 минутын үед үүрэг гүйцэтгэж байхдаа гадаа үүдэнд зогсож байсан. Миний хажуугаар хар өнгийн хүзүүтэй ноосон цамцтай, юүдэн малгайтай, гадна талаараа цэнхэр өнгийн куртиктэй, 170 см орчим өндөртэй 80-90 кг жинтэй, 30-34 орчим настай, барилддаг байж магадгүй, бяртай залуу гарсан. Нөгөө залууг нь хальт харахад шаргал өнгийн куртиктэй, 30-34 орчим настай, 175 орчим см өндөртэй, хар өнгийн маск зүүсэн байсан… орох гэтэл хаалга түгжчихсэн байхаар цонх, хаалга тогшоод байж байхад гэнэт онгойлгоод хүмүүс бужигналдаад гараад ирсэн. “Юу болов” гэсэн чинь “банк дээрэмдэж байна” гэсэн…” гэжээ. Дээрэмчид орж ирээд теллерүүдээс нийтдээ 4 сая төгрөг булаан авчээ. Хэрвээ тухайн үед Хил хамгаалах газар ажилладаг Л үйлчлүүлж байгаагүй бол дээрэмчдийг барьж чадахгүй байсан гэнэ.
Энэ тухай гэрч нь “…Тэр хоёр залуу “доошоогоо бүгд суу” гэхээр нь бүгд суутал нэг нь буу гаргаж ирээд үүдний хажууд зогсоод нөгөө теллерүүдийн араар яваад мөнгөө хий гэсэн… буутай нь заалны баруун талын сандал дээр сууж байсан залууг “утсаа далд хий, хөдөлбөл буудна шүү” гээд утсыг нь булааж аваад газар дэвсчихсэн. Мөнгө авсан нь түрүүлж гараад араас нь буутай нь гарахад утсаа эвдүүлсэн залуу үсрээд буутай залууг нь бариад авсан… мөнгө аваад зугатаасан залуу нь нэг эргэж ирснээ буцаад гүйчихсэн…” гэжээ. Энэ үеэр хамгаалагч юу болсон бэ гэсээр гүйхээрээ орж иржээ. Зугтсан дээрэмчнийг барихад Б.Б гэдэг залуу мөн тусалжээ. Тэрээр “…17 цаг 30 минутын үед би Хадгаламж банкны хажуугаар явж байтал буу барьсан нэг хүн банкнаас гараад ирсэн… араас нь нэг залуу гарч ирээд тэврээд автал дээшээ буудсан…. би наанаас нь гүйж очоод буунаас нь барьж авч ноцолдож тавиулаад, дарж унагаагаад, гарыг нь өчөөд банкны хамгаалагчаас гавыг нь авч хоёр гарыг нь ар талд нь гавласан. Тэгээд тэр хүнийг банк руу оруулаад бууны гол төмөрт нь хонгио байна уу үгүй юу гэж үзэхэд байхгүй байсан. Гадагшаа гараад банкны үүднээс 2 сум олсон , буудсан хонгиог нь олоогүй, бууны замгыг нь татчихсан, онгорхой байсан” гэсэн нь бараг мэргэжлийн хамгаалагчийн хэмжээнд ажилласныг харуулж байна. Ийнхүү сонор сэрэмж муутай Төрийн банкныхан зоригт иргэдийн ачаар дээрэмчдийг барьжээ. Харин тэднийг шагнасан эсэх нь тодорхойгүй байна.
НУУЦ.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
onigoo