Нэг жилийн хугацаанд манай улсын 60 иргэн БНХАУ-д гэмт хэрэгт холбогджээ

93Сүүлийн жилүүдэд БНХАУ-д зорчиж буй манай иргэд БНХАУ-ын хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх, ялангуяа хулгайн гэмт хэрэгт холбогдон саатуулагдах, улмаар ял авах тохиолдол ихсэх хандлагатай байна.

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд “…Улсын эсхүл хувийн эд хөрөнгийг хулгайлах, бага бус хэмжээтэй эд хөрөнгө хулгайлсан эсхүл давтан үйлдсэн, хүний байнга амьдрах орон байранд нэвтрэн үйлдсэн, зэвсэгтэй үйлдсэн, халаасны хулгай үйлдсэн бол гурван жилээс доош хугацаатай хорих, баривчлах, саатуулах ял оноож, мөнгөн торгууль ногдуулна. Их хэмжээний эсхүл хүнд хэлбэрийн бол гурван жилээс 10 жилийн хугацаатай хорих ял, мөнгөн торгууль ногдуулна. Тоо хэмжээ нь их эсхүл ноцтой хүнд хэлбэрийн бол 10 жилээс дээш хугацаатай эсхүл хугацаагүй хорих ял оноож, мөнгөн торгууль ногдуулж, эд хөрөнгийг хураана” гэж заасан байдаг.

2015 оны 10 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд манай улсын 60 иргэн БНХАУ-д зорчих хугацаандаа хулгайн гэмт хэрэгт холбогдон нэг жилээс гурван жил хүртэлх хугацааны хорих ялаар шийтгэгдсэн байна.

БНХАУ-д хулгайн гэмт хэрэг үйлдэж буй зарим иргэд өөрийн танил, найз нөхөд, садан төрлийн хүмүүсийг гэмт үйлдэлдээ хууран мэхлэх замаар татан оролцуулж, гэмт хэргийн золиос болгох тохиолдол гарч байна. Түүнчлэн захиалга өгч бараа бүтээгдэхүүн хулгайлуулдаг этгээдүүд ч байгаа болно.

Иймд БНХАУ-д зорчиж буй иргэд тус улсын хуулийг сахин мөрдөх, хулгайн гэмт хэрэгт мэхлэгдэн оролцохоос сэргийлэх, бусдаас эд зүйл авах дамжуулахдаа анхаарал, болгоомжтой байхыгГадаад харилцааны яамны Консулын газрын зүгээс сэрэмжлүүлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих