ОРОН НУТГИЙН ИХЭНХ ЗАМ ХАЛЬТИРГАА, ГУЛГААТАЙ БАЙНА
Өчигдөр оройны байдлаар, хойд чиглэлд 61 гарам, Баруун турууны даваа, Борнуур, Жаргалант орчим цас бороо холилдож орж, Өвөрхангай аймагт мөн цас бороо холилдож орсон бол Завхан Тосонцэнгэл бороо, Дундговь аймаг Сайнцагаан – Хулд сумын хооронд бороо оржээ. Харин Баянхонгор аймаг шуурга шуурчээ. Мөн А14 дугаартай Ховд – Манхан – Булган – Улсын хил чиглэлийн замд Бага улаан даваа – Бодончийн хавцал хооронд 70 км-т цасаар шуурсан байна.
Иймээс орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчих, тээврийн хэрэгслийн техникийн бүтэн байдлыг хангуулж замд гарах, үзэгдэх орчноо зөв тооцоолж, тохирох хурдыг сонгож явахыг зөвлөж байна.
Өнөөдөр маргаашдаа ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсэх, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж, хөлдөж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
6-нд баруун, төв, говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар, 8-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 9-нд баруун зүгийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
olloo.mn
URL: