Сонгуулийн өмнөх “боловсон авлига”

olloo_mn_1450156367_hvvhdin_munguҮе үеийн Засгийн газрын түүх, улс төрийн жишгээр сонгуулийн өмнөхөн иргэдэд “боловсон авлига” өгдөг уламжлал бий. 2012 оны сонгуулийн өмнөхөн Сү.Батболдьш тэргүүлсэн МАН-ын Засгийн газраас Хятадын “Чалко” компаниас 350 сая ам.долларын зээл авч “Эх орны хишиг” нэрийн дор бзлэн мөнгө болгон тарааж байв. Хачирхалтай нь, үүнээс ердөө дөрвөн жилийн дараа дүүрэг, орон нутгийн сонгуулийн өмнөхөн буюу энэ цаг үед долдугаар сараас хойш түгжигдсэн “Хүүхдийн мөнгө” найм, ес, аравдугаар сарын “нэмэгдэл”-тэйгээ иргэдийн данс руу түрүүчээсээ орж эхлэв. Эрх баригч нам нь өнөөх л МАН.

Уг нь улсын дансанд хүүхдүүдэд өгөх мөнгө одоогоор байхгүй л дээ. Сангийн сайд ч амьжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт 60 хувьд нь л “Хүүхдийн мөнгө” олгоно. Үлдсэн 40 хувийг нь 2019 онд төсөв мөнгөний боломж бололцоотой болохоороо нөхөж олгох агуулга бүхий хуулийн төсөл оруулж ирснээ ч тэрбээр онцолсон. Гэтэл орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ үед долдугаар сараас хойш сураг алдарсан “Хүүхдийн мөнгө” гэнэт иргэдийн данс руу орж эхэлснийг ардаа улс төрийн шалтгаантай гэж харахаас өөр аргагүй юм. Хүүхдийн мөнгө авах нийгмийн хүлээлтээс харахад дөрвөн сарын мөнгө бөөндөө орж байгаа нь сайн хэрэг байх. Гэхдээ саяхан мөнгөгүй гэдгээ учирлаж, тугаа барихдаа хүрснээ ярьж явсан эрх баригчид чухам яагаад ийм шийдвэрт хүрсэн нь эргэлзээ дагуулах мэт. Хэрвээ дүүрэг, орон нутгийн сонгууль хаяанд ирээгүй, ер нь болохгүй байсан бол Засгийн газраас хүүхдийн мөнгө олгохгүй байгаа шалтгаанаа өнөөх хямралаар халхавчлан шинэ онтой золгох л байлаа. Учир нь, сонгуулийн өмнөх МАН-ын гоё сайхан амлалт, эрх баригч болсных нь дараа 360 градус эргэж буцсаар өнөөдрийг хүрч байна.

Жишээ нь, хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө” олгоно хэмээж байсан тэд Монгол Улсын 0-18 насны нийт хүүхдийн 40 хувийг хаалганы цаана үлдээсэн нь саяхан. Мөн “Хүүхэд төрүүлэн өсгөх бүрт ээжүүдийн ажилласан жилийн 1.5 жилээр тооцох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” хэмээх амлаж ирэх жилээс хэрэгжихгүй нь тодорхой болсон. Дээрээс нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг 2021 он хүртэл хойшлуулж бэлэг барив. Уг нь хүүхдийг аль болох гэр бүлдээ эцэг, эхтэйгээ хамт амьдрахад төрөөс шаардлагатай дэмжлэг үзүүлэх, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах үүднээс зайлшгүй тохисшдолд төр оролцох нөхцөлийг хууль зүйн үндэслэл, тогтолцооны хувьд бий болгох, хүүхдэд үзүүлэх үйлчилгээний төрөл, уг үйлчилгээг мэргэжлийн түвшинд төрөөс гадна төрийн бус байгууллага, хувийн хэвшил, сайн санааг иргэн, гэр бүлүүд үзүүлж болох концепцион дээр хуулийн төслийг боловсруулж байлаа. Мөн хүүхдийн эрх, журамт үүргийг тодорхойлж, эрхийг нь хангах талаарх төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхойлохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар тусгасан байдаг. Гэвч эдийн засгийн хямрал гэхээсээ эрх баригчдын улс төрийн шийдвэрийн хүрээнд хүүхдийн мөнгө, хүүхэд хамгааллын тухай хуультайгаа замхарч байх шиг.

Угтаа бол хүүхдийн мөнгө халамж биш. Хасаж, тануултлаа төсөвт дарамт учруулаад байх хэмжээний ч мөнгө биш. Харин төрөөс үзүүлж буй, үзүүлэх ёстой дэмжлэг баймаар. Ирээдүй хойчийнхоо 40 хувийг хаалганы цаана үлдээж байхаар элдэв төрлийн тендер олголтоосоо хасахад л бүгдэд хүргэж болохоор л байв. Гэвч хөргөгчтэй, будаа агшаагчтай, зурагттай, тоос сорогчтой, угаалгын машинтай бол хүүхдийн мөнгө олгохгүй гэх хачирхалтай заалтаар 40 хувийг нь ялгаварлах нь зүйн хэрэг мөн үү. Адаглаад хүүхдийн эрхийг хамгаалал томоохон хуулийн шинэчлэлийг 2021 он хүртэл таван жилээр ухраасан нь МАН-ыг муухай харагдуулж байна.

 

 

С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих