Владимир Путин цөмийн зэвсгийг хязгаарлах гэрээг цуцалж Вашингтонтой харилцаагаа муутгалаа

6Өчигдөр буюу Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Вашингтонтой байгуулсан цөмийн зэвсгийг хязгаарлах гэрээг цуцлах зарлиг гаргалаа.

Ингэснээр тэр Украин болон Сирийн асуудлаар АНУ-тай хэлэлцэхдээ ашиглах шинэ хөзөртэй болж байна.

ОХУ-АНУ-ын харилцаа муудаж байсан ч хүйтэн дайны төгсгөлөөр байгуулсан цөмийн зэвсэглэлийг харилцан хязгаарлах гэрээг хоёр тал хөндөөгүй байсан юм.

Гэвч 2010 онд байгуулагдсан уг гэрээг цуцлах зарлигийг Путин өчигдөр гаргасан байна. Кремлийн мэдээлснээр энэ бол Вашингтоны гаргасан “нөхөрсөг бус” шийдвэрт өгөх Оросын хариу арга хэмжээ гэжээ.

Учир нь Вашингтон өчигдөр Сирид хүчирхийллийг зогсоохоор Оростой хийж буй яриа хэлэлцээрээ зогсоох болсноо зарласан юм. Даваа гарагт АНУ-ын төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби Оросын тал гал зогсоох тохиролцоогоо зөрчиж байгаа тул бүх яриа хэлэлцээрийг зогсоох болсноо зарлажээ.

2010 онд ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нарын байгуулсан гэрээнд цөмийн зэвсэг бүтээхэд ашиглахаар олзворлосон 34 тонн плутонийг хоёр тал цөмийн цахилгаан станцийн түлш болгохоор тохиролцож байв.

Тухайн үед Клинтон хэлэхдээ энэ бол бараг 17,000 цөмийн зэвсэг бүтээж болох материал гэж байсан юм.

Ажиглагчид Кремлийн энэ алхмыг цөмийн зэвсгээ нэмэгдүүлэх зорилготой бус, АНУ-аар буулт хийлгэх тактик гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Reuters


URL:

Сэтгэгдэл бичих