Төсвөө хэрхэн сахилга баттай болгох вэ?
Ямар ч байсан бид ОУВС-аас тусламж авч, Монголын хөрсөн дээр буулгах нь тодорхой болоод байгаатай зэрэгцэн сүүлийн жилүүдэд төсвийн сахилга бат гээчийг уландаа гишгэсэн бид хүмүүжиж чадах уу гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм. Биднийг Олон Улсын Валютын Сангаас санхүүгийн тусламж хүссэн гэдгийг өчигдөр тус сангаас албан ёсоор мэдээлэв. Гэхдээ тусламжийн хэмжээ болон төрлийн талаар тодорхой мэдээлээгүй гэдгийг тодотгоё. Энэ долоо хоногт эхний шатны яриа хэлэлцээ Вашингтонд эхлэх гэж байгаа аж. Энэ сарын сүүлээр Олон Улсын Валютын Сангийн Монгол Улсыг хариуцсан багийн ахлагч Коши Матайгаар ахлуулсан баг манай улсад энэ асуудлаар үргэлжлүүлэн яриа хэлэлцээ хийнэ гэж тус сангийн хэвлэлийн төлөөлөгч Жерри Райс мэдэгдсэн байгаа. Түүнчлэн “Монгол Улсын Засгийн газар төлбөрийн тэнцлийг сайжруулж, эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн эдийн засгийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн тусламжийг өөрсдөөс нь хүссэн гэх мэдээллийг тус сангийн зүгээс хийж байгаа юм.
Гэхдээ хүсэлт гаргалаа гээд тусламж шууд авна гэсэн үг хараахан биш л дээ. Учир нь төсвийн сахилга бат, мөнгөний хатуу бодлого, өрийн дарамтыг бууруулах зэрэг шаардлагуудыг хангах ёстой. Түүнчлэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан ахлаж ажиллахаар болоод байгаа юм.
Засгаас УИХ-д өргөн бариад байгаа төсвийн тухай хуулийн төсөлд ирэх оны төсвийн зарлагыг 8.5 их наяд, орлогоо 5.9 их наядаар төсөөлсөн байгаа. Тэгэхээр төсвийн алдагдлын талаар өмнө нь зөндөө шүүмж хэлдэг байсан нөхдүүд энэ удаад өөрсдөө алдагдлаас зугтаж чадахгүй байгаа дүр зурагтай.
Ерөнхийдөө төсвийн сахилга батыг хангаж чадах бололцоогүй гэмээр нөхцөлд бид ОУВС-аас дахин тусламж хүсч байгаа юм. Дашрамд өгүүлэхэд, манай улсын хувьд ОУВС-ийн хөтөлбөрүүдэд хэд хэдэн удаа хамрагдсан байдаг. 136.3 сая ам.долларыг хямдралгүй, жирийн зээлийн хэлбэрээр авсан байдаг аж. Стэнд бай хөтөлбөрийг 1991, 2009 онуудад хэрэгжүүлсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар шилжилтийн эдийн засгийн эхэн үе буюу 1991 онд стэнд бай хөтөлбөрийг ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрийн үндсэн зорилго нь төлбөрийн балансыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах, ажилгүйдлийг бууруулах байсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 13.75 сая зээлжих тусгай эрхийн хөрөнгийг 1991-1992 онуудад авч ашиглажээ.Дэлхийн зах зээл дээр манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал, цайр зэрэг металлын үнэ 2009 оны дунд үеэс огцом унаснаас манай улсын төсвийн орлого буурч, төсөвт байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл учруулж эхэлжээ. Монгол улсын Засгийн газар энэ хямралыг даван туулах, төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийг тогтворжуулах зорилгоор ОУВС-тай хамтран “Стэнд-бай” хөтөлбөрийг 2009 оны гуравдугаар сард нэвтрүүлсэн байна. Уг хөтөлбөр 18 сарын хугацаанд хэрэгжсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай улс ОУВС-гаас жилийн таван хувийн хүүтэй ойролцоогоор 229.2 сая ам.долларын тусламжийн зээл авчээ. Тухайн үед эрх баригчид төсөвтөө гурван ч удаа тодотгол хийж, орлого, зарлагаа өмнөх оныхоос 18 хувиар бууруулсан юм. Үр дүнд нь эдийн засгийн өсөлт 2009 онд -1.6 хувьтай гарч байсан байдаг юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: