УУЛЗВАРААР БАРУУН ГАР ТИЙШ ЧӨЛӨӨТЭЙ ЭРГЭХ ТУРШИЛТЫГ ЭХЛҮҮЛНЭ
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас нэр бүхий дөрвөн уулзвараар жолооч нар гэрлэн дохио харгалзахгүй, баруун гар тийш чөлөөтэй эргэх журмыг боловсруулжээ. Тодруулбал, Баруун болон Зүүн дөрвөн зам, Саппоро болон Гэсэр сүмийн уулзваруудад ирэх долоо хоногоос холбогдох туршилт эхлэх аж. Тус уулзваруудаар зорчиж буй жолооч нар баруун гар тийш эргэхдээ эсрэг урсгалаас ногоон гэрлээр ирж буй автомашинд болон зам гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөх ёстой юм байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой. Хэрэв дээрх дөрвөн уулзварт жолооч нар чөлөөтэй баруун эргэх туршилт амжилттай болбол үлдсэн уулзваруудад ч гэрлэн дохио харгалзахгүй баруун гар тийш эргэх журмыг батлах юм.
URL: