Өр зээлээс өөр юу ч үлдээгээгүй гэж үү?
Өмнөх Засгийн газарт Монгол Улсын сайд хэмээх том албан тушаалыг хашиж байсан М.Энхсайхан улс төрийн хүрээнийхэн, эдинй засагчид, олон нийтэд хандсан нэгэн ил захидал, өгүүлэл бичсэнийг хэвлэлүүд онцолж байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гишүүн, мега төслүүдийг хариуцаж байсан сайдын хувьд өнөөгийн эрх баригчдын халаглаад байгаа хоосорсон улсын сан хөмрөг, улсын төсвийн орлогоос давсан их өр зээлийн хариуцлагаас бага ч атугай үүрэлцэх нэгэн билээ. Тэгвэл тэрээр өмнөх Засгийн газрын сайд нараас анх түрүүлж ийм байдлыг хүлээн зөвшөөрсөн сайд болж байна. М.Энхсайхан бичихдээ “…Үнэнийг хэлэхэд, Энэ Засгийн газарт өр, зээлээс өөр зүйл үлдээгээгүй. Өртэй, мөнгөгүй Засгийн газарт өргөс авч байгаа мэт богинохон хугацаанд гоё сайхан ажил амжуулчихна гэсэн хүлээлт надад лав байгаагүй” хэмээн онцолжээ.
Аль ч нам, засгийн үед ямар нэгэн нүүртэй байж чаддаг уян хатан ч гэх үү, овтой зальжин ч гэж болохоор улстөрч бол М.Энхсайхан.
Түүний нийтлэл дундаас “МАН эрх баригч нам болсны хувьд өөрийн боловсон хүчиндээ тулгуурлаж байгааг буруутгаж болохгүй ч түүндээ эрдэхгүй байхыг зөвлөмөөр байна. Боловсон хүчний сонголтдоо нам үл харгалзаж, мэдлэг чадалд нь тулгуурлавал хямралаас гарах Засгийн газрын бодлого улс төрийн болон нийгмийн дэмжлэг авах талаасаа зөв болох болов уу гэж бодож байна” хэмээснийг онцолж үзвэл МАН илт олонхоороо ялалт байгуулж, засаг барьж байгаа энэ цаг үед ч тэрээр ийнхүү Ардын намынхны анхаарлыг татахаар оролдож байна гэсэн сэтгэгдэлтэй хамт энэхүү ил захидлаа эрх баригчдад илүүтэй онцолсон мэт санагдав. МҮАН-ын төлөөлөл болж өнгөрсөн жилүүдэд засгийн эрх барилцаж байсан М.Энхсайхан ийнхүү өмнөх засгийн газрын төлөөлөн өр зээлнээс өөр юу ч үлдээгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үнэхээр тийм үү үгүй юу гэдэг талаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг болон танхимийнх нь гишүүд дуугарах биз ээ.
URL: