Хойд Солонгосчуудыг эх орноосоо зугтахыг уриалжээ

10-3-1_700x700Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе “Манай улс Хойд Солонгосоос зугтаж ирсэн иргэдийг хүлээн авч тэднийг шинэ амьдралаа эхлэхэд нь туслахдаа баяртай байх болно. Бид тэдэнд нээлттэй. Та бүхэн энд итгэл найдвар, шинэ амьдралыг олох болно” хэмээн мэдэгдэв. Тэрээр Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний ойн өдрөөр үг хэлэхдээ ийнхүү онцолсон аж. Сөүлийн лидер “Хойд Солонгос дахь амьдралын аймшигтай үнэнийг Өмнөд Солонгост сайн мэддэг. Ардчилал, хүний эрх, нийгмийн халамж гээд нийтлэг үнэ цэнэт зүйлсийг хэн ч хүртэх эрхтэй” хэмээн нэмж хэлжээ. Пхеньяг дахин цөмийн туршилт хийж магадгүйг Пак Гын Хе сануулаад, хойдууд халдан довтолсон тохиолдолд Сөүл даруй, хүчтэй няцаалт хийж, өдөөн хатгалгын хариуг нь барих болно гэжээ.

Солонгосын хойгийг 241 км урт, дөрвөн км өргөн цэрэггүй бүс хоёр хэсэгт хуваадаг. Гурван жил үргэлжилсэн Солонгосын дайны дараа 1953 оны долдугаар сарын 27-нд эвлэрлийн гэрээ байгуулснаар ийнхүү цэрэггүй бүсийг байгуулж Солонгос улс хоёр хуваагдсан юм. Өмнөд Солонгосын Ренхап агентлаг мэдээлж буйгаар, есдүгээр сарын 27-нд Хойд Солонгосын нэг цэрэг тэр бүсээр дамжин орж иржээ. Хамгийн сүүлд 2015 онд Хойд Солонгосын нэг цэрэг зугтан орж ирэхэд Өмнөд Солонгосын тал буцаалгүй хүлээж авсан юм. 2012 онд мөн ийм тохиолдол гарч байв. Нэг сарын өмнө Лондонд ажиллаж байсан Хойд Солонгосын элчин сайдын яамны нэг ажилтан зугтаж Өмнөд Солонгос руу гарчээ. 1953 оноос хойш нийтдээ Хойд Солонгосын 30 мянга орчим иргэн зугтаж өмнөд хөршдөө очсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Н.МӨНХЖИН


URL:

Сэтгэгдэл бичих