АНУ энгийн иргэдийг хөнөөсөн үү

1201610031475455834Афганистан дахь хэт даврагч “Исламын улс” бүлэглэлийн байршилд Америкийн нисгэгчгүй онгоц агаараас цохилт өгчээ. Харамсалтай нь уг цэргийн ажиллагааны үеэр 21 хүн амиа алдсан байна. Амиа алдагсад бүгд Афганистаны иргэд байсан талаар тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

 

Америкийн нисгэгчгүй онгоц Пакистантай хил залгаа Ачин мужийн Нангархар хотод агаараас цохилт өгчээ. Тус хотын хил орчимд исламын улсын дайчид хяналтаа тогтоосон байв. Харин энэ мэдээллийг талибанчууд эрс үгүйсгэж “Нангархар хот бидний хяналтад байдаг” гэжээ. Хотын дарга “Гэнэтийн дайралтын үеэр 21 хүн амиа алдаж, 11 хүн шархтсан. Шархтсан иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй байна. Амиа алдагсдын дунд хүүхдүүд бий” гэсэн байна.

АНУ саяхан Сирид гал зогсоох хэлэлцээр зөрчигдөх үеэр болсон Алеппо хот руу бөмбөгдсөн болон НҮБ-ын тусламжийн цуваа руу гал нээсэн хэрэгт ОХУ-ыг буруутгаж байгаа билээ. Сирийн иргэдэд хүрэх ёстой байсан тусламжийн цуваа дайралтад өртөх үеэр НҮБ-ын энхийн элч нар амиа алдсан юм. Энэ хэргийн ард хэн байгааг тогтоогоогүй байна. Гэхдээ зарим ажиглагч дээрх хэргийг АНУ өөрөө үйлдсэн гэж үзэж байгаа аж. Америкчууд террористуудад шөнө нь зэвсэг нийлүүлээд өдөр нь нисгэгчгүй онгоцоороо дайралт хийж энгийн иргэдийг хөнөөсөөр байна гэж интернэтэд хүмүүс сэтгэгдэл, бухимдлаа илэрхийлж байна. АНУ өмнө нь өнгөрсөн өвөл Афганистаны Кундуз хотод агаарын цохилт хийх үеэрээ алдаа гарган эмнэлгийн байр руу бөмбөгдөж байсан билээ. Тус хотын иргэдэд тусалж байсан “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын байрыг бөмбөгдсөн явдал олон улсын хүний эрхийн байгууллагуудын зүгээс хатуу шүүмжлэлтэй тулгарсан юм.

Харин Сирид бие даан цэргийн ажиллагаа явуулж байгаа ОХУ НҮБ-ын тусламжийн цуваа болон Алеппо хотын асуудлаар тайлбар, дүгнэлт хийгээгүй. Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Орост хандан энэ ондоо багтааж Сирид явуулж байгаа ажиллагаагаа зогсоохыг шаардав. Харилцан гал зогсоох гэрээг байгуулахгүй бол ОХУ-тай дахин хэлэлцээр хийхгүй гэсэн байр суурийг Төрийн нарийн бичгийн дарга илэрхийлж байна. Орос, АНУ-ын Ерөнхийлөгч нарын хамтран байгуулсан Сирид гал зогсоох хэлэлцээр үр дүнгээ өгсөн гэж НҮБ мэдээлсэн билээ. Харин хоёр дахь удаагаа сэргээсэн хэлэлцээр энэ удаад бүтэлгүйтсэн.

ОХУ-тай дахиж хэлэлцээр хийхгүй гэв

Жон Керри НҮБ-д суугаа ОХУ-ын Элчин сайдын нэгдүгээр орлогчтой утсаар холбогджээ. Орлогч “ОХУ Сирид энхтайван тогтоох хүртэл цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Бид олон улсын шаардлагыг биелүүлэх, цаашлаад хамтран ажиллах болно” гэж мэдэгдсэн байна. АНУ, ОХУ-ын эрх баригчдын байгуулсан гал зогсоох гэрээ энэ сарын 12-нд хүчингүй болсон юм. Гал зогсоох гэрээ хүчингүй болсны дараа Сирийн Алеппо хот руу агаараас хэд хэдэн удаа цохилт өгсөн байна. Энэ үеэр 100 гаруй хүн амиа алджээ. Үүний дараа өнгөрсөн амралтын өдөр 98 хүн бөмбөгдөлтөд өртөж амь үрэгдсэн байна. Тэдний дотор хүүхдүүд олон байв. Энэ хэргийн ард Сирийн армийнхан байсан гэж тогтоогоод байгаа аж. Агаараас цохилт өгөх үеэр оросууд Сирийн армийнханд дэмжлэг үзүүлж байсан гэж АНУ үзэж байна. “Хоёр долоо хоногийн дотор цэргийн ажиллагааны үеэр олон зуун хүн амиа алдлаа. Үнэхээр харамсалтай. Орос улс бидний шаардлагыг биелүүлэхгүй бол дахин гал зогсоох асуудлаар гэрээ байгуулахгүй” гэж Жон Керри хэлэв. Керри мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Сирийн асуудлаар ярилцах хүсэлтэй байгаа юм.

НҮБ: Хэт даврагчидтай тэмцэж байгаа улс орнуудын үйлдэл хяналтаас гарлаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Сирийн хямралыг бүрэн зогсооход бүхий л хүчээ дайчлах хэрэгтэй. Сирид дахин цус урсах ёсгүй. Бид хамтарч чадвал энэ бүхнийг ганцхан өдрийн дотор зогсоож чадна” гэсэн юм. Гэвч Сирид гал зогсоохоор АНУ, ОХУ-ын байгуулсан гэрээ хүчингүй болсны дараа террористууд халдлага үйлдэх нь ихэслээ. Мөн Сирийн ардын армийнхан террористуудтай байлдах нэрээр энгийн иргэдийг хохироож байгаа нь энэ улсад хууль үйлчлэхээ больсны тод жишээ гэдгийг НҮБ дахь Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистура хэлж байна. “Сирийн хямралыг хэн зогсоох нь тодорхойгүй байна. Ард түмэн удирдлагууддаа итгэл алдарсан. Тус улсыг террористуудаас чөлөөлөхөөр амласан улс гүрнүүд хяналтаас гарлаа. Тэд дур зоргоороо аашилж эхэллээ” гэж НҮБ-ын тусгай төлөөлөгч хэлэв.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүчирхийллийг өдөөх бус таслан зогсоохоор тэмцэж байгаагаа хэлээд шаардлагатай тусламжийг үргэлжлүүлэн олгох болно гэсэн байна.

 

 

AMJILT.COM

 


URL:

Сэтгэгдэл бичих