Хямралд өртсөн Грект “хачиртай талх”-аар биеэ үнэлж байна

prostituzione via salariaЭдийн засгийн хямрал нүүрлэж эхэлсэн 2008 оноос хойш Грект биеэ үнэлэлт огцом нэмэгджээ. Дэлгүүр, номын сан, зочид буудал зэрэг “зөв” салбарт ажиллаж байсан бүсгүйчүүд биеэ үнэлэгчдийг армид нэгдэх үйл явц чимээгүйхэн хүчээ авчээ. Ажилгүйдэл 25 хувьд хүрсэн нь үндсэн шалтгаан байлаа, харин эмэгтэйчүүд хүн л юм чинь ууж, иднэ, өмсч зүүнэ. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ч бий. Тэдний хувьд хамгийн амархан арга нь гудамжинд биеэ үнэлэх явдал байв. Учир нь тус улсад 1999 оноос хойш биеэ үнэлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрсөн аж. Ийм шалтгаанаар сүүлийн долоон жилийн дотор биеэ үнэлэгчдийн тоо 150 хувиар нэмэгджээ. Албан ёсны тоо нь л ийм болохоос үнэн хэрэгтээ үүнээс ч их байх боломжтой гэдгийг судалгаа хийсэн байгууллага ч үгүйсгэхгүй байна.

            “Human rights watch” байгууллагын Грек дэх мэргэжилтэн Эва Косса “Хуулиар хүлээн зөвшөөрсөн болохоор энэ салбарт төрийн хяналт бий. Статистикийн газраас энэ салбарт хөдөлмөр эрхлэгчийн тоог гаргасан байдаг. Гэвч энэ нь дарсан тоо гэдгийг хараат бус байгууллагуудын хийсэн судалгаа харуулдаг юм. Орон гэргүй, мөнгө юм уу, аяга хоол зэргээр “бараа солилцоо” хийдэг эмэгтэйчүүдийн эгнээ өргөжсөн байгаа нь харамсалтай” хэмээн бичжээ.

            Биеэ үнэлэгч болох нь Грект хуулийн дагуу явагддаг ч маш хүнд шалгууртай байдаг. “Нэр дэвшигч” нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, цоо эрүүл байх ёстой. Мөн гэрлэсэн эмэгтэйчүүдийг биеэ үнэлэгч болохыг хориглодог. Мөн хаана “ажиллахыг” нь дээрээс зааж өгдөг байна. Нэгэнт эрхээ авч, хүлээн зөвшөөрөгдсөн бол 15 хоногт нэг удаа эмнэлгийн шинжилгээнд ордог. Гэвч эдлэх зовлон нь үүгээр дуусахгүй. Хэдий хуулийн дагуу ажил эрхэлж байгаа ч гэсэн хууль сахиулагчдын зүгээс ирэх дарамт их гэнэ. Афины хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт цагдаа нар биеэ үнэлэгчдийг байнга “ангуучилдаг”. “Тэдний ихэнх нь хууль сахиулагчдын үзүүлдэг бэлгийн дарамтад өртсөн гэж баталж байлаа” хэмээн Э.Коссагийн илтгэлд тэмдэглэжээ. Афины төв гудамжинд ажилладаг “Шөнийн эрвээхий” 33 настай Анна “Цагдаа нар бичиг баримт шалгахаар өдөрт гурван удаа баривчлах нь ердийн үзэгдэл” хэмээн ярьсныг тэрбээр иш татсан байна. Нэрийг нь мэддэг, бүр таньдаг мөртлөө “Танаас биеийн байцаалт авна” гээд л дагуулаад явдаг ажээ.

            Грекийн эрүүл мэндийн яам 2012 онд “Биеэ үнэлэлт нь ДОХ өвчний тархалт нэмэгдэх гол шалтгаан болж байна” хэмээн мэдэгдэж, үүний дагуу журмууд баталсан нь хууль ёсны бизнесийг хууль бус ч юм шиг болгоход хүргэсэн гэнэ. Журмын дагуу бүх биеэ үнэлэгчдэд шинжилгээ хийтэл 30 хүнээс ДОХ илэрч, салбарын нэр хүнд навс унажээ. Грект тэр үед соёлт Европын нэг хэсэг гэхээргүй балмад явдал болж, дээрх 30 эмэгтэйн нэрсийг зурагтай нь интернэтэд тавьж шившиглэсэн. Грекийн төр энэхүү үйлдлээ “Хавьтагчдыг нь олж тогтоохын тулд” хэмээн тайлбарласан байдаг.

            Биеэ үнэлэгчдийн дунд орж, тэдний нууцлаг амьдралыг ил гаргаж тавьснаараа ихэд алдаршсан гэрэл зурагчин Мирто Пападопулост нэгэн биеэ үнэлэгч

“Эдийн засаг хямрахын хэрээр биеэ үнэлэлт газар авна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Дэлхийн хаана ч ялгаагүй. Бид дуртайдаа энэ замыг сонгоогүй” гэж хэлжээ.

Энэ үнэхээр үнэн гэдгийг сүүлийн үед хийгдэж буй судалгааны дүн баталж байна. Афины их сургуулийн хийсэн судалгаанд өгүүлснээр, Грект “шөнийн фронт”-д зүтгэдэг 17 000 “дайчин” байдаг юм байна. Тэдний 80 хувь нь грекчүүд ажээ. Дундаж нас нь санаа зовмоор бага буюу 17-20 насныхан. Хямралаас өмнө хагас цаг “дурлахгүйгээр үнсэлцэхэд” 50 еврогийн үнэтэй байсан бол эдийн засаг хямарт өрсөлдөгч олширсноос болж одоо хоёр евро л хангалттай болжээ. Энэ нь ердөө л хачиртай талхны үнэ юм.

С.Алдар

Breakingnews.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих