С.Одонтуяа хүүхдэд хайр зарлав
Иргэн С.Одонтуяа УИХ-ын 2016 оны есдүгээр сарын 7-ны өдрийн 38 дугаар тогтоолын холбогдох хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-аас баталсан 38 дугаар тогтоолын дагуу амьжиргааны түвшний 1-10 дугаар бүлэгт орсон айлын хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг бэлнээр олгохоор, уг бүлэгт хамаарахгүй бол хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрээр байршуулж, 2019 оноос бэлнээр авч болохоор заасан. Дээрх тогтоолын дагуу нийт хүүхдийн 60 хувь нь 20 мянган төгрөгийг бэлнээр авах бол үлдэж байгаа 40 хувь нь 2019 оноос бэлнээр авах эрх үүсэх юм. Энэ нь дараах хуулиудыг зөрчиж байна гэж тэрээр үзжээ.
Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэснийг,
Хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг,
Хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхан үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэснийг,
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 1.1-д “Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх” гэснийг,
Мөн “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй” гэснийг зөрчлөө. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль дээдлэх, олон улсын гэрээгээ хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх зарчмыг уландаа гишгэсэн хариуцлагагүй үйлдэл хэмээн хэллээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: