“Хүргэн” Г.Дэнзэнг яагаад хорив

3621

Улстөрчидтэй холбоотой өндөр аваад байгаа баривчилгааны дуулианд иргэн Г.Дэнзэнг дахин баривчилсан шуугиан нэмэгдлээ. Тухайн үеийн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ойрын төрөлтэй гэр бүл болсон гэдгээрээ хэвлэлийнхний “нээнтэг”-т орж нэлээд шүүмжлүүлж байсан түүнийг хүчний байгууллага баривчлан саатуулж шалгасан. Хуулийн байгууллага түүнийг шалгах үндэслэлээ эрхэлж байсан ажил үүрэгтэй нь холбон тайлбарладаг ба эрх мэдлээ хэтрүүлэн тендэр авч эхнэрийнхээ компани руу их хэмжээний мөнгө хийж завшсан гэж тайлбарлаж байсан.

 

Харин нөгөө талд улс төр талаасаа Г.Дэнзэнг хэлмэгдсэн буюу АН доторх тухайлбал, Алтангадас фракцид чиглэсэн дайны суманд шархадсан гэж таамаглах хүмүүс байдаг. Учир нь тухайн үеийн Засгийн газарт Ерөнхий сайддаа хамгийн ойрхон итгэлт шадар нь Г.Дэнзэн байсан гэдэг. Үүнийг батлах мэт шинэчлэлийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ногоон гэрлээр томилогдож байв. Энэ өндөр карьер нь төд удалгүй савлаж Эрдэнэс таван толгойгоос тендэрийн мөнгө завшсан хэрэгт шалгагдсан.

 

Г.Дэнзэн залуу хүний хувьд үүрэгт ажилдаа алдаа хийсэн байж болох ч улаан цайн эхнэрийнхээ компанийн нэр дээр 7 тэрбум төгрөг шилжүүлсэн гэхэд үнэмшмээргүй гэж зарим нэг нь гайхан бичиж байсан.

 

Хэрэг дуулиан хэвлэл сайтаар гарч эхлэхэд Г.Дэнзэн гадаадад байсан ба түүнийг оргон зугатсан гэж зарим эх сурвалж мэдээлж байлаа. Үүний хариуд тэрбээр хилийн цаанаас захидал бичиж байв. Энэхүү захидалдаа “…Г.Дэнзэн миний биеийг хил даван оргон зайлсан гэх огт үндэслэлгүй ээлжит гүтгэлэг… Одоогоор ХБНГУ-д сургалтад сууж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 2-нд хичээлээ дуусгаад эх нутагтаа очно…” гэж мэдэгдэж байсан.

 

Тэгээд ч үүнийгээ нотлон төд удалгүй эх орондоо ирсэн. Мэдээж нэг их удалгүй түүнийг баривчилж хариуд нь Г.Дэнзэн хоригдож байхдаа өлсгөлөн зарласан. Шоронгоос мөн л захидал бичсэн. Харин захидлаа  нэр заасан буюу “Ардчилсан намын нийт гишүүд, үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд, Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан намын дарга З.Энхболд танаа” гэж хаягласан байв.

 

Тэрбээр захидалдаа “…Ардчилал бидэнд олон сайн сайхан зүйлийг өгсөн. Гэсэн ч “Ардчилал гэж юу вэ” гэдэг асуултыг бид өөрсдөөсөө дахиад нэг асуух цаг үе ирээд байна гэж онцлоод …“Өнөөдөр би хүсэл тэмүүллийнхээ төлөө ид хийж бүтээх 28 насандаа  Ардчиллыг “арчаагүй” харагдуулах гэсэн сөрөг хүчний хөрөнгөтэй залуусын “зохиож” бий болгосон зохиомол дүр болж, улс төрийн эрх мэдэл, ашиг сонирхлын төлөөх бүлэглэлүүдийн зорилгодоо хүрэх гэсэн бохир явуулгын золиос болон шоронд хоригдон эрх чөлөө, эрүүл мэндээрээ хохирон, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байж нийгмийн емнө буруутан мэтээр шүүмжлэгдэн өдөр хоногийг өнгөрөөж байна…” гэж өөрийгөө улс төрийн том тоглоомны золиос болсон гэж үзэж буйгаа илэрхийлж байсан.

 

Удаан хоригдсон Г.Дэнзэн шоронгоос суллагдсанаар шуугиан намжиж түүнийг хэсэг мартсан. Гэвч хэрэгт дахин шинэ нөхцөл байдал баримт бий болсон бололтой түүнийг оргон зайлж болзошгүй гэж үзэн дахин баривчилжээ.

 

Ийм дуулиант хэргүүдэд хэн нэгнийг гэм буруутай эсэх талаар эцсийн дүгнэлт хийх эрх үүнийг бичигч надад болоод өөр хэн нэгэнд байхгүй. Шүүх л эцэслэн тогтооно. АН-ын төр барих цаг үеийн Засгийн газрын зарим гишүүн, томоохон албан тушаалтнуудыг тодорхой хэрэгт шалгаж байгаа талаар мэдээлэл 7 хоног бүр гарч байна. Энэ хэргүүдийг улс төртэй холбож ямар нэг байдлаар хардаж болох ч хуулийн байгууллага ажлаа хийж байхад нөлөөлөх яриа мэдээж энд байхгүй.

 

Иймэрхүү дуулиант хэргүүд дээр олон нийт нэг л байр суурин дээр нэгдмэл байгаа нь ажиглагддаг. Бүгдийг мухарлаж үнэн зөв шалгаж тогтоогоосой. Шударга ёсны илэрхийлэл болсон хууль хүн бүрт эрх тэгш үйлчилж байгаасай гэдэг.

 

П.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих