Хотын даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа
НИТХ-ын ээлжит III хуралдаан өчигдөр болж, хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.
Үйл ажиллагааны хөтөлбөр нь 5 бүлэгтэй.
- Эдийн засгийн өсөлт өрх бүрт
- Хот байгуулалт , дэд бүтэц
- Байгаль орчин, ногоон хөгжил
- Нийгмийн хөгжил
- Засаглал
Хотын даргын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөөс онцлох тоон эшлэлүүдийг дурьдахад сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэл хот 50 барилгыг өргөтгөх буюу шинээр барих юм байна. Ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлнэ. “Жаргалтай үрс” хөтөлбөр хэрэгжүүлж, хороо бүрт цэцэрлэг байгуулах ажлыг хийж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ.
“Орлоготой орон сууц“ хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдээ орон сууцаар хангах, гэр хороололын дахин төлөвлөлтийг “Зөв шийдэл”-тэйгээр явуулах ажлуудыг тусгажээ.
Мөн Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ менежмент нэвтрүүлж, ачааллыг 50 хүртэл хувиар бууруулна.
Хотын автозамын сүлжээг сайжруулж төмөр замаар тусгаарлагдсан гудамж, замуудыг холбосон нүхэн гарц шинээр барина, гол гудамж, замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг сайжруулна.
Баруун, Зүүн 4 замын уулзварт олон түвшний огтлолцол байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалт хийхээр хөтөлбөрт тусгасан байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэл хот нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: