Ардчилсан намаас ард түмэн шинэ дарга хүлээгээгүй

62000.12.06. Ардчиллын чиг баримжаатай таван нам нэгдэж өнөөгийн Ардчилсан намыг байгуулж байсан өдөр.

 

2016.12.06. Ардчилсан нам Их хурлаа хийхээр товлосон өдөр. Тооны давхцал талаас нь харвал тус нам байгуулагдсаны 16 жилийн ой гэж хэлж болох юм.

Харин цаад агуулгаараа Ардчилсан намд 16 жилийн өмнөх болон дараах энэ өдөр бүтэц, зохион байгуулалт, үзэл баримтлал, дүрмийн өөрчлөлтийг хийх үйл явдлын давхцал болж байна.

Мөн улс төрийн хүчний хувьд сонгуулийн циклээр томоохон ялагдал амссаны дараах нөхцөл байдал аль альд нь тохиож буйг энд тодотгоё. Тухайн үед засгийн эрхийг барьж байсан Ардчилсан холбоо эвсэл задарч, УИХ-д цор ганц суудалтай үлдсэн гашуун сургамж дээр өнөөгийн Ардчилсан нам бүрэлдэх сууриа тавьж байлаа.

Харин өнөөдөр Ардчилсан намын шинэчлэл тойрсон яриа бусад бүх асуудлаас илүү шинэ дарга хэн байх вэ гэдэгт төвлөрч байгаа харагдана. Өөрөөр хэлбэл нэн тэргүүнд шинэ даргыг сонгосноор цааш явах юм шиг ойлголтыг шинэчлэл нэрийн дор болж буй үйл явдлууд харуулаад байна.

Намын даргад нэр дэвшигчдийг албан бусаар тодруулж, дотроо өрсөлдөөд эхэлжээ. Мөн ахмад, залуу үе, фракцаараа талцаж, анхдагч, “алтан хараацай”-нуудаа зайгаа тавьж өгөхийг шаардах боллоо. Эсвэл шинэ залуу үеэ “Та нар хэн юм” гэсэн байдлаар хажиглах хандлага ч ах нараас нь цухалзаж буй.

Ардчилсан намын шинэчлэл гэдэг Монгол Улсын ирээдүйн улс төрийн бодлогын тогтолцооны шинэчлэл болох ёстой.

Гэхдээ бүгдийнх нь амнаас “шинэчлэл” гэсэн үг унаастай. Хэрэв ингэж явбал шинэчлэл биш, ерөөсөө яарсан даарсан хэдэн хүн гомдлоо тайлах, эсвэл байр суурь олж авах гэсэн далд зорилгын хүрээнд намын шинэ дарга тодруулах үйл явц болж хувирах нь.

Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэйг бүгд хүлээн зөвшөөрч буй. Гэхдээ энэ шинэчлэлийг цаг хугацаанд баригдаж, хөндлөнгийн дүгнэлтэд хүлэгдэж, эсвэл хэн нэгний шахалт шаардлагад тааруулах гэж хийх нь зөв биш.

Яагаад гэвэл Ардчилсан намын шинэчлэл гэдэг Монгол Улсын ирээдүйн улс төрийн бодлогын тогтолцооны шинэчлэл болох ёстой. Харин тэр шинэчлэл намын дарга сонгохоос эхлэх ёсгүй. Ард иргэд Ардчилсан намыг шинэ даргатай болоосой гэж хүлээхээс илүү, шинэ бодлоготой, шинэ үйл ажиллагаатай болоосой гэж хүсэж байгаа.

Ардчилсан намын жирийн гишүүд, дэмжигчид шинэчлэлээс ийм л үр дүн хүлээж байгаа. Энэ нь дүрмийн өөрчлөлт, намын гишүүнчлэл, бүртгэл, татвар, санхүүжилт гээд ерөөсөө намын үйл ажиллагаа яаж явах вэ гэдгээс эхлэхээс бус дарга тодруулах, эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнүүлснээр бий болохгүй.

Тиймээс төрийн ордон, намын байр тойроод намын шинэчлэл ярьж гүйхээс илүүтэй намын анхан шатны байгууллага, тэнд байгаа жирийн гишүүд дэмжигчдийн үгээ сонсоод ир. Ядаж тэгж байж тэр хүмүүсийнхээ үнэт зүйл, үзэл бодол, эрхэмлэх зарчмыг нам өөрөө тээж чадаж байна уу гэдгээ мэдэж авах биш үү.

Үүнээс гадна Монголын улс төрийн намыг хамгийн ихээр бохирдуулагч нь санхүүжилт. Энэ нь зөвхөн АН-д хамаатай сэдэв ч биш. МАН ч, өөр бусад намуудад ч хамаатай. Намын санхүүжилтээс болоод улс төрийн авлига, улс төрийн авлигаас төрийн албан тушаалын томилгоо хийгддэг болсон нь нууц биш.

Намын санхүүжилтээс болоод улс төрийн авлига, улс төрийн авлигаас төрийн албан тушаалын томилгоо хийгддэг болсон нь нууц биш.

Намд хэн их хандив өгсөн нь албан тушаал, эрх мэдэл рүү мацаж, мөнгөтэй том яамыг “өмчилж” авах нь холгүй байна. Сонгуулийн өмнөхөн МАН-ыг тойрсон 60 тэрбумын яриа намын санхүүжилтээс үүдэлтэй гэдгийг энд тэмдэглэе. Тиймээс цаашид нам санхүүжилтээ хэрхэн яаж ил тод, нээлттэй байлгахаа тодорхой болгох хэрэгтэй.

Шинэчилнэ гэдэг нь АН-ыг цоо шинээр бий болгох тухай асуудал биш. Ядаж анх ярьж байсан үзэл баримтлал, үнэт зүйл, бодлого дээрээ ирж зогсооч ээ л гэж байгаа юм. Ийм л үед нь олон нийт Ардчилсан намыг дэмждэг байсан, гэрэл гэгээг энэ намаас хардаг байсан.

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин саяхны нэгэн ярилцлагадаа “Нэгдэх хэрэгтэй, нийлэх хэрэгтэй. Гэхдээ хувь хүн, өөрсдөдөө наасан хаяг дээр биш, ярьж байгаа сэдэв, зарчим, арга барилаараа нэгдэж том гол болох хэрэгтэй. Нэг алдсан алдааг давтаж болохгүй.

Олон гол нийлж мөрөн болдог шиг олон хөдөлгөөн нийлж байж нам дотор том давалгаа үүснэ. Горхи болгон хоорондоо хэрэлдээд “Чи цаашаа, би наашаа” гэвэл бүгд элс рүү шургаад алга болно шүү дээ” хэмээсэн байсныг энд эшилье.


URL:

Сэтгэгдэл бичих