Ипотекийн 8%-ийн хүүтэй зээлийг ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, 5%-ийнхийг ЗОГСООХ болсноо мэдэгдлээ
УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр /2016.09.29/ Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм. Энэ үеэр тэрбээр ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийв.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Ипотекийн зээлийн хөтөлбөрийг анх Монголбанк санаачилж, Засгийн газарт шилжүүлсэн. Шинэ Засгийн газар байгуулагдаад эргээд Монголбанканд шилжүүлж байх шиг байна. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанк цаашид үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байна” хэмээн мэдэгдэв.
Ипотекийн зээлийн хөтөлбөрт тав болон найман хувийн хүүтэй хоёр төрлийн зээл байгаа бөгөөдтаван хувийн хүүтэй зээлийг улс орны эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн зарчмыг үндэслэн зогсоохоор болсон байна.
Өнөөдрийн байдлаар таван хувийн хүүтэй ипотекийн зээлэнд хамрагдахаар хүсэлт, өргөдлөө гаргасан нийт 4,000 гаруй иргэнд 90 орчим тэрбум төгрөг зарцуулахаар байгаа аж.
Харин найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг Засгийн газартай хамтран цаашид үргэлжлүүлнэ гэдгээ Монголбанкны Ерөнхийлөгч Т.Баяртсайхан мэдэгдлээ.
Уг зээлийн хөтөлбөрийг 100 хүртэлх ам.метр талбайтай орон сууц худалдан авах иргэдэд үргэлжлүүлэн олгож, 100 ам.метрээс дээш талбайтай орон сууцыг зах зээлийн зарчмаар арилжааны банкны зээлийн хүүгээр худалдан авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL: