“АЗ ЖАРГАЛТАЙ ХОТ” БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА
НИТХ-ын ээлжит III хуралдаан өчигдөр болж, хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Үйл ажиллагааны хөтөлбөрийг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Улс, нийслэлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, Нийслэлийн иргэд, оршин суугчдын санал, Монгол Улс болон Нийслэлийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв хандлагад үндэслэн боловсруулсан байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэл хот нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болох юм.
Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит III хуралдаанаар хэлэлцэн баталсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг www.ulaanbaatar.mn цахим хуудаст бүрэн эхээр нь байршуулна гэж гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: