Хятадын удирдагчдын халаа сэлгээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний байр суурийг бэхжүүлэх учиртай, эрх баригч коммунист намын 2017 оны ээлжит хуралдаан ирэх жил болно. Үүнтэй уялдан Хятадын улс төрийн нарийн урлагийн учрыг тайлах “Цайны шаарын мэргэ” эхэллээ. Маогийн дараах Хятад орны удирдагчдын уламжлал ёсоор тэрбээр ирэх намар болох намын XIX их хурлаар улиран сонгогдох нь бараг гарцаагүй. Анх сонгогдсон цагаасаа засгийн эрх мэдлийг төвлөрүүлэхэд анхаарч ирсэн ноён Ши хоёр дахь удаагаа алба хашсан хойноо ч нэр нөлөөтэй үлдэх эсэх нь уг Их хурлаас өмнө болсон томилгооноос хамаарч байна.
Ноён Ши нь намын гишүүдийн дунд авлигатай тэмцэх аян өрнүүлж, нийгэмд улс төрийн хяналтыг чангатгах арга хэмжээг санаачлан, интернэт, мэдээллийн хэрэгслүүдийн “амыг барьж”, иргэний эрхийн хөдөлгөөний идэвхтнүүдийг нухчин дарах арга хэмжээ авдаг нэгэн. Мао Зэдун нас барсан цагаас хойш Хятадын улс төр, эдийн засгийн амьдралд зүтгэж ирсэн хүчирхэг гэр бүлийн нэгийнх нь удам, тус улсад “Хааны агь” гэгддэг хүмүүсийн нэг бол Ши Жиньпин.
Гэвч эрх мэдэл хуваарилах хувийн сүлжээ нь гайхмаар сул энэ хүнд Хятад орны талцсан бүлэглэлүүдийн бодлого гай тарьж болзошгүй. Ноён Шигээс Хятадын коммунист намын (ХКН) удирдах дээд албан тушаалтнуудтай тогтоосон хувийн харилцаа нь цөөн хүнээр хязгаарлагддаг. Ирэх жилийн Их хурлаас өмнө хийж буй томилгоо нь болзошгүй холбоотнуудыг дэргэдээ татаж, нам, улс, цэргийн тэргүүний үүргээ албан ёсоор хүлээлгэн өгснөөс хойш ч нэр нөлөөгөө хадгалж үлдэхэд нь хэрэг болох юм. “Өрсөлддөг үе эхэллээ.
Хятадын улс төр гэдэг өөр болохоор хүмүүс үзэлцээд унахгүй. Өрсөлдөгчийнхөө санааг таах, хууран мэхлэх гэж л оролдоцгооно” хэмээн Веллингтон дахь Викториа их сургуулийн хятад судлаач Бо Жи-юй тайлбарлав.
Энэхүү нарийн төвөгтэй шатрын нүүдлийн учрыг олох гэвэл Хятад томилгооны нийтэд тодорхой “Дүрэм”-ийг мэддэг судлаач байх хэрэгтэй. Учир нь шинэ хүнийг ХКН-ын Төв хорооны 400 орчим жинхэнэ болон орлогч гишүүн дундаас тодруулдаг. Дээд байгууллага болох ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдох насны дээд хязгаар 67 байдаг тул Төв хорооны гишүүд бүгд 50 хэвийсэн хүмүүс. Орон нутгийн захиргааны хоёр, сайдын нэг суудлыг энэхүү Улс төрийн товчооны 25 гишүүн дундаас сонгодог.
Эрх мэдлийн оргил нь ноён Ши, Ерөнхий сайд Ли Көчян нарыг оролцуулаад долоон гишүүнээс бүрддэг Улс төрийн товчооны Байнгын хороо. Бээжингийн халуунаас дайжсан Хятадын удирдагчид зуныг далайн эргийн амралтын газар Бэйдайхө-д өнгөрүүлж ажил хэргээ явуулдаг уламжлалтай. Энэ зуны эхний гурван долоо хоногт Бэйдайхө дахь өргөөнөөс орон нутгийн захиргааны тэргүүн, намын нарын бичгийн дарга, сайд зэрэг 10 гаруй дээд албан тушаалын сэлгээг арай доод түвшний бусад томилгоотой хамт хийсэн юм.
Улс төрийн товчоон дахь дараагийн халаа сэлгээ Бээжин, Шанхай, Чунчин, Тяньжин зэрэг гол хот болон экспортын төв Гуандун, хязгаар нутаг болох Шиньжян-Уйгурын өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн даргын суудлыг хамарч болзошгүй. Цагтаа ноён Лигийн ивээлд багтаж байсан Чен Чуаньгуог улс төрийн эмзэг алба болох Төвдийн намын хорооны нарийн бичгийн даргаас стратеги, эдийн засгийн чухал бүс Шиньжян руу шилжүүлсэн нь үүнтэй холбоотой юм.
Ноён Шиг намын “Амин зүрх” хэмээн дэмжигч хөдөөгийн бүс нутгийн удирдагчдын нэг нь Ли Хунжун. Намын хорооны нарийн бичгийн даргыг нь авлигын хэрэгт холбогдуулан саатуулсан Тяньжин хотод ноён Лиг шинэ даргаар томилон шилжүүлсэн юм. Одоогийн Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдээс лавтайяа хоёр нь албан тушаалын замналаа Тяньжин хотоос эхэлсэн. Ийм ч учраас зээлийн үндсэн дээр эрчимтэй хөгжиж буй тус хотыг найдвартай гарт атгуулах нь чухал байгаа.
Дээрх хоёрын томилгоо нь шинжлэх ухааны үндэс бүхий тайлбартай ч, цайны шаараар мэргэлэх хэрэг бас л гарсаар. Жишээ нь Ляонин мужаас Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хуралд оролцох төлөөлөгчдийн тоо илт өссөнийг юу гэж ойлгох вэ. Ляонин нь ноён Ши гарч ирснээр эрх мэдлээ шившигтэй алдсан Бо Шилайн түшиг тулгуур муж. Гэтэл ноён Ли ч Ляонин мужид ажиллаж байсан түүхтэй.
“Хэрвээ Ши Жиньпин XIX Их хурлаас өмнө шадруудаа томилж авах гэж байгаа бол хүчирхэг бүлэглэлүүдийг дарж, дуулгавартай болгох хэрэг гарна” хэмээн Бээжингийн улс төрийн тоймч, түүхч Жан Лифань тайлбарлав. “Бүх хүн хэлснийг нь дуулгавартай дагахуйцаар үлгэр жишээ үзүүлэх цөөн загвар үүсгэх шаардлагатай” талаар тэрбээр нэмж өгүүлсэн юм.
Ирээдүй нь тодорсон зургаа буюу анхаарлын төвд байгаа нарийн бичгийн дарга нар.
- Чэнь Чуаньгуо, Шиньжян- Уйгурын өөртөө засах орон. Улс төрийн хувьд эмзэг Төвдөөс саяхан шилжсэн.
- Гуо Жинлун, Бээжин. 2008 оны олимпын үеэр Бээжингийн захирагч байсан. Тэрбээр 2012 онд Намын хорооны нарийн бичгийн дарга болсон.
- Ли Хунжун, Тяньжин. Хубэй мужаас Тяньжин боомт-хотод саяхан шилжсэн.
- Сунь Жэнцай, Чуньчин. “Зургаа дахь үе”-ийн од болж буй тэрбээр 2012 онд Хятадын баруун өмнөд дахь тус хотын намын хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон.
- Хань Жэн, Шанхай. Ноён Хань 2006 оны авлигын эсрэг тэмцлээс нэр цэвэр гарсан хүний нэг. Шанхайн Намын хорооны нарийн бичгийн даргаар 2012 оноос хойш ажиллаж байгаа.
- Ху Чуньхуа, Гуандун. Хятадын Коммунист залуучуудын эвлэлээс тодорсон. Мөн 2012 онд Намын хорооны нарийн бичгийн дарга болсон.
Люси Хорнби
Засгийн газрын мэдээ
URL: