Ипотекийн зээлд хамрагдах хэмжээг 100 ам метр болгожээ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны есдүгээр сарын 28-ны өдөр болж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2017 онд шинэ төрлийн татвар бий болгохгүй, татвар нэмэхгүй
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. 2017 онд шинэ төрлийн татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэхгүй байхаар төсөлд тусгажээ.
Оффшор бүсэд данс эзэмших, мөнгө байршуулахыг хориглохтой холбоотой төслийг УИХ-д өргөн барина
Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа эзэмшсэн, банкны данс нээсэн тохиолдолд тэднийг авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, энэ хэрээр төрд итгэх иргэдийн итгэл буурч байна.
Иймээс Засгийн газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо.
Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан тушаалтанд оффшор бүсэд өөрийн нэр дээр данс эзэмших, мөнгө байршуулах, хуулийн этгээд байгуулах зэргийг хориглох, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг төсөлд тусгасан байна.
Хууль батлагдсанаар төрийн албан тушаалтны ёс зүй, хууль дээдлэх үүрэг, хариуцлага нэмэгдэж, иргэд, бизнесийнхэн төр, төрийн байгууллагад итгэх итгэл нэмэгдэн, авлигын эсрэг хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж Засгийн газар үзлээ.
Манай улсад 110 орны 13140 хамтарсан болон дагнасан хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэний 920 нь буюу долоон хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид юм байна. 1990-2015 оны хооронд Монгол Улсад нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орсны 10.8 тэрбум ам.доллар нь оффшор бүсийн улс орнуудаас хийгджээ.
Ипотекийн зээлд хамрагдах байранд талбайн хэмжээг 100 ам.метр кв болгож нэмлээ
Ипотекийн зээлээр орон сууц худалдан авахыг зохицуулсан Засгийн газрын тогтоолд зарим өөрчлөлт орууллаа. Ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны талбайн дээд хязгаар өмнө нь 80 ам.метр кв байсныг өөрчилж дээд хязгаарыг 100 ам.метр кв, зээлийн хүүг найман хувь байхаар тогтоов.
Түүнчилэн 100 ам.метр кв-аас илүү талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулах боломжтой. Зээлдэгч 100 ам.метр кв-аас илүү талбай бүхий орон сууц худалдан авбал урьдчилгаа 30 хувь дээрээ тогтоосон хязгаараас давсан талбайнхаа төлбөрийг бүрэн төлж ипотекийн зээлд хамрагдах юм.
Жишээлбэл 140 ам.метр кв бүхий орон сууц худалдаж авах бол 100 ам.метр кв талбайн төлбөрөө ипотекийн 8 хувийн зээлд хамруулж, илүү гарсан 40 ам.метр кв талбайн төлбөрөө бүрэн төлнө. Тогтоолд оруулсан энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлэх, шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох сайд нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.
Боловсролын зээлийн сан байгуулна
Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулах, оюутны хөгжлийн зээлийн журмыг хэлэлцлээ.
Уг санг байгуулснаар оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр төлөх боломжтой болж, өрхийн эдийн засагт эерэг дэмжлэг болох юм. Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хэрхэн хамрагдах, авсан зээлээ төгссөнөөсөө хойш тодорхой хугацаанд ямар журмаар хэрхэн буцаан төлөх зэргийг энэ журмаар зохицуулах юм.
Мөн гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгохыг Оюутны хөгжлийн зээлийн журмаар зохицуулахаар төсөлд тусгажээ.
Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч байхыг уриаллаа
Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг Засгийн газраас ард иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, хөрөнгө оруулагч, хувийн хэвшил, үйлдвэрлэгчдэд уриаллаа.
Уриалгад : “Улс орны эдийн засаг хүнд байгаа өнөө цагт Та бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн сонголт хийх нь хүндрэлээс гарч, өсөлтийг дэмжихэд ихээхэн хувь нэмэр болно.
Үндэсний үйлдвэрлэгчид олон жилийн турш хүчин чармайлт гарган ажиллаж, техник, технологио шинэчлэн сайжруулсны дүнд импортыг орлох бүтээгдэхүүний нэр, төрөл нэмэгдэж, чанар нь дээшлэн, дотоод, гадаад зах зээлд өрсөлдөх чадвар, нөөц, боломж бүрдлээ.
Иймд өрх гэрийн болон байгууллагынхаа хэрэгцээнд шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг сонгохдоо Монголдоо үйлдвэрлэснийг худалдан авч, хэрэглэн улс орныхоо эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна” гэжээ.
Засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дараах үүргийг төсвийн ерөнхийлөн захирагч нар өглөө.
-Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор баталсан жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг судлан, санал боловсруулж танилцуулах
-Стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжихийг судалж шийдвэрлэх
-Үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх тохиолдолд сонгон шалгаруулалтад харгалзан үзэх хөнгөлөлтийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт замаар тусгахыг судалж, санал боловсруулан танилцуулах
-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалт хийсэн байгууллагыг урамшуулах, худалдан авахыг дэмжсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байх зэргийг үүрэг болголоо.
Товч мэдээ
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхээр тогтов. 18 жилийн хугацаатай, жилийн 0,0 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөх нөхцөлтэй 40 сая еврогийн зээлийг дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор “Газрын тос боловсруулах үйлдвэр”, “Нүүрснээс нийлэг хий үйлдвэрлэх үйлдвэр барих” төслийн нэгж байгуулахаар боллоо.
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжээд, зохих журмын дагуу хянаж батлахыг холбогдох сайд нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: