ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ
Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх шийдвэрээ тусгай саналын хамт нийтлэхээр заасан нь Үндсэн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргахаар нэмэлт оруулсан ба тусгай саналыг заавал нийтэлэхээр үүрэгжүүлэн заасан нь Үндсэн хуулийн 64-р зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан Цэцийн гишүүний хараат бус байдлын баталгааг алдагдуулсан гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр дөрөвдүгээр тогтоол гаргаж, уг заалтыг хүчингүй болгосон.
Өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн заалт нь дээр дурдсантай агуулгын хувьд ижил бөгөөд хяналтын шатны шүүх хуралданд олонхтой санал нийлээгүй шүүгчийн тусгай саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзлээ.
Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
URL: