“САНДЭЙ ПЛАЗА”-гийн галын шүүх хэргийн мөрөөр…
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Сандэй худалдааны төвийн барилгыг улсын комисс 2009 оны 5 дугаар сард хүлээн авсан. Тус барилга нь 7 давхар төмөр бетон, каркас нь тулгуур баганатай, хөөсөнцөрөөр дулаалсан, барилгын гадна нүүрний фасадыг төмөр хийц бүтэцээр барьсан ба аврах 3 гарцтай аж. Уг худалдааны төвд нийт 800 гаруй түрээслэгчид үйл ажиллагаа явуулдаг байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас хүн ам олноор төвлөрдөг үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулдаг.Уг хяналт шалгалтанд Сандэй худалдааны төв ч бас хамрагдсан ба галын аюулаас хамгаалах шаардлагыг удаа дараа авч байжээ. Тодруулбал: Онцгой байдлын газраас галын аюулгүй байдлаа сайжруулах шаардлагатай хэмээн 2010 оны 3 дугаар сарын 15-нд 73 тоот албан шаардлага, 2010 оны 12 дугаар сарын 18-нд 018 тоот мэдэгдэл, 2011 оны 4 дүгээр сарын 12-нд 46 тоот албан шаардлага, 2011 оны 10 дугаар сарын 14-нд 140 тоот Заавал биелүүлэх албан шаардлага, 2011 оны 7 дугаар сарын 4-нд 83 тоот мэдэгдэл, 2012 оны 2 дугаар сарын 7-нд 10-4/27 тоот мэдэгдэл, 2013 оны 3 дугаар сарын 05-нд 10.4/34 тоот мэдэгдэл, 2013 оны 03 дугаар сарын 29-нд тус худалдааны төвийн барилгын зоорийн давхар болон 1 дүгээр давхарын үйл ажиллагаа зогсоох 10.4/04 тоот тогтоол, 2013 оны 4 дүгээр сарын 09-нд 10.4/13 тоот тус худалдааны төвийн үйл ажиллагаа бүхэлд нь зогсоох тогтоол, 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/75 дугаартай танилцуулга, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10.4/106 дугаартай заавал биелүүлэх албан шаардлага, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6 дугаартай мэдэгдлийг тус тус авч байв.
Тэгвэл тус худалдааны төвд 2015 оны 10 сарын 11-ний шөнийн 01 цаг 45 минутад цахилгаанаас үүдэлтэй гал гарч 112 хүн 1,5 тэрбум төгрөгөөр хохирчээ. Тэр үед сандэй плазагийн хуульч байсан Б.Энхбаяр хохирогчдод энэ галын хэрэг ямар нэгэн гадны нөлөөгүй байх юм бол бүх хариуцлагыг сандэй плаза ХХК хариуцна гэж хэлсэн аж. Харин мөрдөн байцаалтын ажил дуусч гадны нөлөө байхгүй цахилгааны асуудлаас болж шатсан хэмээн дүгнэлт хүртэл гарчихаад байхад хүмүүсийн хохиролыг барагдуулаагүй байна.
“Сандэй плаза”-гийн шүүх хурал дахин хойшлогдлоо
Сандэй плазагийн галын шүүх хурал дөрөв дэхь удаагаа хойшлогдлоо. Ямар шалтгаанаар хойшлогдоод байгааг Баянзүрх дүүргийн шүүх тайлбарлахдаа прокурор ирээгүй, ирц бүрдээгүй, гэрч алга гэсэн шалтгаанаар удаа дараа хойшлуулаад байгаа. Харин дараагийн шүүх хурлын товыг 2016 оны 10сарын 10-нд хэмээн зарласан.
Ингээд Сандэй плазагийн галын улмаас хохирсон зарим худалдаачдын сэтгэгдлийг хүргье.
П.Цолмон: Бид өрөөс өрийн хооронд л амьдарч байна
-Та хэдэн онд “Сандэй плаза”-гийн лангууг түрээслэж суусан бэ?
-Би 2014 оны 7 сараас Сандэй плазагийн В1 давхарын 116-р лангууг түрээслэж суусан.
-Хэдэн төгрөгний бараа бүтээгдэхүүнээрээ хохирсон бэ?
-Бүх бэлэн бараа маань нийлээд 18 сая төгрөг болсон. Миний бүхэл бүтэн хоёр жилийн хөдөлмөр шатчихсан шүү дээ.
-Шүүх хурал гурав дахь удаагаа хойшлолоо. 09 сарын 26-ны өдрийн шүүх хурлын талаар яриач?
- Шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа. Гурван ч удаа хурал болно гэж зарласан боловч прукрор ирээгүй, ирц нь хүрэхгүй, гэрч байхгүй гэдэг шалтгаанаар хойшлогдсон. Бид 10 хүн дундаа нэг өмгөөлөгч авсан. Тэд маань л бидний өмнөөс гүйж байна даа.
-Гал гарч шатсанаас хойш бараг жил болох гэж байна, сандэй плазагийн захиргаа хохирсон түрээслэгч нартайгаа уулзсан уу? Ямар нэгэн тайлбар ер нь хийсэн үү?
- Шатсаны дараахан 132 хүн хохирсон гэхэд сандэй плазагийн захирал Энхбаяр гэх хүн хохирогчдоос 4 хүнтэй л уулзсан. Өдийг хүртэл хариу хэлэхгүй байгаад гомдолтой байна.
-Шатсанаас хойш хоёр сар хэртэй болж байж хэвийн үйл ажиллагаанд орсон, хуучин бараанууд мэдээж бүгд хэрэгцээгүй болж утаа тортогондоо баригдчихсан байж таараа, та дахин ямар мөнгөөр лангуугаа түрээслэсэн бэ?
-Анх би банкнаас зээл авч лангуу түрээслэж байлаа. Гэвч шатсаны улмаас 18 сая төгрөг үнсэн товрог болж би ч өрөнд орсон. Тэр мөнгөө дарахын тулд дахиад хөл дээрээ босох ёстой. Зүгээр суувал хэн ч надад мөнгө өгөхгүй. Тиймээс дахиад хүн амьтнаас мөнгө зээлж лангуугаа түрээслэсэн. Ер нь давхар давхар зээлтэй л амьдарч байна даа.
Н.Мөнгөнцэцэг: Гадны нөлөөгүй бол “Сандэй плаза ХХК” бүх хариуцлагыг хүлээнэ гэж хэлсэн
- Та лангуугаа худалдаж авсан уу? Зарим худалдаачид түрээслэдэг гэсэн? Энэ ямар учиртай юм бэ?
-Би 2011 оны 11 сард анх В1 давхарын хоёр лангууг ажиллуулсан. Ер нь Сандэй плазагийн 800 гаруй лангуу хувийн өмчийнх болчихсон. Сандэй группийн захирал Бат-Өлзийгийн охин Сэлэнгэ биднийг хариуцаж ажиллаж байгаад 2014 онд хуулийн зөвлөх Б.Энхбаяр гэдэг хүнд шилжүүлэн өгч нэрийг нь “Сандэй плаза ХХК” болгож байсан. Тэр үед 7-1 давхар хүртэлх цахилгааны мантаажийг солисон боловч В1 давхар үлдсэн юм. Гал гарсан шалтгаан бол цахилгаанаас үүдэлтэй гэж шинжээчид үзсэн. Ер нь гал гарахаас хоёр гурав хоногийн өмнө тог маш удаан тасарч паскатель дийлэхгүй байсан. Гал гарснаас хойш Б.Энхбаяр хохирогчдоос төлөөлөн болгон цөөхөн хүнтэй уулзсан. Тэр хэлэхдээ одоо шинжээчид шалгаж байгаа хэрвээ гадны нөлөөгүй бол САНДЭЙ ХХК бүх хохиролыг барагдуулна хэмээсэн. Гэвч одоо дүгнэлт гарчихаад байхад шийдвэрлэж өгөхгүй биднийг хүнд байдалд оруулж байна.
-Хэдэн төгрөгийн хохиролтой байгаа вэ?
-Би 12 сая төгрөгөөр хохирсон. Гэхдээ шударга үнэлүүлж 20 хувийн хасуулаад 10 сая төгрөг болсон. Энэ бол бага мөнгө биш. Бид бүгд арилжаа наймаа хийж амьдралаа авч явахын тулд зээл авч эхлүүлсэн. Би Капитал, Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч байсан. Түүнийгээ барагдуулж дуусаагүй байхад 10 сая төгрөгөөрөө хохирсон. Сүүлд бүр худалдаагаа явуулах гэж хүнээс өдрийн зээл хүүтэй авч байсан.
-Тухайн үед 112 хүн хохирсон байсан. Тэгээд яагаад тэр дор нь шийдвэрлүүлээд хохиролоо барагдуулаагүй юм бэ? Миний мэдэхээр хоёр сарын дараа үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн?
-“Сандэй ХХК”-ийн худалдаачид буюу 800 лангууны 1000 гаран наймаачид эд хөрөнгө болоод сэтгэл санаагаараа хохирсон. Тухайн үед 1,5 тэрбум төгрөгийн хохирол байна гэсэн. В1 давхар бол тэр аяараа шатсан. Энэхүү давхарт хүнс, хувцас, гэр ахуй гээд төрөл бүрийн хэрэгцээт барааг зардаг байсан. Тэр үед шүүхээр явахад эхлээд мөрдөн байцаалт явуулж хэргийн үнэн мөнийг тогтоох хэрэгтэй хэмээсэн. Яагаад үйл ажиллагаагаа явуулсан бэ гэхээр манай хохирогчдоос зарим нь өдрийн хоолны мөнгөгүй боллоо. Бизнесээ явуулмаар байна шүүх хуралыг харвал бид хоосон хонох юм байна, тиймээс даруй гарын үсэг зурж буцааж үйл ажиллагаа явуулья гэсэн. Тэгээд тухайн үед бүгд гарын үсэг зурж үүд хаалга нээсэн. Одоогоор шүүхээр явж байгаа 50-аад хохирогч байна.
Уянга: Алтанцэцэг прокурор эмэгтэйчүүдийнхээ зовлонг ойлгоно гэж найдаж байна
-Та хэдэн төгрөгөөр хохирсон бэ?
-20 гаран сая төгрөгөөр хохирсон. Улсын үнэлгээгээр ороод 19 сая төгрөг гэж тогтоосон.
-Та дахин бизнесээ яаж явуулж байна вэ?
-Би өдрийн зээл авч байна. Өдөрт хүнээс 120000төгрөг зээлээд буцааж түүнийгээ хоолгүй хонох шахам байж төлж байна. Хамаг байдаг зүйлээ зээлд барьцаалж амьдралаа залгуулж байгаа ч шүүх үнэн мөнийг тогтоож өгнө гэж найдаж байна.
-Шүүх хурлын явцын талаар та ямар бодолтой байна вэ?
-Гурав дөрвөн удаа хойшлогдлоо. Одоо 10 сарын 10-нд прукрор, гэрч гээд бүгд ирээд шүүх хурлаа хийгээсэй л хэмээн хүсч байна. Баянзүрх дүүргийн шүүхийн прокурор өөрчлөгдөн эмэгтэй хүн болж байгаад маш их баяртай байгаа. Эмэгтэй хүн бидний зовлонг ойлгоод хурдан шийдвэрлэж өгөх байхаа.
-Хэрвээ 10 сарын 10-ны шүүх хурал дахин хойшлогдвол яах вэ?
- 10 сарын 10-нд ямар ч байсан Баянзүрх дүүргийн шүүх ирцээ бүрэн байлгаж шүүх ажиллагааг явуулна гэсэн. Тиймээс итгээд л байж байна. Ер нь бид их тэвчээртэй хандаж байгаа. Хэрвээ шүүх хурал болохгүй бол бид тэмцлийн хэлбэрийг сонгоно гэж бодож байна.
Сурвалжилсан: Ц.Соёл-Эрдэнэ
Fact.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БОЛЬЁ ОО